Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ОХУ, Иран, БНАСАУ-ын эсрэг хоригийн тухай хуулийн төслийг АНУ-ын Сенатчид дэмжиж байна

  М.Даваадулам 2017-07-27 1892

АНУ-ын Конгрессын доод танхим буюу Төлөөлөгчдийн танхим ОХУ, Иран болон БНАСАУ-ын эсрэг хориг бүхий хуулийн төслийг дэмжин баталсан. Одоо дээд танхим Сенат хэлэлцэнэ. Сенатчид хуулийн төслийг дэмжиж байгаа, энэ долоо хоногтоо багтаан батлах хүлээлттэй байгаа талаар Reuters агентлаг мэдээллээ.

АНУ-ын Сенатын Гадаад хэрэг эрхэлсэн хорооны дарга Боб Коркерын мэдэгдсэнээр, холбогдох хуулийн төсөл дээр Сенатчид санал нэгджээ. Тиймээс батлах шатны ажилдаа удахгүй шилжих гэнэ.

Төлөөлөгчдийн танхим ОХУ-ын эсрэг хоригийг чангатгах тухай хуулийн төслийг мягмар гарагт дэмжин баталсан. 419 гишүүн хуулийн төслийг дэмжиж, 3 гишүүн эсрэг санал өгсөн бол 12 гишүүн санал өгөхөөс татгалсан байна. Одоо хуулийн төслийг Парламентын дээд танхим болох Сенат хэлэлцэж, баталсан тохиолдолд Ерөнхийлөгч Доналд Трамп танилцан үзэглэх эсэхээ шийдвэрлэнэ.

Иран болон БНАСАУ-ын эсрэг хоригоо чангатгах асуудлыг Төлөөлөгчдийн танхим тусад нь боловсруулж байсан ч, хожим ОХУ-ын эсрэг хоригтой нэгтгэж, нэг хуулийн төсөлд багтаажээ.

Төлөөлөгчдийн танхим хуулийн төслийг дэмжин баталсан явдлыг “Трамп Ерөнхийлөгчид алганы амт үзүүллээ” гэж CNN телевиз дүгнэлээ. Тус телевизийн тоймч Ребекка Берг тэмдэглэхдээ Конгресс болон Ерөнхийлөгч Трампын хоорондын харилцаа тийм ч таатай биш байгаа гээд, энэ удаагийн санал хураалт маргаангүйгээр Трамп Ерөнхийлөгчийг бухимдуулна гэжээ. Харин хуулийн төсөлд хориг тавих эрхээ ноён Ерөнхийлөгч эдэлвэл нударга зөрүүлж ч магадгүй гэж таамаглаж байна.

Төлөөлөгчдийн танхимын баталсан хуулийн төсөлд АНУ-ын Ерөнхийлөгч холбогдох хориг арга хэмжээг цуцлах эрхгүй гэж заажээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө