Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

АНУ-ын Парламентын доод танхим ОХУ-ын эсрэг хоригийг чангатгахыг дэмжив

  М.Даваадулам 2017-07-26 2618

Вашингтон Москвагийн эсрэг хоригоо чангатгахад нэг алхам ойртлоо. Төлөөлөгчдийн танхим буюу Парламентын доод танхим ОХУ-ын эсрэг хоригийг чангатгах тухай хуулийн төслийг дэмжин баталжээ. 419 гишүүн хуулийн төслийг дэмжиж, 3 гишүүн эсрэг санал өгсөн бол 12 гишүүн санал өгөхөөс татгалсан байна. Тус хуулийн төсөлд ОХУ-аас гадна Иран, БНАСАУ-ын эсрэг хоригийг чангатгах тухай тусгажээ. Одоо хуулийн төслийг Парламентын дээд танхим болох Сенат хэлэлцэж, баталсан тохиолдолд Ерөнхийлөгч Доналд Трамп танилцан үзэглэх эсэхээ шийдвэрлэнэ.

Конгрессын дээд танхим болох Сенат ч мөн холбогдох хуулийн төслийг дэмжин батлах хүлээлттэй байна. Учир нь хуулийн төслийг сөрөг хүчний Ардчилсан  нам, төрийн эрхийг баригч Бүгд Найрамдах нам аль аль нь дэмжиж байгаа юм. Мөн Ерөнхийлөгч Доналд Трамп ч хуулийн төслийг үзэглэхэд бэлэн гэх мессежийг сүүлийн өдрүүдэд Цагаан ордон илгээгээд байна.

Иран болон БНАСАУ-ын эсрэг хоригоо чангатгах асуудлыг Төлөөлөгчдийн танхим тусад нь боловсруулж байсан ч, хожим ОХУ-ын эсрэг хоригтой нэгтгэж, нэг хуулийн төсөлд багтаажээ.


Трамп Ерөнхийлөгчид “алганы амт үзүүлэв”

Төлөөлөгчдийн танхим хуулийн төслийг дэмжин баталсан явдлыг “Трамп Ерөнхийлөгчид алганы амт үзүүллээ” гэж CNN телевиз дүгнэлээ. Тус телевизийн тоймч Ребекка Берг тэмдэглэхдээ Конгресс болон Ерөнхийлөгч Трампын хоорондын харилцаа тийм ч таатай биш байгаа гээд, энэ удаагийн санал хураалт маргаангүйгээр Трамп Ерөнхийлөгчийг бухимдуулна гэжээ. Харин хуулийн төсөлд хориг тавих эрхээ ноён Ерөнхийлөгч эдэлвэл нударга зөрүүлж ч магадгүй гэж таамаглаж байна.

Төлөөлөгчдийн танхимын баталсан хуулийн төсөлд АНУ-ын Ерөнхийлөгч холбогдох хориг арга хэмжээг цуцлах эрхгүй гэж заажээ.


Оросын эсрэг хориг ...

АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Барак Обамагийн ОХУ-ын эсрэг хориг тогтоох тухай гаргасан зарлигуудыг нэгтгэн, хуулийн төсөл боловсруулжээ.  Хуулийн төсөлд хэд хэдэн хязгаарлалт тусгасан байна. Хар жагсаалтад багтсан банкуудын зах зээлийн санхүүжилтийн дээд хугацааг 14  хоног болгон танах, байгалийн хийн болон газрын тосны компаниудынхыг – 30 хоног болгон танах зэрэг зүйл заалт багтжээ.

АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Барак Обамагийн 2014 оны 3-р сарын 6, 12-р сарын 18, 2015 оны 4-р сарын 1, 2016 оны 7-р сарын 26, 12-р сарын 29-нийн өдрүүдэд гаргасан ОХУ-ын эсрэг хориг тогтоох, хориг чангатгах тухай зарлигуудыг нэгтгэжээ. Эдгээр зарлиг нь АНУ болон ОХУ-ын хамтын ажиллагаа төдийгүй тусгай албадууд, цэрэг батлан хамгаалахын салбар, санхүү эдийн засаг, эрчим хүчний салбарт ихээхэн чөдөр тушаа болсон юм.

Түүнчлэн Оросын экспортын байгалийн болон газрын хийн хоолой барих ажилд жилд 5 сая ам.доллараас илүү, нэг удаад 1 сая ам.доллараас илүү хөрөнгө оруулж байгаа компаниудын эсрэг арга хэмжээ авах эрхийг АНУ-ын Ерөнхийлөгчид олгосон байна. Хөрөнгө оруулахаас гадна аливаа үйлчилгээ үзүүлж, мэдээ мэдээллээр хангасан компани, аж ахуйн нэгжтэй ч хариуцлага тооцох эрх Цагаан ордны тэргүүнд байхаар заажээ.

ОХУ-ын Засгийн газрын ашиг сонирхлын үүднээс кибер халдлага үйлдсэн тохиолдолд шинэ хориг арга хэмжээ авах нь ээ.

Тэгвэл шинэ хуулийн төсөлд сансар огторгуйг эзэмших салбарт, тодруулбал Оросын талааас Америкийн сансар судлалын агентлагийн /NASA/ худалдан авч байгаа тоног төхөөрөмжид тогтоосон хоригийг цуцалсан байна.

Мөн АНУ “Хойд урсгал – 2” гэх байгалийн хийн хоолой барих ажилд саад хийнэ гэж заасан байна. Мэдээж энэ заалт Европ даяар хүчтэй эсэргүүцэлтэй тулаад байна.

Учир нь энэ төсөлд Европын Холбооны эрчим хүчний аюулгүй байдал, Төв болон Зүүн Европын байгалийн хийн зах зээлийн хөгжил, Украин дахь эрчим хүчний өөрчлөн шинэтгэл зэрэг онц ноцтой хохирол учруулж байна гэж Вашингтон үзэж байна. Харин ч АНУ дотоодын эрчим хүчний нөөц бололцоогоо Европт экспортлохыг гол зорилтынхоо нэг болгоно гэж хуулийн төсөлд заажээ. Ингэснээр шинэ ажлын байр бий болгоно, нөгөө талаас “холбоотнууд”-даа тусална гэж тайлбарлаж байна.


Цагаан ордны бүрэн эрхэнд халдав

Шинэ хуулийн төсөл нь Цагаан ордны бүрэн эрхэнд халдаж, Ерөнхийлөгчийн гар, хөлийг “тушиж” байна гэж шинжээчид харж байна. Учир нь АНУ-ын Ерөнхийлөгч үйлчилж байгаа аливаа хориг, хязгаарлалтыг зөөлрүүлж, мөн цуцлах бүрэн эрхтэй. Гэвч энэ хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн энэ эрхийг хязгаарлажээ. Зөвхөн Конгрессын зөвшөөрөлтэйгээр хоригийг өөрчилж болно гэж заасан байна.

Тодруулбал, Ерөнхийлөгч Оросын эсрэг бодлогодоо өөрчлөлт оруулах тохиолдолд бичгээр хууль тогтоох байгууллагад эхлээд мэдэгдэнэ. Дараа нь Конгресс 30-60 хоногийн дотор хэлэлцээд, хариу өгнө. Ингэхдээ Ерөнхийлөгчийн санаачилгыг хүлээн авч Москвагийн эсрэг хоригоо зөөлрүүлэх эсэх тухай тогтоомж батлах юм байна.

Харин одоо даган мөрдөгдөж байгаа хоригийг бүрэн цуцлахын тулд тусдаа хууль батлах хэрэгтэй гэнэ. Мэдээж ингэх нь ихээхэн цаг хугацаа, хүчин чармайлт шаардах нь ойлгомжтой.


Хүйтэн дайнаас хойш

Вашингтон хүйтэн дайнаас хойш Орос орны цэрэг, эдийн засгийн нөөц бололцоог сулруулах зорилгоор хориг тогтоосоор ирсэн гэж хойд хөршийн хэвлэлүүд мэдээлж байна.

ТАСС агентлагийн дамжуулснаар, 1948 онд АНУ-ын Худалдааны яам ЗХУ-д стратегийн материал, тоног төхөөрөмж болон зэвсэглэл нийлүүлэхийг хоригложээ.

1962 онд АНУ-ын дарамт шахалт доор НАТО-гийн гишүүн орнууд дотоодын аж үйлдвэрлэлийн компаниуддаа хандан ЗХУ-аас Зүүн Европ руу татаж байсан “Дружба” буюу “Найрамдал” нэртэй газрын тосны хоолойд зориулсан том диаметртай хоолой нийлүүлэхийг хориглож байжээ. Ингэснээр хоолойг ашиглалтад оруулах тов хойшилсон байна.

1974 онд АНУ Жексон-Вэникийн нэмэлт өөрчлөлт баталжээ. Ингэснээр ЗХУ-аас ирэх цагаачдын урсгалаас хамааран худалдааны харилцаагаа сэргээх асуудлыг шийдвэрлэх болсон байна.

ЗХУ цэргүүдээ Афганистанд оруулсны дараа Жимми Картер Ерөнхийлөгчийн захиргаа 1980 онд Москвагийн олимпийг бойкотолж, үр тариа зэрэг чухал хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүн нийлүүлэхээ зогсоожээ.

1981 онд Роналд Рейган Ерөнхийлөгч ЗХУ-д цахилгаан болон байгалийн хийн, газрын тосны тоног төхөөрөмж нийлүүлэхийг Америкийн компаниудад хориглосон байна. Мөн агаарын тээврийн “Аэрофлот” компанийн эсрэг зарим хориг тогтоожээ.

ЗХУ тарж бутарсан ч, Америкийн хоригууд хэвээр үлджээ. Гэсэн ч 1990-ээд оноос АНУ дахин Оросын эсрэг шинэ хориг тогтоож эхэлсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн үед л гэхэд 2012 онд “Магнитскийн тухай хууль” баталж, хүний эрх ноцтой зөрчиж, шүүх хяналтын байгууллагын хараа хяналтаас гадна бусдыг дарамталж, эрүүдэн шүүсэн хэрэгт буруутгагдсан ОХУ-ын иргэдийг хар жагсаалтад багтаах болжээ.

2014 онд Украины хямрал болон Крымыг ОХУ-д нэгтгэсэнтэй холбогдуулан Оросын нөлөө бүхий улстөрч, бизнес эрхлэгч, төрийн алба хаагчдын эсрэг Вашингтон хориг тавьжээ. Хар жагсаалтыг удаа дараа нэмэгдүүлсэн юм.

2016 онд Обамагийн захиргаа ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд хөндлөнгөөс нөлөөлж, хакерын халдлага үйлдсэнд буруутгаж, дахин хориг тогтоосон. Энэ удаад ОХУ-ын Холбооны аюулгүйн алба, Зэвсэгт хүчний Ерөнхий штаб зэргийг ч хамарсан. Мөн Нью-Йорк болон Мэрилэнд дахь ОХУ-ын дипломат төлөөлөгчдийн зуслангуудыг хаажээ.

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим холбогдох хуулийн төсөл дэмжин баталсан явдалд харамсаж байгаагаа ОХУ илэрхийлсэн. Мөн хуулийн төслийг Цагаан ордны тэргүүний эсрэг “урхи” гэж нэрлэжээ. Түүнчлэн АНУ-ын шинэ хориг арга хэмжээ Европын Холбооны зүгээс ч дэмжлэг авсангүй. Вашингтоны нэг талт түрэмгий алхмыг Брюссель шүүмжилж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө