Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Шинзо Абэ яагаад хэнд ч таалагдахгүй байна вэ?

  М.Даваадулам 2017-07-25 1743

Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн нэр хүнд унаж байна. Түүнийг Наран улсын лидер байж чадахгүй гэж үзэх иргэдийн тоо өсчээ. Хамгийн сүүлд явуулсан санал асуулгаар Япон улсын Ерөнхий сайдын нэр хүнд 30% хүртэл буурсан байна. Энэ нь түүнийг тойрсон албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгтэй холбоотой. Тэгвэл ноён Шинзо Абэ өчигдөр Парламентынхаа доод танхимын асуулгад хариуллаа. Өөрийнх нь эсрэг хэргийг үгүйсгэжээ.

Ерөнхий сайд Абэг дотны найздаа хувийн мал эмнэлгийн сургууль байгуулахад туслалцаа үзүүлсэн гэж хардаж байна. Абэ болон Какэ нар эртний найз нөхөд, тиймээс Абэ өөрийн найзаа их сургуулийн захирлаар томилсон гэж Либерал Ардчилсан намын гишүүн Ицунори Онодэра үзэж байна.

Абэгийн эсрэг үүсгэсэн хэргийг Боловсролын яамны экс ажилтны мэдүүлэг дээр үндэслэсэн байна. Ерөнхий сайдын туслахууд дарамт шахалт үзүүлсэн гэжээ.

Ийм төрлийн зөвшөөрөл олгох нь эрх баригчдын бодлого чиглэлд харшилж байгаа юм. Учир нь ийм төрлийн сургууль хэрэггүй гэж эрх баригчид үздэг. Тиймдээ ч сүүлийн 50 жилд ийм төрлийн сургууль нээх нэг ч зөвшөөрөл олгоогүй байдаг.

Ерөнхий сайд Шинзо Абэ даваа гарагт Парламентын доод танхимын асуулгад хариулсан. Найз Какэ нь хэзээ ч өөрт нь хандаж, албан тушаал гуйх болон өөр бусад хүсэлт тавьж байгаагүй, өөрөө ч мөн ямар нэгэн зорилгоор албан тушаалаа урвуулан ашиглаж байгаагүй гэж Шинзо Абэ Парламентын доод танхимын гишүүдийн өмнө хэлжээ.

Хэдий Ерөнхий сайд өөрийгөө гэм буруугүй гэж мэдүүлж байгаа ч, түүний эсрэг үүсгэж буй удаа дараагийн хэрэг нь ирээдүйн улс төрийн үйл хэрэгт нь чөдөр тушаа болно гэж шинжээчид харж байна. Туршлагатай улс төрчийн хувьд энэ нь түүний эсрэг үүсгэж буй анхны асуудал биш.

Шинзо Абэ 2006-2007 онуудад, мөн 2012 оноос хойш Япон улсын Засгийн газрыг тэргүүлж байгаа. 2018 онд улиран сонгогдож магадгүй гэх хүлээлт үүсээд байсан. Ингэснээр дайны дараах Япон улсад засгийн эрхийг удаан хугацаанд тэргүүлсэн Ерөнхий сайд болох байсан юм. Шинзо Абэ 2012 онд Ерөнхий сайдаар сонгогдохдоо улс орныхоо эдийн засгийг зогсонги байдлаас гаргахаа амлажээ.


Шинзо Абэгийн хувьд энэ удаагийнх түүний эсрэг үүсгэсэн анхны хэрэг биш. Энэ хавар мөн л нэгэн хувийн дунд сургууль зах зээлийнхээс хямд үнээр газар худалдан авсан мэдээлэл цацагдсан. Сургуулийн удирдах зөвлөлд Шинзо Абэгийн эхнэр байдаг гэх мэдээлэл цацагдаж, багагүй шуугиан дэгдээсэн юм.

Хямд үнээр газар худалдан авсанд буруутгагдсан дунд сургуулийг хичээлийн хөтөлбөр нь хэт оронч үзэл шингээсэнд өмнө нь шүүмжилж байжээ. Япон улс дайны дараа национализмаас татгалзсан учир, ийм төрлийн хичээлийн хөтөлбөр нь хориотой байна. Энэ хэргийн дагуу хатагтай Абэ тайлбар хийж, нөхрийнхөө өмнөөс сургуульд их хэмжээний хандив өгсөн гэжээ. Мэдээж хэрэг намжсан ч, иргэдийн дунд Ерөнхий сайдын нэр хүнд унасан байна.


Ерөнхий сайдын зарим санаачилга нийгэмд багагүй бухимдал ч төрүүлээд байна. 2015 онд Япон улсын Засгийн газар цэрэг, батлан хамгаалах салбарын хууль тогтоомжиндоо өөрчлөлт оруулсан. Ингэснээр Абэгийн нэр хүнд 37% болтлоо буурчээ.

Тодруулбал, Япон улс гуравдагч оронд цэргийн ажиллагаанд оролцуулахаар зэвсэгт хүчний алба хаагчдаа илгээхийг дэмжсэн. Ингэснээр дэлхийн 2-р дайнаас хойш Японы цэргүүд хилийн чанадад албан үүрэг гүйцэтгэж, шаардлагатай тохиолдолд гал нээх эрхтэй болсон. Энэ нь Япон улсын Үндсэн хуулинд ноцтой харшилсан ч, Парламент дэмжин баталсан.

Япон улсын Үндсэн хуулинд өөрийн цэрэг арми байгуулахыг хориглосон байдаг. Дотоодын хамгаалах хүчин нь цэргийн бус иргэний байгууллага гэж заажээ. Тиймээс Абэ 2020 онд Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж, цэрэг армийн асуудлыг хуульчлах шийдвэр танилцуулж, нийгмийн зүгээс багагүй эсэргүүцэл, шүүмжлэл дагуулсан юм.

Мөн сөрөг хүчний эсэргүүцлийг үл харгалзан Япон улс энэ онд терроризмын эсрэг хууль баталсан. Хууль хэрэгжсэнээр иргэн хүний эрх, эрх чөлөөг хязгаарлана гэж сөрөг хүчин болгоомжилсон юм.

Батлан хамгаалахын сайд Томоми Инадаг тойрсон асуудал “дайран дээр давс нэмсэн” гэлтэй. Японы цэргүүдийн оролцсон Өмнөд Судан дахь энхийг сахиулах ажиллагааны талаар эх баригчид ард иргэдээс мэдээлэл нуусан гэх хэрэг дэгдэж, эрх баригчид ард иргэдээсээ мэдээлэл нуудаг, үйл ажиллагаа нь нээлттэй ил тод биш гэх шүүмжлэл дагуулжээ. Хэргийн дагуу Засгийн газар ч, Ерөнхий сайд ч тайлбар хийхдээ аливаа мэдээллийг нууж хаагаагүй гэсэн.


Шинзо Абэг намынхаа нэр хүндийг унагаж байгаад ч буруутгах хүн цөөнгүй байна. Саяхан явагдсан орон нутгийн сонгуулийн дүнгээр нийслэл Токио болон Сэндай хотуудад түүний нам ялагдал хүлээсэн юм. Нам нь ялагдсан хариуцлагыг Ерөнхий сайдад тохож байна.

“Их зангаа татахгүй бол Засгийн газар ард иргэдийн итгэлийг дахин олж авч чадахгүй” гэж Японы “Ёимури шимбун” сонин энэ сарын эхээр нийтэлсэн.

Абэгийн гурав дахь бүрэн эрхийн хугацаанд сонгогдох боломж хумигдаж байна гэх мэдээлэл ч Японы хэвлэлүүдээр хөвөрч эхэлжээ.

Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн эсрэг дарамт шахалтын дүнд өөрийн Засгийн газартаа энэ зундаа багтаан халаа сэлгээ хийхээр төлөвлөсөн байна. Ингэхдээ томилгоо бүрийг сайтар судлахаа амлажээ.

Эх сурвалж: BBC

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө