Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Иордан дахь Израилийн Элчин сайдын яам руу халджээ

  М.Даваадулам 2017-07-24 1950

Иордан улс дахь Израилийн Элчин сайдын яаманд халдсан хэрэг гарлаа. 17 настай Иордан хүү хутга барин дайрч, Элчин сайдын яамны ажилтныг шархдуулжээ. Хүүг хамгаалалтын албаныхан хэргийн газарт устгасан мэдээллийн Иорданы “Аль Гадд” сонин дамжууллаа. Халдлагын үеэр Иорданийн эмч амиа алдсан мэдээллийг France Press агентлаг өгч байна. Мөн Израиль болон Иорданы тус тус нэг иргэн шархадсан, тэдгээр нь тавилгын үйлдвэрт ажилладаг мэдээллийг BBC агентлаг өгөөд байгаа юм.

Амман дахь Израилийн Элчин сайдын яам нь орон сууцны хороололд байрладаг. Халдлагын дараа хууль хяналтын байгууллагынхан элчингийн барилга болон ойролцоох дүүргүүдийг бүсэлж, доторх хүмүүсийг аюулгүйн үүднээс гаргажээ. Одоогоор хэргийн талаар Израилийн эрх баригчид албан ёсны тайлбар хийгээгүй байна. Мөн хэвлэлээр халдлагатай холбоотой мэдээлэл дамжуулахад ч зарим хориг тогтоожээ.

Израиль болон Иордан улс 1994 онд энхийн гэрээ байгуулсан.

Өнгөрсөн долоо хоногт Зүүн Иерусалим дахь Сүмийн уулыг тойруулан Израиль улс аюулгүй байдал чангатгасан. Ингэснээр хоёр улсын харилцаа хурцдаад байна.

Сүмийн уулыг тойруулан металл хайгч байрлуулах Израилийн эрх баригчдын шийдвэрийг эсэргүүцсэн олныг хамарсан жагсаал өнгөрсөн баасан гарагт Иорданы нийслэл Амман хотод болсон. Жагсаалд олон мянган хүн нэгдсэн мэдээллийг хэвлэлүүд өгсөн.

Иордан нь Иерусалим дахь исламын ариун догшин газруудын албан ёсны хамгаалагч. Сүмийн ууланд Аль-Акса болон Омар сүм байрладаг. Тэдгээр нь лалын шашинтнуудын ариун газруудын нэг юм.

Израилийн эрх баригчид энэ сарын 14-ний өдөр сүсэгтэн олныг эдгээр сүм хийдэд очихыг хязгаарласан. Удалгүй сүмээс зэвсэглэсэн араб гаралтай Израилийн хоёр иргэн гарч ирж, Израилийн цагдаагийн хоёр алба хаагчийг буудан хороожээ.

Палестин улс энэ асуудлаар байр сууриа илэрхийлж, Сүмийн уулыг тойрон байгуулсан металл хайгчийг буулган хураахыг шаардсан юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө