Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Оросууд “чөлөөт” интернэтийн төлөө жагслаа

  М.Даваадулам 2017-07-24 2021

Оросууд цахим сүлжээнд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийнхээ төлөө жагслаа. Интернэт орчинд төр засгаас хараа хяналт тавьж, сошиал сүлжээнд лайк дарж, репост хийсний төлөө эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа явдлыг эсэргүүцсэн иргэд нийслэл Москва хотод өчигдөр жагсаал хийжээ. Жагсаалд 800 гаруй хүн оролцсон мэдээллийг цагдаагийн газраас өгч байгаа бол жагсаалыг зохион байгуулагчид 3,000-4,000 хүн нэгдсэн гэж мэдээлж байна.

Интернэт дахь эрх чөлөөний төлөөх жагсаал зохион байгуулах хүсэлтийг Москва хотын эрх баригчид хоёронтаа буцаасан байна. 7-р сарын 9-нд зохион байгуулах хүсэлтийг Холбооны цомын тэмцээний үеэрх аюулгүй байдалтай холбон буцаасан бол, 7-р сарын 16-нд зохион байгуулах хүсэлтийг “Миний гудамж” хөтөлбөрийн хүрээн дэх засварын ажилтай холбогдуулан буцаажээ.

Жагсагчид “Мессенжерийн тухай хууль”, нэрээ нууцалсан хэрэглэгчид болон VPN үйлчилгээг хориглосон шийдвэр, сошиал орчин дахь хараа хяналтыг эсэргүүцжээ. Мөн сошиал орчинд лайк дарж, репост хийснийхээ төлөө хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа иргэдийг суллахыг, цаашлаад ОХУ-ын Хяналтын Ерөнхий газрын дарга Александр Жаровыг огцрохыг шаардсан байна.

Жагсагчид “Цензур болон диктатурыг эсэргүүцэж байна”, “Үг хэлэх эрх чөлөө хаана ч, хэзээ ч оршин тогтнох ёстой”, “Үнэн үг хяналтаас илүү”, “Хориглохыг хориглож байна”, “Интернэтийг хориглосноос Төрийн Думыг тараасан нь дээр”, “Путингүй Орос орон, цензургүй интернэт”, “Чөлөөт интернэт – чөлөөт улс” зэрэг уриа лоозон барьжээ. Жагсаал эхлэхээс өмнө хууль хяналтын байгууллагынхан зарим уриа лоозонг нь хураан авсан байна.

Жагсаалыг ПАРНАС, “Ардчилсан сонгууль”, “12-р сарын 5”, “Оросын далайн дээрэмчдийн нам”, “Иргэний санаачилга”, “Эрх чөлөөний нам”, “РосКомСвобода” олон нийтийн байгууллага хамтран зохион байгуулжээ.

ОХУ цахим орчин дахь хяналтаа чангатгаж, энэ асуудалд төр засаг, хууль хяналтын байгууллага ихээхэн анхаарал хандуулах болсон.

Энэ сарын 21-ний өдөр ОХУ-ын Парламентын доод танхим Төрийн Дум гурав дахь удаагийн хэлэлцүүлгээр “Мэдээллийн тухай” хууль болон Захиргааны хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжсэн. Ингэснээр хориотой вэбсайтад хандаж байгаа интернэт сүлжээнд хориг тавихаар болжээ. Энэ хориг бүх л прокси- болон VPN сервер, нэрээ нууцалсан сүлжээ зэрэгт хамаарна.

Түүнчлэн Төрийн Дум мессенжерийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийг дэмжжээ.

Бизнесийн салбарын төлөөлөл болон интернэт орчны шинжээчдийн зүгээс эдгээр хуулийн төсөл болон нэмэлт зүйл заалт ихээхэн эсэргүүцэлтэй тулсан ч, Төрийн Дум удаа дараагийн хэлэлцүүлгийн дүнд дэмжин баталсан юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө