Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Турк улс дахин 15 000 төрийн алба хаагчийг халжээ

  М.Даваадулам 2016-11-22 820

Турк улс төрийн эргэлт хийхийг завдсан хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна. Хэргийг мөрдөх явцад дахин 15 000 төрийн алба хаагчийг халжээ. Ингэснээр төрийн албаны болон цагдаа, хүчний 110 000 алба хаагчийг төрийн эргэлттэй холбоотой хэргээр ажлаас нь чөлөөлөөд байна.

Энэ удаад зэвсэгт хүчний 2 000, цагдаагийн 7 500, төрийн албаны 5 000 гаруй алба хаагчийг ажлаас нь чөлөөлжээ. Хэвлэл мэдээллийн 9 хэрэгслийг хаах шийдвэрийг Туркийн эрх баригчид гаргаад байна. Тэдгээр дунд 7 сонин багтжээ. Мөн 500 гаруй байгууллага, тэр дундаа 18 буяны байгууллагыг ч хаахаар шийдвэрлэжээ.

Энэ оны 7-р сард Турк улсад төрийн эргэлт хийхийг завдсан хэргээр  37 мянган хүнийг баривчилж, 110 мянган хүнийг ажлаас нь чөлөөлжээ. Мөн олон арван хэвлэл мэдээллийн хэрэгсэл, байгууллага үүд хаалгаа бариад байна. Тэдгээрийн дийлэнхийг төрийн эргэлт хийхэд турхирсан гэх АНУ-д амьдарч байгаа Фетхулла Гюлентэй холбоотой байж болзошгүй гэж Туркийн эрх баригчид үзэж байна.

Анкарагийн явуулж байгаа “их цэвэрлэгээ”-г ЕХ буруушааж, хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэж мэдэгдсэн. Энэ нь цаашлаад ЕХ-нд элсэхэд нь чөдөр тушаа болно гэдгийг ч энэ сарын эхээр Брюссель Анкарад дахин анхааруулжээ.

7-р сарын 15-нд Туркийн Зэвсэгт хүчний нөлөө бүхий албан тушаалтнууд нийслэл Анкара болон Стамбул хотод хяналтаа тогтоохыг завдаж, цэргийн нисэх онгоц, нисдэг тэрэг хөөргөж, хотуудад танк, хуягласан техник хэрэгсэл оруулсан юм. Улс оронд төрийн эргэлт хийхийг завдсан оролдлогыг Туркийн эрх баригчид 4-5 цагийн дотор бүрэн дарж, хэргийг мөрдөн шалгах ажил өнөөдөр ч үргэлжилж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө