Буддын шашны тэргүүн 14-р Далай Лам буурал тивд айлчилж байна. Буддын шашны тэргүүн Европын улс төрчдөд хандан, Төвөдийн иргэдийн эрх ашгийг хамгаалахад уриалжээ. ЕХ Хятадын эрх баригчдын Төвөдийн эсрэг явуулж байгаа бодлогыг зэмлэн, шүүмжлэх хэрэгтэй гэдгийг тэмдэглэснийг “Дойче Велле” иш татжээ.
Буддын шашны тэргүүн 14-р Далай лам Европын зөвлөлөөр зочилж, буурал тивийн лидерүүдтэй уулзжээ. Энэ үеэр “Төвөдийн асуудал олон улсын анхаарлын төвд байсаар байна. Олон сая төвөдчүүд байнгын айдас хүйдэс дунд амьдарч байна” гээд, Төвөдийн ард түмнийг Хятадын дарамт шахалтаас хамгаалахыг уриалжээ.
Бээжин – Далай ламыг “Төвөдийн гол салан тусгаарлагч” гэж нэрлэдэг. 2008 оны 3-р сард Төвөд болон Хятадын бусад мужид дэгдсэн эмх замбараагүй байдалд буруутгасан. Төвөдийг 1950 онд цэргийн хүчээр Хятадад нэгтгэжээ. Өнөөдрийг хүртэл Төвөдийн тусгаар тогтнолын асуудал маргаан дагуулсаар байна. 14-р Далай лам Данзанжанц 81 настай, Нобелийн энхтайвны шагналт зүтгэлтэн гэдгийг “Дойче Велле” онцолжээ.