Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ХИЛЛАРИ КЛИНТОНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙДАЛ САЙЖИРЧЭЭ

  Б.Оюун 2016-09-16 500

 АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж байгаа Хиллари Клинтонд эмч нар өнгөрсөн долоо хоногт уушигны үрэвсэл гэсэн онош тавьж, тэрээр Калифорни мужид хийх ёстой байсан сонгуулийн кампанит ажлаа түр завсарлуулсан. Тэгвэл Хиллари хэсэг хугацаанд амарч, хэт ядаргаанаасаа салж, эргээд ажил үүрэгтээ шинэ эрч хүчтэйгээр ороход бэлэн гэнэ.

 Хатагтай Клинтоны биеийн байдал дээрдэж, тэрээр ажил үүргээ үргэлжлүүлэх боломжтой гэдгийг түүнийг эмчлэгч эмч мэдэгджээ. Клинтоны сонгуулийн төв хорооноос эмчийн гаргасан албан ёсны дүгнэлт бүхий мэдэгдлийг тараасан байна. Хиллари Клинтон 9/11-ний халдлагын ойд зориулсан арга хэмжээнд оролцох үеэрээ бие нь муудаж, хэт ачаалалттай ажилласнаасаа болж ядарч сульдан, эмч нар түүнд уушигны үрэвсэл гэсэн онош тавьсан юм. Тэгвэл энэ явдлын дараа хатагтай Клинтон сонгуулийн кампанит ажлаа түр завсарлуулж, эмнэлгийн бүрэн шинжилгээнд хамрагджээ.

Шинжилгээний хариу гарч Хиллари Клинтоныг бие физиологийн хувьд эрүүл, сэтгэлзүйн хувьд ямар ч асуудалгүй сайн байгааг нь эмчлэгч эмч нь баталжээ. Гэхдээ ийнхүү дүгнэлт гаргахдаа хатагтай Клинтоны эмчлэгч эмч нь болох Лиса Бардак түүнд 10 хоногийн курс эмчилгээ хийлгэхийг зөвлөсөн байна. Бардак эмчийн гаргасан дүгнэлтэд сонгуульд нэр дэвшигч Хиллари Клинтоныг эмнэлгийн бүрэн үзлэг шинжилгээнд хамруулахад хөнгөн хэлбэрийн уушигны үрэвсэл илэрсэн ч энэ нь халдваргүй болохыг тогтоосон гэжээ. Эмч өвчтөндөө үрэвсэл даамжрахаас сэргийлсэн урьдчилан сэргийлэх тарилга хийж, маммографи болон хэт авианы оношлогоо хийж, цусны даралт болоод цусан дахь холестерины хэмжээг нь хэмжиж, бүх зүйл хэвийн байгааг тогтоосон байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө