Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

“ИХ 20”-ИЙН ЛИДЕРҮҮД ХАНЖОУГИЙН ТУНХАГ БАТАЛЛАА

  Б.Оюун 2016-09-06 1419

 Урд хөршийн Ханжоу хотод дэлхийн өндөр хөгжилтэй 20 орны лидерүүдийн 11 дэх удаагийн уулзалт амжилттай болж өндөрлөлөө. Уулзалтын дүнд Ханжоугийн тунхаг баталлаа. Терроризмын эсрэг тэмцэл, олон улсын худалдааны тогтолцоо, Хятадын мөнгөн тэмдэгт юанийг Олон улсын валютын сангийн нөөцөд бүртгэх тухай тус тунхагт тусгажээ.  “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтад шинжээчид төдийлөн найдлага тавьж байгаагүй. Гишүүн орнуудын төр засгийн тэргүүнүүд дэлхийн эдийн засгийг сэргээх тодорхой алхамд хүрч чадахгүй гэж үзэж байсан. Гэвч уулзалтаар “Их 20” чамлахааргүй зарим нэг шийдвэрт хүрснийг өнөөдөр олон улсад тэмдэглэж байна. Уншигч танд Ханжоугийн тунхагийн үндсэн заалтуудыг товчоор танилцуулъя.

  1. Терроризмын санхүүжилтийг таслан зогсоох нь:
    • “Их 20”-ийн орнууд терроризмтой тэмцэж, бүх л арга замаар терроризмын санхүүжилтийг таслан зогсоохоор тохиролцлоо.
    • “Их 20” терроризмын бүх л хэлбэрийг тэвчихгүй, зэмлэн бууруутгах болно гэдгээ тус тунхагт тусгажээ.
  2. Олон улсын худалдаа эрхлэх нь:
    • “Их 20”-ийн гишүүн орнууд 2016 оныг дуустал олон улсын худалдааг хялбарчлах гэрээнд нэгдэхээр тохиролцлоо.
    • Хоёр талт болон бүс нутгийн худалдааны гэрээ нь цаашлаад чөлөөт худалдааг нэмэгдүүлж, Дэлхийн худалдааны байгууллагын дүрэмд нийцсэн худалдааны дүрэм батлахад чухал үүрэгтэйг хүлээн зөвшөөрлөө.
  3. Юанийг ОУВС-ийн нөөцийн валютын сагсанд нэмэх нь:
    • “Их 20” ОУВС Зээлжих тусгай эрхийн сагсанд Хятадын мөнгөн тэмдэгт юанийг нэмсэн шийдвэрийг дэмжлээ.
    • ОУВС 2015 оны 11-р сарын 30-нд юанийг нөөцийн валютын сагсанд нэмэх шийдвэр гаргасан юм.
  4. “Тоон” эдийн засаг:
    • “Их 20” тоон эдийн засгийн салбарт хамтын ажиллагааг тэлж, тоон эдийн засгийн нөөц бололцоог тэлэн ашиглахаар зөвшилцлөө.
    • Эдийн засгийн салбарт сүүлийн үеийн дэвшилтэт тоон технологийг үйлдвэрлэлийн гол хүчин зүйл болгон ашиглахыг “тоон эдийн засаг” гэж нэрлэнэ гэж Ханжоугийн баримтад тусгажээ.
    • Орчин үеийн мэдээллийн, тоон технологийг чадварлагаар ашигласнаар, эдийн засгийн тогтолцоог боловсронгуй болгож, үр өгөөжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэдгийг онцолсон байна.
    • “Их 20” түүнчлэн өөрчлөлт шинэчлэл нэн тэргүүнд явуулах 9 чиглэл тодорхойлжээ. Үүнд:
      • Худалдаа, хөрөнгө оруулалтад нээлттэй байх,
      • Хөдөлмөрийн зах зээлийн шинэчлэл явуулах, боловсрол мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх,
      • Өөрчлөн шинэтгэлийг амжилттай ашиглах,
      • Дэд бүтцийг сайжруулах,
      • Эрүүл өрсөлдөөнийг дэмжиж, бизнесийн таатай орчин бүрдүүлэх,
      • Санхүүгийн тогтолцоог боловсронгуй болгож, бэхжүүлэх,
      • Мөнгөний бодлогын өөрчлөн шинэтгэлийг дэмжих,
      • Экологийн тэнцвэртэй байдлыг нэмэгдүүлэх,
      • Эдийн засгийн өсөлтийг дэмжих зэрэг чиглэлийг тодотгожээ.
  5. Лондон – ЕХ-ны түнш:
    • Их Британи улс ЕХ-ны гол ойрын түнш болно гэдэгт “Их 20” найдаж байна.
    • Их Британи улс ЕХ-ноос гарах тухай бүх ард түмний санал асуулгын дүн дэлхийн эдийн засагт тогтворгүй байдал үүсгээд байгаа. Гэсэн ч санал асуулгаас үүдсэн аливаа санхүү, эдийн засгийн боломжит үр дагавараас урьдчилан сэргийлэх бүх л боломжоор хангахаар “Их 20” ажиллаж байгааг тус баримтад тусгажээ.
Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө