Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ТЕРЕЗА МЭЙ БРИТАНИЙН ЕРӨНХИЙ САЙДЫН СУУДЛААСАА БУУЖ БАЙНА

  Б.Оюун 2019-06-07 498

Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй 6-р сарын 7-нд буюу өнөөдөр албан сэнтийгээ орхиж байна. Тереза Мэй Их Британийн Консерватив намын тэргүүний суудлаа орхиж, үүнтэй зэрэгцэн засгийн газрын тэргүүний суудлаасаа ч бууж байгаа юм. Тереза Мэй Их Британи улс ЕХ-ны бүрэлдэхүүнээс гарах тухай Брекситын хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудлаар засгийн газрын түвшинд тодорхой тохиролцоонд хүрч, ЕХ-ноос салан тусгаарлах үйл явцыг хуулийн хугацаанд заасны дагуу хэрэгжүүлж чадаагүй учраас албан сэнтийгээсээ буух болсон юм. Хатагтай Тереза Мэй энэ шалтгаанаар ерөнхий сайдын суудлаасаа огцрох тухайгаа өнгөрсөн сарын 25-нд нулимс дуслуулан мэдэгджээ. Тэгвэл хатагтай Мэйн байр суурийг залгамжлан дараагийн ерөнхий сайд болох өрсөлдөөнд маш олон хүн нэр дэвшин өрсөлдөж байгаа нь санаандгүй гэмээр нөхцөл байдал үүсгээд байна.

 Хатагтай Мэй ерөнхий сайдын суудлаасаа огцорч байгаа нь эрх баригч Консерватив намын шинэ тэргүүнийг сонгох үйл явцыг нээлттэй болгож, энэ хирээр тус намын гишүүдийн дунд намын даргын суудлын төлөөх өрсөлдөөн, цаашлаад Их Британийн дараагийн ерөнхий сайдын суудлыг эзлэх үйл явцыг эхлүүлжээ. Тереза Мэй энэ сарын 7-нд албан сэнтийгээсээ бууж, дараагийн  хүн сонгогдох хүртэл Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэх юм.

Хатагтай Тереза Мэйн хувьд оны өмнө Брюссельтэй зөвшилцсөн 585 хуудас бүхий Брекзитийн гэрээний төслийг Британийн Парламентаар батлуулж чадаагүй, удаа дараа ялагдал хүлээсэн нь түүнийг албан сэнтийгээсээ огцрох шалтгаан болсон юм. Брекситын асуудлаар Тереза Мэй өөрийн танхимын сайд нарын зүгээс ч хүчтэй эсэргүүцэлтэй тулсан. Тереза Мэй олон сарын өмнөөс л ЕХ-ноос Их Британи улс өрх тусгаарласны дараа Ерөнхий сайдын суудлаа орхино гэж мэдэгдэж байсан Тереза Мэй ийнхүү өөрийн зорилгоо биелүүлж чадалгүй суудлаа орхиж байна.

Их Британийн Консерватив нам дараагийн тэргүүнээ 7-р сарын 20 гэхэд сонгосон байх учиртай юм. Намын шинэ тэргүүн Тори-г тэргүүлэхээс гадна улсынхаа засгийн газрыг тэргүүлнэ.

Тэгвэл Их Британийн эрх баригч Консерватив намын даргын суудлын төлөөх өрсөлдөөнд одоогийн байдлаар 11 улс төрч нэр дэвшин өрсөлдөх нь тодорхой болжээ. Тори-гийн гишүүдээс 5 нь албан сэнтийгээсээ бууж байгаа хатагтай Тереза Мэйн засгийн газарт одоо алба хашиж байгаа, мөн 4 нь хашиж байсан гишүүд байгаа юм. Мөн түүнчлэн намын даргын суудалд горилогсдын 8 нь Оксфордын их сургуулийг дүүргэсэн хүмүүс байгаа гэнэ.

Улс төрийн ажиглагчид эдгээр нэр дэвшигчдээс Их Британийн гадаад хэргийн сайдын суудлыг хашиж байсан Борис Жонсоныг дараагийн тэргүүнээр сонгогдох хамгийн их магадлалтай улс төрч гэж тооцож байна. Тэрээр Британийн консерватив нам болоод Британийн сонгогчдын дунд хамгийн их олонд танигдсан, нэр хүндтэй улс төрч юм. Гэхдээ ажиглагчид энэ давуу тал нь Борис Жонсон Их Британийн дараагийн ерөнхий сайд болно гэсэн хэрэг биш гэдгийг сануулж, намын даргын сонгуулийн дүн хаашаа ч эргэж болохыг тэмдэглэж байна.

Их Британийн эрх баригч Консерватив намын хувьд Брекситын асуудал мухардмал байдалд ороод байгаа өнөө цаг үед парламент дахь тори-гийн фракцийг нэгтгэн зангидаж, ЕХ-ноос салан тусгаарлах асуудлаас болж хуваагдаад байгаа гишүүдийн байр суурийг нэгтгэх хүн хэрэгтэй байгаа юм. Тиймээс энэ албан тушаалд бодлогогүй хурц зан үйл, мэдэгдэл, мөн Брекситын бодлогыг хүчтэй шүүмжлэгч Борис Жонсон таарч тохирохгүй байж болохыг ч үгүйсгэхгүй байна. Энэ тохиолдолд Борис Жонсоны араас Их Британийн байгаль орчны сайд Майкл Гоув, гадаад хэргийн сайд Жереми Хант зэрэг дундыг баримтлагч улс төрчдөд улсынхаа дараагийн ерөнхий сайдаар сонгогдох боломж нээлттэй болж магадгүй юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө