Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Boeing компани “737 Мах” загварын онгоцны программ хангамжийг шинэчилж дуусчээ

  М.Даваадулам 2019-05-17 364

Boeing компани “737 Мах” загварын онгоцны программ хангамжийг шинэчилж дуусчээ. Гэхдээ тус загварын онгоцыг нислэгт хөөргөхийг хориглосон заалт одоогоор хэвээр үйлчлэх юм байна. Тус загварын онгоц Индонези болон Этиоп улсад осолдсон. Эдгээр осолтой холбогдуулан Америкийн нисэх онгоц үйлдвэрлэгч Холбооны агаарын тээврийн удирдлагын төвтэй хамтран туршилтын баталгаажуулах нислэг үйлдэж, эцсийн байдлаар магадлан итгэмжлэлийн гэрчилгээ шинээр авах юм байна. Энэ тохиолдолд онгоцыг олон улсад нислэгт ашиглахыг зөвшөөрөх нь ээ.

АНУ-ын Холбооны агаарын тээврийн удирдлагын төв ирэх пүрэв гарагт Техас хотноо Boeing 737 Max загварын нисэх онгоц эзэмшигч улс орнуудын төлөөллийг оролцуулан хурал хийнэ. Тус хурлаар онгоцны программ хангамжийн шинэчлэлийн талаар, мөн эдгээр онгоцны нисгэгчдийг бэлтгэх журамд оруулсан өөрчлөлтийн талаар танилцуулах юм байна.

Онгоцны автомат удирдлагын системийг унтраасан тохиолдолд онгоц өндрөө алдахаас сэргийлэх MCAS системд шинэчлэл хийжээ.

Программ шинэчлэлийн талаарх эцсийн хувилбар мэдээллийг Boeing компани танилцуулсны дараа тус загварын онгоцны нисгэгчдийг бэлтгэх зааварчилгааг боловсруулах юм байна. Зөвхөн үүний дараа Boeing 737 Max загварын онгоцыг нислэгт ашиглахыг хориглосон удирдамжийн хэрэгжилтийг зогсооно гэж АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Үндэсний зөвлөлийн тэргүүн Роберт Самуолт мэдэгдлээ.

Boeing компани программ шинэчлэлээ 7-10 хоногт багтааж гүйцэтгэнэ гэж эх сурвалжууд энэ оны 3-р сард мэдээлж байсан. Энэ мэдээллийг компанийн зүгээс баталсан ч, хугацааны талаар мэдээлэл өгөөгүй. Улмаар иргэний агаарын тээврийн салбарт нэвтрүүлсэн хамгийн сүүлийн үеийн загварын нисэх онгоцны программ хангамжийг шинэчлэхэд хоёр сарын хугацаа зарцууллаа.

Энэ оны 3-р сарын 10-ны өдөр Этиопийн нийслэл Аддис-Абеба хотоос Кенийн нийслэл Найроби хүртэл нислэг үйлдэж байсан Ethiopian Airlines агаарын тээврийн компанийн Boeing 737 Max 8 загварын онгоц хөөрөөд удалгүй осолдсон. Ослоор 35 орны 157 иргэн амиа алдсан.

Үүнээс өмнө 2018 оны 10-р сарын сүүлчээр Индонезийн Lion Air компанийн мөн адил загварын онгоц Жакарта хотын нисэх буудлаас хөөрөөд удалгүй Явагийн тэнгист осолдсон. Тус ослоор 189 хүн амиа алдсан.

Ийнхүү хагас жилийн дотор Boeing 737 Max 8 загварын хоёр онгоц осолдсон хэрэг гарснаар Америкийн нисэх онгоц үйлдвэрлэгч программ хангамждаа шинэчлэл хийхээр шийдвэрлэсэн.

Этиопт болсон ослын дараа дэлхийн улс орнууд Boeing 737 Max загварын онгоц ашиглахаас татгалзаж, мөн өөрийн улсын агаарын орон зайд тус загварын онгоцыг нэвтрүүлэхийг хориглож эхэлсэн. Удалгүй Boeing компани Холбооны агаарын тээврийн удирдлагын төвд хандан тус загварын онгоцны нислэгийг дэлхий даяар зогсоохыг хүссэн.

Boeing 737 Max нь 737 цувралын дөрөв дэх үеийн загварын онгоц. Boeing 737 Next Generation загварын дараагийн үеийн төлөөлөл. Boeing 737 Max нь анхны нислэгээ 2016 оны 1-р сард гүйцэтгэж байжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө