Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Япон улс Ойрхи Дорнодын хямралд санаа зовинож байна

  Б.Оюун 2019-05-17 496

 Японы засгийн газар АНУ болон Иран улсын хоорондын таагүй харилцаа холбооноос шалтгаалан Ойрхи Дорнодын бүс нутаг дахь нөхцөл байдал тогтворгүй болж байгаад санаа зовинож байгаагаа илэрхийлжээ . Энэ талаар Японы засгийн газрын тэргүүн Шинзо Абэ Токио хотноо Иран улсын гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зарифыг хүлээн авч уулзах үеэрээ мэдэгдсэн байна.

Шинзо Абэ энэ талаар мэдэгдэхдээ сүүлийн өдрүүдэд АНУ болон Ираны хоорондын зөрчил газар авч байгаагаас үүдэн Ойрхи Дорнодын бүс нутаг дахь аюулгүй тогтвортой байдалд санаа зовинож байгаагаа илэрхийлжээ.

Абэ энэ талаар мэдэгдэхдээ:

Бид Ойрхи Дорнодын бүс нутгийн нөхцөл байдал сүүлийн үед олон хүчин зүйлээс шалтгаалан хурцдаж байгаад болгоомжтой хандаж байна гэж хэлсэн байна.

Пүрэв гарагт Ираны гадаад хэргийн сайдыг Японы хамтрагч Таро Коно мөн хүлээн авч уулзсан юм. Энэ үеэр талууд АНУ-ын зүгээс Иран улсын эсрэг үзүүлж байгаа дарамт шахалт, хориг арга хэмжээнээс шалтгаалан Вашингтоны араас Тегеран мөн олон улсын цөмийн гэрээнээс хэсэгчлэн татгалзах шийдвэр гаргаж, эндээс улбаалан үүсээд байгаа олон улсын болгоомжлол, Ойрхи Дорнодын бүс нутаг дахь өнөөгийн нөхцөл байдлын талаар санал бодлоо солилцон хэлэлцжээ.

Японы гадаад хэргийн сайд Таро Коно энэ үеэр Иран улс гадны аливаа дарамт шахалтыг үл харгалзан олон улсын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж, Ойрхи Дорнодын бүс нутагт цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх олон улсын гэрээг дагаж мөрдөх нь зүйтэй юм гэжээ.

Тэгвэл Ираны гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф энэ талаар мэдэгдэхдээ

Бид АНУ жилийн өмнө Ираны цөмийн асуудлаарх олон улсын гэрээнээс гарсныг үл харгалзан өнөөдрийг хүртэл энэ талаар хүлээцтэй байр суурь баримталсаар ирсэн. Гэвч Вашингтон манай улсын эсрэг дангаар хориг тавиад зогсолгүй, энэхүү хоригоо бусад улс орнуудад хамааруулан манай орны эдийн засагт ноцтой хор хохирол учруулахыг завдаж байгаа учраас бид энэ бүгдийг гараа хумхин хараад суух аргагүй болсон гэж тайлбарласан байна.

Ираны ерөнхийлөгч Хасан Роухани Олон улсын цөмийн гэрээнээс хэсэгчлэн гарах шийдвэр гаргаж, цөмийн гэрээний хоёр зүйл заалтаас түтгэлзэх болно гэдгээ мэдэгдсэн юм. Энэ дагуух шийдвэрийг Ираны Үндэсний аюулгүй байдлын Дээд зөвлөл дэмжин, Тегераны тал уран баяжуулах үйл явцаа сэргээж, мөн Арак дахь хүнд усны цөмийн реактораа шинэчлэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Ингэхдээ Ираны тал олон улсын цөмийн гэрээнд нэгдэгч бусад таван улс орон гэрээний дагуу өөрсдийн хүлээсэн үүрэг амлалтаа ойрын хоёр сар буюу 60 хоногийн хугацаанд дагаж биелүүлж эхлэхгүй бол Тегераны зүгээс дээрх алхмуудыг авч хэрэгжүүлэн, мөрдөхөөс аргагүй болно гэдгээ мэдэгдсэн юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө