Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Путин, Ким Чен Ун нарын уулзалт ойртсоор

  Б.Оюун 2019-04-24 536

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай нүүр тулсан яриа хэлэлцээр хийхээр бэлтгэж байна. Хоёр улсын удирдагч нарын уулзалт энэ сарын 25-нд буюу маргааш Оросын Алс Дорнодын бүс нутаг дахь Владивосток хотод, бүр тодруулбал Владивосток хотын Русский арал дээр болохоор тов тогтоод байгаа юм.

Орос болон Умард Солонгосын тэргүү нарын уулзалтыг түүхэн гэж нэрлэж болох юм. Учир нь Умардын тэргүүн Ким Чен Ун улс орноо тэргүүлээд хэдийнэ 7 жил өнгөрсөн, мөн түүний хувьд 2018 он гадаад харилцаагаа тэлж, олон тооны айлчлал, уулзалт хийсэн завгүй он байсан хэдий ч ОХУ-ын ерөнхийлөгчтэй тэрээр анх удаагаа нүүр тулан уулзах гэж байгаа юм.

Умард Солонгосын тэргүүн Ким Чен Уны хуягласан галт тэрэг Пхеньяны төв вокзалаас Оросын Алс Дорнодын бүс нутаг дахь Владивосток хотыг  чиглэн өчигдөр хөдөлжээ. Хуягласан галт тэрэг замдаа Хасан станцаар дайран Оросын Уссурийскт буудаллан, улмаар зорьсон газраа саадгүй иржээ. Умард Солонгосын тэргүүний яваа хуягласан галт тэргийг замдаа буудаллах бүрт Оросын элгэмсэг найрсаг ард түмэн уламжлалт талх, давсаа барин угтаж байжээ. Уссурийскт саатах үеэрээ Умард Солонгосын тэргүүн Орос-Умард Солонгосын найрамдлын ордон буюу Ким Ир Сены музей гэж нэрлэгддэг музейгээр орж сонирхсон байна. Энэ музейг 1986 онд тухайн үеийн Умард Солонгосын удирдагчийг ЗХУ-д айлчилсантай холбогдуулан байгуулж байжээ.

Ийнхүү замдаа Оросын жижиг хотоор дайрч саатсаныхаа дараагаар Умард Солонгосын тэргүүний цуваа Владивосток хотыг зорьсон байна.

Владивосток хотноо маргааш буюу 4-р сарын 25-ны өдөр Владимир Путин болон Ким Чен Ун нарын албан ёсны нүүр тулсан уулзалт болох юм. Хоёр улсын төрийн тэргүүн нарын албан ёсны дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр улсын харилцаа холбоо, мөн Умардын цөмийн асуудлаарх сэдэв голчлох юм.

Умард Солонгосын тэргүүнийг дагалдан энэ улсын Үндэсний армийн ерөнхий штабын тэргүүн болон бусад өндөр албаны төлөөлөгчид дагалдан яваа юм. Талууд Владивосток хотноо хийх уулзалтынхаа үеэр түүнчлэн хоёр улсын нийгэм улс төр, эдийн засаг, соёл урлаг гэхчлэн бүхий л салбартай холбоотой хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, шинэ түвшинд гаргах асуудлаар мөн хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.

Умард Солонгосын тэргүүний ОХУ-д хийх айлчлалын талаарх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр анх цацагдсан юм. Энэ талаарх мэдээллийг ОХУ-ын гадаад хэргийн яамнаас өгч, Умардын удирдагчийн айлчлалтай холбоотой бэлтгэл ажил хэдийнэ эхэлсэн талаар мэдээлсэн байна. Ингэхдээ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 26-27-ны өдрүүдэд Хятадын нийслэл Бээжин хотноо болох “Нэг бүс-нэг зам” дээд уулзалтад оролцохоос өмнө БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай Владивосток хотноо уулзахаар төлөвлөөд байгаа талаар мэдээлж байсан юм.

ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны дарга Дмитрий Песков өнгөрсөн долоо хоногийн эхээр хийсэн мэдэгдэлдээ Умард Солонгосын болон ОХУ-ын төрийн тэргүүн нарын нүүр тулсан уулзалтад бэлтгэх үйл явц эртнээс эхэлсэн талаар мэдээлж, уулзалтын тодорхой товыг л хүлээж байсныг тодруулан хэлж байсан юм. Түүнчлэн Умард Солонгосын албаны хүн болох Ким Чхан Сон Владивостокт ирж, айлчлалд бэлтгэх үйл явцыг тэргүүлэн ажилласан байна. Ким Чхан Сон нь улсынхаа удирдагчийн Сингапур болон Вьетнамд хийж байсан өмнөх албан айлчлалуудын зохион байгуулалтын ажлыг хариуцаж байсан юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө