Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Нотр Дамд гарсан галыг унтраасан гал сөнөөгчдөд хүндэтгэл үзүүлжээ

  Б.Оюун 2019-04-19 934

Тэгвэл энэ хооронд Парисын гол билэг тэмдэг болох Дарь эхийн сүмд гарсан галыг цаг алдалгүй шуурхай унтраан, мэргэжлийн түвшинд ажилласан гал сөнөөгчдөд хүндэтгэл үзүүлжээ. Парис хотын захирагч Анн Идальго болон Францын дотоод хэргийн сайд Кристоф Кастанер нар Нотр Дам буюу Дарь эхийн сүмийн барилгад гарсан галыг унтраахаар улаан галтай тэмцсэн гал сөнөөгчдөд хүндэтгэл үзүүлсэн байна.

Францын төдийгүй хүн төрөлхтөний гараар бүтсэн суу бүтээл болох алдарт Дарь эхийн сүм буюу Эх дагинын цогчин сүмийн барилгад гарсан галыг унтраахаар гал сөнөөгчид 12 цагийн туршид тэмцсэн юм. Дэлхийн католик шашны хамгийн эртний сүм хийдийн нэг болох Дарь эхийн сүмд гарсан галыг унтраахад 500 гаруй гал сөнөөгч амрах завгүй шуурхай ажиллажээ.

Өнөөдрийг хүртэл Нотр Дамд 60 гаруй галын мэргэжилтэн үргэлжлүүлэн ажиллаж, шинээр гал гарахаас сэргийлэн аюулгүйн бүхий л горимыг ханган ажиллаж байгаа юм. Түүнчлэн аюулгүйн үүднээс одоогоор сүмийн дотогш урлагийн шинжээчдийг нэвтрүүлээгүй байна. Учир нь галд өртсөн сүмийн барилгын хана, туурга, дээвэр, тулгуур багануудын яс чанар муудсан байж болзошгүй учраас дахин золгүй явдал болж, дотор нь нуралт үүсэхээс сэргийлж байгаа юм. Гал сөнөөгчид болон галын мэргэжилтнүүд сүмийн барилгын цаашдын аюулгүй байдлыг бүрэн дүүрэн судлан, зэрэглэл тогтоож, шаардлагатай бэхэлгээ хийсний дараа л дотогш гадны хүмүүсийг нэвтрүүлэх болно гэж мэдэгджээ.

Тэгвэл Парис хотноо Нотр Дамд гарсан галыг унтраасан гал сөнөөгчдөд хүндэтгэл үзүүлэх ёслол дээр Францын дотоод хэргийн сайд Кристоф Кастанер: -Бидэнд хүлээх цаг алга байна. Бидний гол зорилго бол ханцуйгаа шамлан шаардлагай ажил үүргийг хийж гүйцэтгэх юм. Бид хамтдаа хүчирхэг байж, Парист хүн төрөлхтөний түүх соёлын үнэт өвийг буцаан босгож өгөх болно. Нотр Дам мандтугай, Франц орон бадартугай! ...гэсэн байна.

Парист болсон хүндэтгэлийн ажиллагааны дараа Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон зориг тэвчээртэй, мэргэжилдээ үнэнч гал сөнөөгчдийг Елисейн ордонд хүлээн авч, тэдний хийж гүйцэтгэсэн ажилд талархал илэрхийлсэн байна. Ерөнхийлөгч Макрон Нотр Дамд гарсан галыг унтраахад оролцсон гал сөнөөгчдийг “Эх орны төлөө” эр зоригийн медалиар шагнажээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө