Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хятадад химийн үйлдвэрт дэлбэрэлт боллоо

  Б.Оюун 2019-03-22 788

Манай урд хөршид химийн үйлдвэрт хүчтэй дэлбэрэлт болж, орон нутгийн эх сурвалжуудынх нь мэдээлж байгаагаар 44 хүн амиа алдаж, 90 гаруй хүн хүнд гэмтэж бэртжээ. Осол Хятадын зүүн хэсэгт байрлах Цзянсу мужийн Яньчэн хотод болж, дэлбэрэлтэд өртөн гэмтэж бэртсэн хүмүүсийн 32-ынх нь биеийн байдал эгзэгтэй байгаа гэнэ.

Яньчэн хотын химийн үйлдвэрт болсон дэлбэрэлтийн хүч маш их байж, хагас км-ийн радиуст байрлах барилга байшингийн шил цонх хагарч, авто зогсоол дээр байсан машинууд өртөн, улмаар хүчтэй гал гарч эхэлсэн байна. Осол болсон газарт аврагчид, гал сөнөөгчид ажиллаж, түргэн тусламжийн баг шуурхай ирж, гэмтэж түлэгдсэн хүмүүст газар дээр нь тусламж үзүүлж, ойролцоох эмнэлэг рүү хүргэжээ.

Яньчен хотын захирагч Цао Лубао болсон хэрэг явдлын талаар хэвлэлийн бага хурал хийлгүүлж, золгүй осолд өртсөн хүмүүсийг хотын 16 эмнэлэгт тараан хэвтүүлж, үйлдвэрийн барилгад гарсан галыг унтраахаар шуурхай ажиллаж байгаа талаар мэдэгдэн, магадгүй золгүй явдалд өртөгсдийн тоо өсч болзошгүйг анхааруулжээ.

Яньчен хотын дэргэдэх аж үйлдвэрлэлийн бүсэд байрлах “Цзянсу тяньцзяи” химийн үйлдвэрт орон нутгийн цагаар пүрэв гарагийн 14 цагт хүчтэй дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтийн хүч маш их байсан учраас эргэн тойронд нь 2,2 магнитудын хүчтэй хөрсний доргилт, чичиргээ мэдрэгджээ.

Үйлдвэрт гарсан ослын дараа түймрийг унтраахаар 192 гал сөнөөгч, 930-аад цэргийн алба хаагч дайчлагдаж, мөн үйлдвэрийн нурангийг цэвэрлэхээр ойролцоох 12 хотоос хүнд техник хэрэгсэл дуудуулсан байна. Орон нутгийн эрх баригчдынх нь мэдээлж байгаагаар үйлдвэрийн барилгад пестицид шатаж байгаа гэнэ. Осол болсон шалтгаан нөхцөл одоогоор тодорхойгүй байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө