Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Казахстан улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев огцрохоо мэдэгдлээ

  М.Даваадулам 2019-03-19 1291

Бүгд Найрамдах Казахстан улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев огцорч буйгаа өнөөдөр мэдэгдлээ. Түүний үзэглэсэн зарлигийн дагуу 2019 оны 3-р сарын 20-ны өдрөөс Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь дуусах юм.

Үндэсний телевизүүдээрээ Бүгд Найрамдах Казахстан улсын Ерөнхийлөгч ард иргэддээ хандан шууд мэдэгдэл хийсэн. Энэ үеэр үзэглэсэн зарлигт “Тогтоох нь: Бүгд Найрамдах Казахстан улсын Үндсэн хуулийн 42-р зүйл заалтын 3-р дэд зүйлд заасны дагуу би 2019 оны 3-р сарын 20-ны өдрөөс Бүгд Найрамдах Казахстан улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зогсоож байна” гэж дурьджээ.

“Би Ерөнхийлөгчийн хувьд өөрийн бүрэн эрхийг зогсоох шийдвэр гаргалаа. Улс орны өндөр дээд удирдах албан тушаалд ажиллаж эхэлснээс хойш 30 жилийн ой энэ онд тохиож байна. Миний агуу ард түмэн надад үлэмж их итгэл хүлээлгэж, тусгаар тогтносон Казахстан улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгосон” гэж тэрбээр өөрийн мэдэгдэлдээ онцолсон юм.

Хэдийгээр Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ шилжүүлэн өгч байгаа ч Казахстаны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын албаа үргэлжлүүлэн гүйцэтгэнэ гэв. “Манай улсын хууль тогтоомжийн дагуу би “Елбасы” (монгол хэлнээ хөрвүүлбэл “Үндэстний эцэг”) хэмээх анхны Ерөнхийлөгчийн статустай бөгөөд Аюулгүй зөвлөлийн дарга хэвээр байна. Тус алба нь улс орны дотоод болон гадаад бодлогыг тодорхойлох чухал үүрэг хариуцлага оногддог албан тушаал юм. “Нур Отан” (монгол хэлнээ хөрвүүлбэл “Эх орны гэрэл гэгээ”) улс төрийн намын тэргүүн, мөн Үндсэн хуулийн зөвлөлийн гишүүн хэвээр үлдэнэ” гэж Бүгд Найрамдах Казахстан улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өөрийн мэдэгдэлдээ онцолсон юм.

Нурсултан Назарбаев энэ оны хоёрдугаар сард Казахстан улсын Засгийн газрыг тараасан. Улс орны өмнө тавьсан эдийн засгийн зорилтыг биелүүлэх чадваргүйд сайд нарын танхимыг буруутгасан.

Нурсултан Назарбаев 1990 оны дөрөвдүгээр сард Бүгд Найрамдах Казахстан улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Үүнээс өмнө Казахийн Зөвлөлт Социалист улс болон Коммунист намын төв байгууллагад удирдах албан тушаал хашиж байжээ.

Назарбаев нь таван удаа Бүгд Найрамдах Казахстан улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж байсан. Ээлжит Ерөнхийлөгчийн сонгууль энэ улсад ирэх 2020 онд болох байсан.

“Назарбаев урьдчилан бэлтгэсэн Аюулгүйн зөвлөлийн даргын албанд шилжиж байна. Одоо түүний эрх мэдэл Ерөнхийлөгчийнхөөс ч илүү байх болно. Ийнхүү тэрээр Дэн Сяопин адил өндөр дээд шатны шүүгч” болно гэж зарим шинжээчид тайлбарлаж байна.

Олон нийтийн хувьд Назарбаевын огцорч буй шийдвэр гэнэтийн зүйл байгаагүй гэж Казахстаны улс төр судлаач Досым Сатпаев харж байна. Олон жилийн туршид Казахстаны улсын эрх баригчид улс төрийн болон Үндсэн хуулийн өөрчлөн шинэчлэл хийж байсан. Энэ оны хоёрдугаар сард Казахстаны Үндсэн хуулийн Зөвлөл ноён Назарбаевын Ерөнхийлөгчийн эрх үүргээ хүлээлгэн өгөх саналд хариу өгсөн байсныг судлаач тэмдэглэлээ. Казахстан улсын Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр суудлаасаа бууж болох эсэхийг Ерөнхийлөгчийн захиргаа Үндсэн хуулийн зөвлөлөөс тодруулсан байна. Зөвлөлөөс хуулинд холбогдох зүйл заалт бий гэж хариулжээ. Тиймээс тухайн үед л огцрох асуудалд бэлтгэж эхэлсэн байсан гэж шинжээч таамаглаж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө