Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өмнөд хил дээрээ онц байдал зарлав

  М.Даваадулам 2019-02-16 980

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өмнөд хил дээрээ хамгаалалтын хана бариулахын тулд чадах бүхнээ хийнэ, эцсийн сонголт болох онц байдал зарлахаас ч буцахгүй гэж мэдэгдэж байсан. Тэгвэл баасан гарагт 45 дахь Ерөнхийлөгч улсынхаа өмнөд хилийн бүсэд онц байдал зарлалаа. Ингэснээр Конгрессын зөвшөөрөл дэмжлэг авалгүй Мексик улстай залгаа хил дээр хамгаалалтын хана барихад улсын төсвөөс 8 тэрбум ам.доллар гаргуулах боломж нээгдэж байна.

АНУ-ын Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс баасан гарагт энэ талаар Twitter хуудаснаа жиргэсэн юм. “Ерөнхийлөгч Доналд Трамп үндэсний аюулгүй байдал болон өмнөд хилийн бүс дэх хүмүүнлэгийн хямралын асуудлыг шийдвэрлэхийн тулд онц байдал зарлах тухай тогтоол үзэглэж байна” гэж бичээд Зуйван танхимд Трамп Ерөнхийлөгч гарын үсэг зурж байгаа фотог хавсаргажээ.

Цагаан ордны алба хаагчдын удирдлагын үүрэг гүйцэтгэгч Мик Малвэнигийн тайлбарласнаар, онц байдал тогтоосноор Доналд Трамп хана барихад 8 тэрбум ам.доллар гаргуулах юм байна. Конгрессын төсвөөс 1 тэрбум 375 сая ам.долларыг, Сангийн яамны сангуудаас – 600 сая, Батлан хамгаалах яамны хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хөтөлбөрөөс – 2.5 тэрбум, Пентагоны хэрэгцээнд зориулан объект барих төсвөөс 3.6 тэрбум ам.доллар тус тус гаргуулах юм байна.

Эдгээр хөрөнгийг АНУ Мексик улстай залгаа өмнөд хил дээрээ 376.5 км урттай хамгаалалтын хана барихад зарцуулна. “Би үүнийг яаралтай хиймээр байна. Би ханыг удаан хугацаанд барьж чадна. Гэхдээ хамгийн хурднаар барихыг хүсч байна” гэж өөрийн шийдвэрээ зарлахдаа Ерөнхийлөгч Доналд Трамп онцолжээ.

Өмнөд хилээр АНУ-д хар тамхи болон хүнийн наймаа, гэмт хэрэг, гэмт бүлэглэл түрэн орж ирж байгаа учир, үндэсний аюулгүй байдлаа хамгаалах зорилгоор хамгаалалтын хана барих шаардлагатай гэж өөрийн шийдвэрээ Доналд Трамп Ерөнхийлөгч тайлбарлалаа.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон Бүгд Найрамдахчууд улсын төсөвт 5.7 тэрбум ам.долларыг Мексик улстай залгаа хил дээр хана барихад зориулж суулгахаар зорьж байсан. Гэвч Ардчилагчидтай зөвшилцөлд хүрч чадалгүй, 2018 оны 12-р сарын 22-ны өдөр Холбооны Засгийн газрын үйл ажиллагаа доголдож, улмаар 35 хоног энэ доголдол үргэлжилсэн.

Онц байдал тогтоосноор 8 тэрбум ам.доллар гаргуулах хууль эрхзүйн боломж үүссэн гэж өмнө мэдээлсэн. Тэгвэл энэ мөнгөн дүн төсөвт суулгахаар зорьж байсан 5.7 тэрбум ам.доллараас даруй 2.3 тэрбум ам.доллараар илүү байгаа юм. Энэ хөрөнгө нь “эрх баригчдын хувьд хамгаалалтын хана барихад хангалттай хөрөнгө мөнгө бий гэдэгт итгэлтэй байх үүднээс нэмэлтээр төсөвлөгдсөн” гэдгийг Цагаан ордон сэтгүүлчдэд тайлбарлажээ.

АНУ-ын Конгрессын доод буюу Төлөөлөгчдийн танхимыг хяналтандаа байлгаж буй Ардчилсан нам аль хэдийнэ Ерөнхийлөгчийн онц байдал зарласан зарлигт хориг тавих хуулийн төсөл өргөн барихаа мэдэгдлээ. Төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пэлоси болон Сенат дахь Ардчилсан намын цөөнхийн лидер Чак Шумер нар энэ талаар Трамп Ерөнхийлөгч шийдвэрээ танилцуулсны дараа мэдэгдсэн юм. Шүүх байгууллагаар дамжуулан Ерөнхийлөгчийн зарлигыг хүчингүй болгуулна гэлээ.  

1976 оноос хойш АНУ-ын Ерөнхийлөгч нар янз бүрийн шалтгаанаар нийт 58 удаа онц байдал зарлаж байжээ. 1990 онд Персийн булан дахь дайн, зэвсэгт мөргөлдөөнтэй холбогдуулан онц байдал зарлаж байсан бол 2001 оны 9-р сарын 11-ний халдлагын дараа терроризмын эсрэг тэмцэлтэй холбогдуулан онц байдал зарласан байдаг.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө