Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Брекзит цаашид хэрхэх вэ? Дараах гурван үндсэн таамгийг шинжээчид дэвшүүлэв

  М.Даваадулам 2019-01-16 316

Шинжээчдийн дэвшүүлж буй таамгуудаас ямар нэгэн урьдчилсан гэрээгүйгээрээ Брекзит эхэлнэ, дахин бүх нийтийн санал асуулга явуулна, хууль тогтоогчидтой дахин хэлэлцээр хийнэ гэсэн үндсэн хувилбар хөвөрч байна. Эдгээр хувилбаруудын талаар шинжээчид өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж байна.

Эхний хувилбар бол ямар нэгэн урьдчилсан гэрээгүйгээр Брекзит эхлүүлэх. Хэрэв Британийн улс төрийн элит ирэх хоёр сар гаруйн хугацаанд асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол 3-р сарын 29-ний өдөр Их Британи улс ЕХ-ны бүрэлдэхүүнээс ямар нэгэн урьдчилсан тохиролцоогүйгээр гарна.

ЕХ-г эсэргүүцэгчид, тэр дундаа экс Гадаад хэргийн сайд Борис Жонсон зэрэг улс төрчид энэ хувилбарыг тийм ч аймшигтай зүйл биш, эцсийн дүнд харин ч Британийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж харж байна.

Гэвч энэ хувилбарыг Их Британийн Парламентын доод танхимын гишүүдийн дийлэнх эсэргүүцэж байгаа. Их Британийн эдийн засагт том цохилт үзүүлнэ гэж болгоомжилж байгаа юм.

Ерөнхийдөө ямар нэгэн зөвшилцөл, урьдчилсан гэрээгүйгээр Их Британи улс ЕХ-ноос өрх тусгаарлах хувилбарын магадлал бага хувьтай байна.

Дахин санал асуулга явуулах. Сүүлийн саруудад өрнөж буй үйл явц дахин бүх ард түмний санал асуулга явуулахыг уриалагчдад итгэл өгч байна. Дахин санал асуулга явуулахад ард иргэдийн дийлэнх хувь ЕХ-ны бүрэлдэхүүнээс гарах эсэх тухай саналаа өөрчилж, өрх тусгаарлахыг эсэргүүцнэ гэж найдаж байна.

Мэйн Засгийн газар болон Европоос өрх тусгаарлахыг дэмжигчдийн хувьд дахин бүх ард түмний санал асуулга явуулахыг эрс эсэргүүцэж байна. Энэ тохиолдолд Их Британийн ардчилалд хүнд цохилт болно. Ард иргэд өөрсдийн санаа бодлоо нэгэнт илэрхийлсэн байхад тэдний хүсэл зорилгыг биелүүлэх ёстой гэж үзэж байна.

Лейбористуудын лидер Жереми Корбин ЕХ-ны бүрэлдэхүүнээс албан ёсоор гарахыг дэмжиж байгаа бөгөөд Брюссельтэй боломжит хамгийн ойр дотно, найрсаг харилцааг хадгалахыг хүсч байна.

YouGov судалгааны хүрээлэнгийн он гараад явуулсан санал асуулгаар ард иргэдийн 46% ЕХ-ны бүрэлдэхүүнд үлдэхийн төлөө санал өгсөн бол 39% нь өрх тусгаарлах нь зүйтэй гэж хариулжээ.  Харин 15% нь юу гэж хариулахаа мэдэхгүй байна гэжээ. Ийнхүү эргэлзэж тээнэгэлзсэн иргэдийн хувь хэмжээ өндөр байгааг ч шинжээчид онцолж байна.

Дахин хэлэлцэх. Их Британийн доод танхим Засгийн газартаа гурав хоногийн хугацаа олгосон. Тереза Мэй энэ дагуу ирэх даваа гарагт шинэчилсэн гэрээний төсөл танилцуулахаа амласан.

Тус гэрээний төслийг эргэн харахгүй, өөрчлөхгүй гэдгээ Брюссель удаа дараа мэдэгдсэн. Британид санал болгож болох хамгийн таатай хувилбар гэдгийг ЕХ-ны лидерүүд мэдэгдээд байгаа.

Тиймээс Тереза Мэйн хувьд ЕХ-ны лидерүүдтэй ч, мөн өөрийн улсын хууль тогтоогчидтой ч дахин хэлэлцээр явуулж, ятгахаас өөр арга үлдсэнгүй.  Парламентын гишүүдийн саналыг өөрчлөх аман тохиролцоо ЕХ-той хийх хэрэгтэй гэж шинжээчид харж байна.

Хэрэв чадахгүй бол ЕХ-ноос хугацаа хожих, хугацаагаа хойш сунгах хүсэлт тавихаас өөр аргагүй. Брюссель Брекзит эхлүүлэх хугацааг энэ оны зун хүртэл сунгах боломжтой, сунгахад бэлэн гэдгээ илэрхийлээд байгаа билээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө