Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

WP: ТРАМП ВЕНЕСУЭЛ УЛСЫГ ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭГЧ ХЭМЭЭН ЗАРЛАЖ МАГАДГҮЙ

  М.Даваадулам 2018-11-20 320

 АНУ-ын Ерөнхийлөгч Венесуэл улсыг терроризмыг санхүүжүүлэгч хэмээн зарлаж магадгүй нь. Энэ талаар The Wall Street Journal мэдээллээ. Вашингтон ийнхүү Латин Америкийн улсыг терроризмыг хөхиүлэн дэмжиж байна гэж үзсэнээр Каракастай худалдаа эрхлэхийг Америкийн хувь иргэн болон хуулийн этгээдүүдэд хориглох юм байна. Өнөөдрийн байдлаар АНУ Иран, БНАСАУ, Судан болон Сири улсыг терроризмыг санхүүжүүлэгч гэж зарласан байдаг.

Цагаан ордон Венесуэлийн эсрэг ийнхүү арга хэмжээ авахаар бэлтгэж байгаа талаар албаны эх сурвалж мэдээлсэн гэлээ. Гэхдээ Ерөнхийлөгч Трамп хэзээ зохих шийдвэр гаргах нь одоогоор тодорхойгүй байна. The Wall Street Journal сонины албаны эх сурвалж өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

АНУ-ын Төрийн департамент мөн энэ асуудлаар ямар нэгэн тайлбар хийхээс татгалзаж байна. Төрийн департамент сүүлийн өдрүүдэд төрийн байгууллагуудаас энэ асуудлаар байр суурийг нь тодруулсан гэж Америкийн хэвлэл нийтэлж байна.

АНУ-ын Төрийн департамент аливаа улсыг терроризмыг санхүүжүүлэгчийн жагсаалтад нэмсэнээр Венесуэл улстай худалдаа эрхэлж буй хувь хүн, хуулийн этгээд, цаашлаад гадны улсын эсрэг арга хэмжээ авахыг Сангийн яамандаа үүрэг болгодог. Ингэхдээ зэвсэг нийлүүлэхийг хориглох төдийгүй аливаа банкны үйл ажиллагаа эрхлэхийг хориглодог.

Вашингтон өмнө нь нэг бус удаа Каракасын эсрэг хориг тогтоож байсан. Сүүлд энэ оны 9-р сарын 25-нд АНУ-ын Сангийн яам Венесуэлийн эсрэг багц хориг тогтоосон. Тухайн үед Венесуэл улсын Ерөнхийлөгч Николас Мадурогийн гэргий Силия Флорес, дэд Ерөнхийлөгч, Батлан хамгаалахын сайд Владимир Падрино Лопес, Харилцаа холбоо болон мэдээллийн сайд Хорхе Родригес, гүйцэтгэгч дэд Ерөнхийлөгч Дельси Родригес нар Вашингтоны сүүлийн хоригт багтсан.

Венесуэл улс сүүлийн жилүүдэд түүхэндээ байгаагүй нийгэм, эдийн засгийн хурц хямралтай нүүр тулаад байгаа. Улмаар энэ хямрал гиперинфляци, үндэсний валютын ханшийн уналт, нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн болон эмийн хомсдол дагуулж байна. Улмаар ард иргэд нь эх орноосоо дүрвэхэд хүрч байна.

Улс орны улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хурцадмал байхад Ерөнхийлөгч Николас Мадуро улиран сонгогдсон нь ч олон нийтийн эсэргүүцэл дагуулсан. Мадуро Ерөнхийлөгчийн аминд хүртэл халдахыг завдсан.

Энэ Николас Мадуро Венесуэлийн төрийн эрхэнд гарснаар 4 сая гаруй хүн эх орноо орхин дүрвэхэд хүрсэн тоон мэдээллийг тус улсын Nacional сонин нийтэллээ. Энэ оны сүүлч гэхэд 4.6 саяд энэ тоо хүрнэ гэж харж байна.

1999-2013 онуудад 14 жилийн туршид Уго Чавес удирдагчийн үед Венесуэл улсаас 0.8 сая хүн дүрвэсэн байдаг байна. Харин Николас Мадуро төрийн эрхэнд гарснаас хойш 5 жил өнгөрөхөд үүнээс 6 дахин олон хүн эх орноо орхин явжээ.

Венесуэл улсын хүн ам сүүлийн мэдээгээр 31.5 сая юм.

Венесуэл улсын Үндэсний ассамблейн Санхүү эрхэлсэн хорооны мэдээллээр он гарсаар эхний 10 сарын байдлаар Латин Америкийн энэ улсад инфляци 280,000% хүрчээ. Харин өмнөх жилтэй харьцуулахад энэ онд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 833,000% өсөөд байна. ОУВС энэ онд Венесуэлийн инфляци 7 оронтой тоонд буюу 1 саяд хүрч магадгүй гэж таамаглаж байсан юм.

Гэвч Венесуэл улсын Засгийн газар өнөөг хир улс оронд нь хүмүүнлэгийн хямрал нүүрлэсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө