Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ӨМНӨД СОЛОНГОС РУУ ЗУГТСАН УМАРДЫН ЦЭРЭГ ГЕНЕРАЛЫН ХҮҮ БАЙЖЭЭ

  М.Даваадулам 2018-11-20 974

Одоогоос жилийн өмнө амь насаа дэнчин тавьж Өмнөд Солонгос руу зугтсан Умард Солонгосын цэрэг БНАСАУ-ын Ардын армийн хошууч генералын хүү байжээ.

Түүнийг О Чон Сон гэдэг, 25 настай. Зугтах үеэр бууны суманд өртөж, шархадсан залууг Өмнөд Солонгост эмчилжээ. О Чон Сон анх удаа хэвлэлийнхэнд ярилцлага өгч, улс эх оронд нь амьдрал хэрхэн өрнөж байгаа талаар хуваалцсан байна. Нийт залуусын 80% одоогийн удирдагч Ким Жон Унд үнэнч биш гэж Умард Солонгосын генералын хүү ярьсан тухай Японы Sankei Shimbun сонин даваа гарагийн дугаартаа нийтэлжээ. Сөүл болон Пхеньян хооронд ялтан шилжүүлэх гэрээ байдаггүй. Хөрш орны газар нутагт хэрэг үйлдсэнд буруутгаж байгаа этгээдийг БНСУ-ын эрх баригчид Умард Солонгост шилжүүлэх боломжгүй гэсэн үг юм.

 Японы Sankei Shimbun сонинд нийтэлснээр Японы тагнуулын алба хоёр улсын хилээр давж, зугтсан цэргийн алба хаагчийн хэн болохыг тогтоожээ. О Чон Сон нь 2017 оны 12-р сард Умард Солонгосоос Өмнөд Солонгос руу хилийн бүс давж, зугтсан. Ингэхдээ хоёр улс хоорондын хилийн зэвсэггүй бүсийн Панмунжом суурингийн хилийн зурвасыг давсан. Тус  суурин нь Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотоос 53 км зайд байрладаг.

Панмунжом нь аялагч жуулчдын зорин очдог гол цэг төдийгүй БНАСАУ болон БНСУ-ын Зэвсэгт хүчин хоёр талаас нүүр нүүрээ харан тулдаг цорын ганц хилийн цэг юм. 

Эх орноосоо зугтсан цэрэг өөрийгөө “дээд ангийн” төлөөлөл гэж нэрлэж байна. Гэхдээ хэдий өндөр дээд угсаа гаралтай ч, Умард Солонгосын удирдагчид үнэнч байхыг хүсээгүй гэжээ. “Умардад хүмүүс, ялангуяа залуучууд бие биедээ, улс төрд, мөн удирдагчдаа дургүй” гэж Чон Сон ярьсныг Японы сонин нийтэлсэн байна.

Удирдагч Ким Жон Уны дүрэм, БНАСАУ-ыг тэргүүлж байгаа Кимийн удмын гурав дахь үеийн засаглалд таагүй ханддагаа нуугаагүй байна. Ард иргэдийг хооллон, тэжээж чадах эсэхээс нь үл хамааран төр удирдах эрх удам дамжин өвлөгддөг хэмээн улс төрийн тогтолцоогоо ч шүүмжилжээ.

Умард Солонгосын цэргүүд Чон Соныг алахыг завдсан гэх хэвлэлүүдээр тархсан мэдээллийг тэрээр харин няцаалаа. Өмнөд Солонгосын хэвлэлүүдээр ч мөн найз нөхөдтэйгээ согтууруулах ундаа хэрэглэж, маргалдсаны дараа хяналтын цэг рүү буцахдаа хилийн бүс давсан, эх оронд нь цаазын ял хүлээж байсан учир зогсолтгүй цааш зугтсан гэх мэдээлэл Өмнөд Солонгосын хэвлэлүүдээр цацагдсан.

“Намайг цаазалж магадгүй гэж би айсан. Тиймээс буцаж очоогүй, хил давсан” гэж хэлээд, энэ үйлдэлдээ харамсахгүй байна гэж ярьжээ.

Зугтах үед нь нөхөд нь түүн рүү гал нээсэн. Хэрэв тэд гал нээгээгүй бол тэд өөрсдөө ноцтой шийтгэл амсах байсан гэж Чон Сон хэлээд оронд нь байсан бол мөн л адил гал нээх байсан гэж хариулсан байна.

О Чон Сон зугтах үедээ сумны зургаан шарх авч, хүнд байдалтай Өмнөд Солонгосын цэргийн эмнэлэгт тэр даруй хүргэгджээ.

БНСУ-ын Засгийн газрын албан ёсны мэдээгээр 1953 онд Солонгосын дайн дууссаны дараа Умард Солонгосоос Өмнөд Солонгос руу 29,000 гаруй хүн зугтсан байдаг байна.

Түүхэн уулзалт

2018 оны 4-р сарын 27-нд хоёр Солонгосын хилийн Панмунжом суурингийн Энхтайвны ордонд БНАСАУ болон БНСУ-ын лидерүүд уулзсан. Хоёр талын удирдагч ийнхүү 11 жилийн дараа нүүр тулан уулзсан, “түүхэн” үйл явдал болсон.

Мүн Жэ Ин удирдагчийн хүсэлтээр Ким Жон Ун удирдагч хилийн зурвасыг даван Өмнөд Солонгосын газар нутагт хөл тавьснаар, 65 жилийн өмнөөс хоёр улсын хилийг зааглаж буй энэ зурвасыг давсан Умард Солонгосын анхны удирдагч болсон юм.

Энэ уулзалтаар хоёр улсын лидер хамтарсан тунхаг үзэглэсэн. Ингэснээр энхтайван байдлын шинэ эрин үе эхэлж байгааг зарлаж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахаар хамтран ажиллахаа амласан.

Хоёр Солонгосын лидер энэ онд гурван удаа уулзсан. 2018 оны 9-р сард хоёр Солонгосын гурав дахь дээд хэмжээний уулзалтын үеэр БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар хилийн зэвсэггүй бүсэд артиллерийн сургуулилт хийхийг, мөн цэргийн нислэг үйлдэхийг зогсоохоор тохиролцсон. Ингэснээр тус зэвсэггүй бүсэд дахин аливаа хэрэг гарахаас сэргийлж, энэ бүсээс цэргүүдийг гаргаж, Панмунжом хилийн цэгийн алба хаагчдын зэвсгийг хураахаар болсон юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө