Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“ТУРКИЙН УРСГАЛ” ХИЙ ДАМЖУУЛАХ ХООЛОЙН БАРИЛГЫН АЖИЛ ДУУСЛАА

  Б.Оюун 2018-11-20 781

Оросын “Газпром” компани томоохон бүтээн байгуулалтын ажил хийж гүйцэтгэн, стратегийн чухал ач холбогдол бүхий объектыг барьж ашиглалтанд өгчээ. “Газпром” компани Хар далайн уснаа “Turk Stream” буюу “Туркийн урсгал” хий дамжуулах хоолойн тэнгисийн усан доогуурх хэсгийн бүтээн байгуулалтын ажлыг амжилттай хийж дуусгасан байна.

Газпромын тэргүүн Алексей Миллер стратегийн томоохон ач холбогдол бүхий төслийн хамгийн сүүлийн ажлыг Pioneering Spirit хөлөг дээрээс биечлэн удирдаж, усан доогуурх хоолойг ажиллагаанд оруулах үйл явцыг хянажээ. Үүний дараагаар Стамбул хотно ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Туркийн төрийн тэргүүн Тайип Эрдоган нар хийн хоолойн сүүлийн секцийг угсарч, ажиллагаанд оруулах командыг өгч, хийн хоолойн нээлтийн ажиллагаанд оролцсон байна.

“Туркийн урсгал” хий дамжуулах хоолой нь Нэгдсэн Европын эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, мөн цаашлаад Турк улсад бүс нутагтаа хийн нийлүүлэлтийн томоохон хаб болох боломжийг олгож байгаа стратегийн чухал ач холбогдол бүхий бүтээн байгуулалт болж байгаа юм.

“Туркийн урсгал” хий дамжуулах хоолойн Хар далайн усан доогуурх хэсгийн бүтээн байгуулалтын ажил ийнхүү хийгдэж дууссанаар одоо байгууламжийг бүхэлд нь ашиглалтанд оруулахын тулд хий хүлээн авах компрессорын станц болоод Туркийн нутгаар үргэлжлэх хийн ил хоолойн хэсэг үлдэж байгаа юм. Энэхүү байгууламжийг 2019 оны сүүлээр бүрэн ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаа юм.

 “TURK STREAM” ТӨСӨЛД 7 ТЭРБУМ АМ. ДОЛЛАР ТӨСӨВЛӨЖЭЭ

 “Туркийн урсгал” төсөл нь Украины газар нутгийг тойруулан, Хар далайн усаар дамжуулан Туркийн нутаг хүртэл байгалийн хий дамжуулах хоолой барих төсөл юм. Энэхүү төслийн хүрээнд тус бүр нь 15,75 тэрбум куб/метр хий дамжуулах хүчин чадал бүхий хоёр урсгалтай хий дамжуулах хоолой барьж байгуулахаар төлөвлөөд байжээ. Эхний урсгал нь Оросоос Туркийн хэрэглэгчдэд хий дамжуулж, дотоодын хэрэгцээг нь хангахад, харин хоёр дахь хийн хоолойн урсгал нь Туркээр дамжуулан цааш Зүүн Өмнөд болон өмнөд Европын улс орнуудад хий нийлүүлэх шугам болох учиртай юм.

“Газпром” компани энэхүү төслийг хэрэгжүүлснээр цаашлаад “Туркийн урсгал”-аар дамжуулан цааш Болгар болон Серби, эсвэл Грек болон Италийн газар нутгийг дамнуулан хий дамжуулах хоолой барих төслөө үргэлжлүүлэн байгуулах хүсэл сонирхолтой байгаа юм. Энэхүү төслийн нийт өртөг нь 7 тэрбум ам. доллар байхаар тооцож, эдийн засгийн үр өгөөжийг нь тооцож байна.

УКРАИН УЛС “ТУРКИЙН УРСГАЛ” ХЭРЭГЖСЭНЭЭР ИХЭЭХЭН АЛДАГДАЛД ОРНО ГЭЖ ХАРЖ БАЙНА

Тэгвэл Оросын тал ийнхүү Европ руу байгалийн хий нийлүүлэх замаа Украины газар нутгийг тойруулан төсөл боловсруулж, амжилттай хэрэгжүүлж байгаа нь хийн транзит нийлүүлэлтийн асуудлаас шалтгаалан ихээхэн зөрчилдөж байсан Орос-Украины асуудлыг эцэслэн шийдэж байгаа бас нэгэн арга хэлбэр юм. Орос-Туркийн талууд ийнхүү эрчим хүчний салбарын харилцаагаа хөгжүүлж, байгалийн хий нийлүүлэх стратегийн байгууламж барьж байгуулж байгааг Украины Нафтогаз компанийн тэргүүн Андрей Коболев улс орных нь хувьд эдийн засгийн хараат байдалд аюул учруулахуйц төсөл гэж дүгнэж байна. Тэрээр “Туркийн урсгал”, “Умардын урсгал-2” зэрэг төслүүд нь Украины транзит хийн нийлүүлэлтийн хэмжээг эрс бууруулсан, эдийн засгийн хувьд ихээхэн алдагдалд оруулахуйц төслүүд гэж үзэж байгаа юм. 

“ТУРКИЙН УРСГАЛ” ХИЙ ДАМЖУУЛАХ ХООЛОЙГООР ЖИЛД 31,5 ТЭРБУМ КУБ/МЕТР ХИЙ НИЙЛҮҮЛНЭ

Image result for turkstream-gas-pipeline

Оросын Газпром компанийн хувьд “Туркийн урсгал” төслийн хүрээнд Хар далайн уснаа хий дамжуулах хоолой барьж байгуулах ажлыг 2017 оны 5-р сараас эхлэн хэрэгжүүлж эхэлжээ. Хий дамжуулах хоолой нь жилд 31,5 тэрбум куб/метр хий дамжуулах хүчин чадалтай юм. Энэ нь жилд 15 сая аж ахуйн нэгж, байгууллага, мөн хэрэглэгчдэд хий тасралтгүй нийлүүлнэ гэсэн үг юм.

Нийтдээ 930 км үргэлжлэх байгалийн хий дамжуулах хоолойг Оросын Краснодар мужийн  Анапский дүүргээс Хар далайн уснаа, ёроолоор нь байгуулж, улмаар Туркийн Европын хэсэг дэх далайн эрэгт холбогдохоор төсөл боловсруулан, барьж байгуулах ажлыг ийнхүү хийж гүйцэтгээд байна. Улмаар далайн ёроолоор үргэлжилсэн хоолойг Турк болон Грекийн хилийн зурвас хүртэл үргэлжлүүлэн барьж, тэндээс Адриатын тэнгисийн хийн хоолойтой холбогдож, улмаар Италид Оросын хийг нийлүүлэх боломж бүрдэх юм. Мөн түүнчлэн эндээс салаалах хийн хоолойн урсгалаар дамжуулан Оросын байгалийн хийг “Өмнөдийн урсгал” хийн хоолойн тусламжтай цааш Болгар, Серби, Унгар, Австри хүртэл шууд нийлүүлэх боломж бүрдэнэ гэж тооцоолж байна. Тиймээс 2019 онд “Туркийн урсгал” хий дамжуулах хоолой бүрэн ашиглалтанд орсноор ОХУ, Европын улс орнууд руу Украинтай тулгарсан ямарваа транзит тээвэрлэлтийн үнэ тарифын маргаан  зөрчил, бусад асуудал үүсгэлгүйгээр хий шууд нийлүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө