Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ФРАНЦАД ШАТАХУУНЫ ҮНИЙН ХӨӨРӨГДЛИЙН ЭСРЭГ ЖАГСЧЭЭ

  Б.Оюун 2018-11-19 435

Францад түлш шатахууны татварыг нэмэгдүүлж, үнэ өсөхөд хүргэж байгаа шийдвэрийг эсэргүүцсэн “шар хантаазтангууд”-ын эсэргүүцлийн жагсаал өрнөжээ. Амралтын өдрүүдэд болсон жагсаалд зохион байгуулагчдынх нь мэдээлснээр 250 мянган хүн нэгдэн оролцсон байна.

Бямба гарагт эхэлсэн жагсаал нямд мөн үргэлжилж, хоёр өдрийн эсэргүүцлийн жагсаалын үеэр нийтдээ 150 гаруй янз бүрийн арга хэмжээ зохион байгуулж, зарим нь замын хөдөлгөөнийг хааж хаалт босгон тэмцсэн бол зарим нь шатахуун түгээх станцуудад нэвтрэх гарцыг хаах зэргээр тэмцжээ.

“Шар хантаазтангууд”-ын тэмцэл нь Францад батлагдсан “эко-татвар” гэж нэрлэгдээд байгаа түлш шатахууны татварыг нэмсэн шийдвэрээс болж дэгдсэн олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал юм. Энэхүү эсэргүүцлийн ажиллагаанд нэгдсэн хүмүүс Францын өнцөг булан бүрт өөр өөрсдийнхөөр татвар нэмсэн хуулийг эсэргүүцсэн байна. Танд дээр хэлсэнчлэн тэмцлийн арга хэлбэр газар тус бүрт өөр өөр байж, зарим нь томоохон авто замуудыг хааж байхад, нөгөө нь түлш шатахууны үнийн хөөрөгдлийг эсэргүүцэн шатахуун түгээх станцуудыг хааж, 3-дахь нь гудамж талбайгаар явган жагсаал хийж, Елисейн ордны дэргэд хамгийн олон хүн оролцсон жагсаал болсон байна.

Цагдаа хүчнийхэн амралтын өдрүүдэд завгүй ажиллаж, жагсаал цуглааны үеэр эмх замбараагүй байдал дэгдээхгүйн тулд өндөржүүлсэн байдалд оржээ. Тэд жагсагчдын хүч түрэмгийлсэн үйлдлийн хариуд нулимс асгаруулагч хий цацан, шаардлагатай үед бороохой ашиглаж байжээ. Нийтдээ Францад өрнөсөн олныг хамарсан жагсаал цуглааны үеэр хууль сахиулагчид 282 хүнийг баривчлан саатуулж, тэднээс өнөөдрийн байдлаар 157 нь саатуулагдсан хэвээр байгаа юм.

ЖАГСААЛЫН ҮЕЭР НЭГ ЭМЭГТЭЙ АМИА АЛДЖЭЭ

Түүнчлэн Францад өрнөсөн жагсаалын үеэр нэг эмэгтэй золгүй байдлаар амиа алдсан байна. Савойя мужийн Ле-пон-де-Бовуазен тойрогт дизелийн түлшний үнийг нэмсний эсрэг жагсаалд 50 гаруй хүн оролцож, тэд зам хаан эсэргүүцлээ илэрхийлжээ. Энэ үеэр охиноо эмнэлэгт хүргэхээр яарч явсан эмэгтэй зам хаасныг эсэргүүцэн, хаазаа нэмэн урагшлахдаа 63 настай эмэгтэйг дайрч аминд нь хүрсэн байна. Жолооны ард явсан эмэгтэйг саатуулсан ч тэрээр гаргасан үйлдэлдээ шокийн байдалтай байжээ. Зам хааж, эсэргүүцлийн жагсаал хийсэн хүмүүс рүү машинтай хүмүүс дайрч давшилсан тохиолдол мөн Селеста болон Грасс мужуудад гарсан ч ямарваа хор хохиролд хүргээгүй байна.

“ШАР ХАНТААЗТАНГУУД” ГЭЖ ХЭН БЭ?

Протесты на Корсике

Францад энэ амралтын өдрүүдэд түлш шатахууны татвар, үнэ нэмснийг эсэргүүцэн олон нийтийг хамарсан жагсаал зохион байгуулсан “шар хантаазтангууд” гэж хэн бэ? Францын замын хөдөлгөөний дүрмэнд заасан ёсоор машин эзэмшигч, жолооч нар та бид машиндаа аюулгүйн гурвалжин тэмдэг, яаралтай түргэн тусламжийн хайрцаг зэргийг зайлшгүй авч явах ёстой гэдэгтэй адил жолооч бүр машиндаа “шар хантааз”-тай байх ёстой юм. Энэ хантаазыг ямарваа аюул осол тохиолдсон, техникийн асуудал үүссэн тохиолдолд жолооч өмсч, бусад хөдөлгөөнд оролцогсдын аюулгүй байдлыг хангах учиртай байдаг юм.

Францад сүүлийн нэг жилийн дотор дизель түлшний үнэ 23%-иар нэмэгдэж, нэг литр түлшний дундаж үнэ 1,51 еврогоор өсчээ. Энэ нь ерөнхийлөгч Эммануэль Макроны засгийн газар “эко-татвар”-ын хууль баталж, түлш шатахууны татварыг нэмэгдүүлсэнтэй холбоотой юм. Засгийн газраас гаргасан татварын тухай хуулинд зааснаар 2019 оны эхээр түлш шатахууны татвар мөн л тодорхой хувиар нэмэгдэх учиртай юм. Энэ бүхнийг эсэргүүцэн “шар хантаазтангууд”-ын эсэргүүцлийн хөдөлгөөн бий болжээ.

“Шар хантаазтаны” хөдөлгөөн нь тодорхой удирдагч, чиглүүлэгч байхгүй ч жолооч нар энэхүү хөдөлгөөнд сайн дураараа нэгдэн, түлш шатахууны үнэ нэмэгдэж байгааг эсэргүүцэн ийнхүү гудамж талбайдаа гарч дуу хоолойгоо илэрхийлэн, шатахууны үнийн өсөлтийн эсрэг тэмцэж байгаа юм.

Францын төрийн тэргүүн улс орондоо экологийн цэвэр түлшний хэрэглээг нэвтрүүлж, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлж, эко хэрэглээнд шилжихийн тулд түлш шатахууны татварыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж байгаагаа тайлбарлаж байгаа юм. Энэ нь улс орныг нефть, хар алтны хэрэглээнээс хамааралтай байхаас сэргийлж, цаашлаад цахилгаан, эко машины хэрэглээнд шилжихэд тустай гэж үзэж байна. Тиймээс Францын засгийн газар “эко-татвар”-ын бодлогоосоо ухрахгүй гэдгээ мэдэгдэж байгаа юм.

Түлш шатахууны үнэ нэмэгдэж байгаагийн эсрэг Францад өрнөсөн олныг хамарсан жагсаалыг намжаахын тулд энэ улсын ерөнхий сайд Эдуар Филипп засгийн газраас орлого багатай жолооч нарт санхүүгийн тусламж үзүүлж, шинэ эко-машин тэрэг сонгон хэрэглэхэд нь туслах төлөвлөгөөний талаар хэлэлцэж байгаа гэж мэдээлжээ.

Францын дотоод хэргийн яамны мэдээлж байгаагаар энэ амралтын өдөр болсон эсэргүүцлийн жагсаалд улс орон даяар 250 мянга гаруй хүн нэгдэн оролцжээ. “Шар хантаазтангууд”-ын жагсаал шинэ долоо хоногийн эхээр намжсан ч ирэх амралтын өдрүүдэд дахин зохион байгуулна гэж мэдэгджээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө