Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

БНАСАУ ШИНЭ ЗЭВСЭГ ТУРШЛАА

  М.Даваадулам 2018-11-16 708

БНАСАУ шинэ зэвсэг туршлаа. Гэхдээ энэ удаад туршилтын талаар урьдчилан Сөүлд мэдээлжээ. Олон жилийн туршид угсарч, боловсруулсан орчин цагийн зэвсгийн туршилтад Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун биечлэн оролцсон байна.

Дэвшилтэт технологи бүхий зэвсгийн туршилт амжилттай болсныг Умард Солонгосын төв телевиз мэдээллээ. Шинэ зэвсгийн хувьд тактикийн зориулалт бүхий зэвсэг гэхээс өөр мэдээллийг Пхеньян өгсөнгүй. Одоогоор туршилтын талаарх мэдээлэлд Вашингтон ч, Сөүл ч тайван хандаж байна. Вашингтоны хувьд Ким Жон Ун Сингапурын дээд хэмжээний уулзалтын дүнд хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгоно гэж найдаж байгаагаа илэрхийллээ. Харин Сөүл туршилтын талаар урьдчилан мэдээлэл авсан гэж мэдээллээ.

 БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ийнхүү 2017 оны 11-р сараас хойш буюу бүтэн жилийн дараа зэвсгийн хээрийн туршилтын талбайд очиж байна. Одоогоос жилийн өмнө Пхеньян тив хоорондын баллистик пуужин туршиж, тус туршилтыг залуу удирдагч биечлэн удирдан явуулж байсан юм.

Хоёр Солонгос улс хилийн бүс дэх зэр зэвсгийг танах ажиллагааг энэ долоо хоногийн эхээр явуулсан. Энэ үеэр Пхеньян шинэ зэвсэг турших төлөвлөгөөнийхөө талаар Сөүлд мэдээлснийг Өмнөд Солонгосын мэдээллийн агентлагууд дамжуулж байна.

АНУ-ын Төрийн департамент ч туршилттай холбогдуулан мэдэгдэл хийлээ. Америкийн эрх баригчид Умард Солонгосын талтай Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах асуудлаар хэлэлцээр явуулж байгааг бол тэмдэглэлээ. Доналд Трамп болон Ким Жон Ун нарын Сингапурын уулзалтын үеэр байгуулсан тохиролцоог бол Пхеньян биелүүлнэ гэдэгт Вашингтонд итгэж найдаж байгаагаа ч илэрхийллээ.

Умард Солонгосын шинэ туршилт Батлан хамгаалах шинжлэх ухааны академийн полигонд явагдсан байна. Дараагаар нь удирдагч Ким Жон Ун улс орны батлан хамгаалах чадварыг дээшлүүлсэн бүтээл хийсэн эрдэмтэд болон аж үйлдвэрлэгч нарт талархал илэрхийлжээ.

БНАСАУ цэрэг, батлан хамгаалах салбарт батлан хамгаалах технологи, шинжлэх ухааны хөгжүүлэлтийг цаашид үргэлжлүүлнэ гэдгийг удирдагч Ким Жон тэмдэглэлээ.

Одоогоор шинээр туршсан зэвсэг нь дэвшилтэт технологи ашигласан, Умард Солонгосын эрдэмтэн судлаачдын олон жилийн бүтээл, тактикийн зориулалттай гэхээс өөр мэдээлэл алга байна. Мөн энэ зэвсгийн боловсруулалт өмнөх удирдагч Ким Чен Ирийн үед эхэлсэн, 7 гаруй жил үргэлжилсэн гэдгийг Умард Солонгосын төв телевиз онцолж байгаа юм.

БНАСАУ энэ оны 4-р сард цөмийн зэвсгийн туршилтаас татгалзаж байгаагаа дэлхий дахинд зарласан. Мөн баллистик пуужин ч туршихгүй гэсэн. Энэ бүгд социалист эдийн засгаа хөгжүүлж, ард иргэдийн амьдрал ахуйг дээшлүүлэхийн тулд байсан гэсэн юм. Улмаар нэг сарын дараа Пунгери дахь цөмийн полигоноо буулгаж эхэлсэн. Умард Солонгос улс энэ полигонд өмнөх цөмийн зургаан удаагийн туршилт явуулж байсан юм.

Сөүл: 2018 онд хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт дахин болохгүй

Image result for хоёр солонгосын уулзалт

Хоёр Солонгос улс 2018 онд гурван удаагийн дээд хэмжээний уулзалт хийсэн. Дахин дээд хэмжээний уулзалт он дуусахаас өмнө болохгүй гэж Сөүл мэдээллээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын дараа оны эхээр болох дээд хэмжээний уулзалтын бэлтгэлтэй давхцаж байгаа учраас цаг хугацааны хувьд хэт давчуу байгаа гэсэн тайлбарыг Хөх Ордон хийлээ. Энэ оны 4, 5 болон 9-р сард болсон гурван удаагийн дээд хэмжээний уулзалт Солонгосын хойгт төдийгүй дэлхий дахинд өөрчлөлт авчирч чадсан гэдгийг Сөүл онцолж байна.

 Хамгийн сүүлд буюу энэ оны 9-р сарын 18-20-ны өдрүүдэд Пхеньян хотноо хоёр Солонгосын түүхэндээ тав дахь, харин он гарсаар гурав дахь дээд хэмжээний уулазлт болсон. Энэ уулзалтын дүнд Пхеньяны тунхаг баталж, талууд бүс нутагт харилцан дайсагнасан үйлдлээс татгалзаж, Өмнөд болон Умард Солонгосыг зааглаж байгаа хилийн зэвсэггүй бүсэд гал нээх зэрэг зэвсэгт мөргөлдөөнийг таслан зогсоохоор тохиролцсон.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний тэмдэглэснээр, БНАСАУ Йонбен дахь цөмийн туршилтын төвөө хаахаар болсон. Мөн хоёр улсын Батлан хамгаалахын сайд нар хилийн бүсийн агаарын орон зайд цэргийн онгоц хөөргөх, өргөн хүрээний артиллерийн сургуулилт хийх зэргийг зогсоосон.

БНСУ-ын Үндэсний эв нэгдлийн асуудал эрхэлсэн сайд Чо Мён Гён энэ өдрүүдэд АНУ-д ажиллаж байна. Тав хоног үргэлжлэх ажлын айлчлалын хүрээнд Солонгосын хойгийн энхтайван байдал, цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах ажлын талаар ярилцаж байгаа юм. Энэ үеэр тэрээр мөн Вашингтонд хандан хоёр Солонгос улс энэ онд дахин дээд хэмжээний уулзалт хийхгүйг мэдэгдлээ.

Өмнөд болон Умард Солонгос улс иргэний агаарын тээврийн салбарт хамтарна

Өмнөд болон Умард Солонгос улс иргэний агаарын тээврийн салбарт харилцаа, хамтын ажиллагаа эхлүүлэхээр ярилцаж байна. Хоёр улсын хилийн бүсэд Кэсон хотод байгуулагдсан Харилцаа холбооны төв офист өнөөдөр Сөүл болон Пхеньяны төлөөлөгчид хэлэлцээрийн ширээний ард суулаа. Уулзалтыг Умард Солонгосын тал санаачилжээ.

Хоёр улсын хилийн зэвсэггүй бүсэд өнгөрсөн сард байгуулсан БНСУ, БНАСАУ-ын харилцаа холбооны төв офист өнөөдөр өглөө 10 цагт тээврийн салбарын сайд дарга нарын уулзалт, хэлэлцээр эхэллээ. Иргэний агаарын тээврийн салбарт харилцан нислэг үйлдэж, Пхеньян Сөүлээр дамжуулан гуравдагч орон руу нислэг үйлдэх зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

9-р сарын дундуур Кэсонд хоёр Солонгосын харилцаа холбооны төв офис нээгдсэнээр долоо хоног бүр хоёр улс уулзалт, зөвлөгөөн дэд сайд нарын түвшинд зохион байгуулахаар тохиролцсон. Эхний хэлэлцээр 9-р сарын 28-нд болсон. Харин өнөөдрийнх гурав дахь удаагийн уулзалт зөвлөгөөн болж байна. Хэдий долоо хоног бүр уулзалт хийхээр товлосон ч, өнгөрсөн 10-р сард энэ төвд ямар нэгэн уулзалт, зөвлөгөөн болсонгүй. 11-р сар гарсаар 2-ны өдөр хоёр дахь уулзалт болж, Сөүл болон Пхеньяны талаас эв нэгдлийн асуудал эрхэлсэн сайд нараар ахлуулсан уулзалт болсон.

Трамп, Ким нар хоёр дахь уулзалтаараа төлөвлөгөө гаргана

Image result for трамп ким

6-р сарын 12-нд Сингапурт болсон АНУ, БНАСАУ-ын анхны дээд хэмжээний уулзалтаар Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахаар тусгасан. Гэвч нарийн төлөвлөгөөг талууд хэлэлцээгүй, хугацаа ч тогтоогоогүй нь олон улсад шүүмжлэл дагуулсан. Тэгвэл ирэх оны эхээр болохоор товлогдоод байгаа хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалтаар Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах төлөвлөгөөг хэлэлцэх гэнэ. Энэ талаар АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майкл Пенс мэдэгдлээ.

Уулзалтаар цаашдын нарийн төлөвлөгөөг хэлэлцэнэ. Харин уулзалтаас Вашингтон Пхеньянд хандан өөрийн цөмийн объект болон цөмийн зэвсгийн талаарх нарийн мэдээлэл, жагсаалт гаргаж өгөхийг бол шаардахгүй. Энэ асуудлыг дээд хэмжээний уулзалтаар ярилцах юм байна.

Ингэснээр Умард Солонгосын цөмийн зэвсгийн тоо нэршлийг тогтоох, цөмийн зэвсэг боловсруулах төвүүдийн нарийн мэдээлэл, мэдээж, цөмийн объектуудад шалгалт хийх зэрэг нарийн төлөвлөгөөг хэлэлцэх юм байна.

БНАСАУ-ын тухайд гэвэл цөмийн зэвсгээс ангижрах асуудалд үнэмлэхүй амжилт гарсан гэдгийг бол Сингапурт АСЕАН-ын дээд хэмжээний уулзалтад оролцохдоо АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс тэмдэглэлээ.

АНУ-БНАСАУ-ын лидерүүдийн түүхэндээ анхны дээд хэмжээний уулзалт энэ оны 6-р сарын 12-нд Сингапурт болсон. Пхеньян уулзалтын дүнд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулж, АНУ үүнийх нь хариу болгож аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөхөөр болсон. Гэхдээ ямар нэгэн тодорхой хугацааг талууд зөвшилцөөгүй. Дараа дараагийн уулзалтаар ярилцахаар тохиролцсон байна.

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Цагаан ордонд хэвлэлийн хурал хийхдээ, Умард Солонгосын удирдагчтай хийх ээлжит дээд хэмжээний уулзалт ирэх оны эхээр болно гэсэн юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө