Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

АУН САН СУ ЖИ ГЭЖ ХЭН БЭ?

  М.Даваадулам 2018-11-13 846

  ​ Мьянмарын нэрт хүний эрхийн төлөө тэмцэгч Аун Сан Су Жи олон улсын шагналаа ээлж дараалан хураалгаж байна. Энэ удаад олон улсын хүний эрхийг хамгаалах Amnesty International байгууллага хатагтай Аун Сан Су Жид 9 жилийн өмнө олгосон “Сайн санааны элч” шагналаа буцаахаар шийдвэрлэлээ. Энэ бүхэн Мьянмарт үргэлжилж байгаа лалын шашинт рохинжа үндэстнүүдийг олноор хомроглон устгаж байгаа явдалтай холбоотой.

Хүний эрхийн төлөө нэрт тэмцэгч энэ аймшигт харгислалыг хараад, гар хумхин сууж байгаа учир 2009 онд олгосон шагналаа буцааж байна.  

Мьянмарын улс төрийн сөрөг хүчний “Ардчиллын төлөөх үндэсний лиг” намын тэргүүн, Мьянмар улсын Гадаад хэргийн сайд, төрийн зөвлөх Аун Сан Су Жигийн шагналыг буцааж байгаа талаар Amnesty International байгууллагын албан ёсны вэбсайтад мэдээлсэн байна.

Мөн тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Куми Найду хатагтай Аун Сан Су Жид шагналыг нь хурааж буй тухай захидлаар мэдэгдсэн байна. Өмнө нь тэмцэж байсан үнэт зүйлсээ орхигдуулан гээгдүүлсэн хэмээн шалтгааныг нь тайлбарлаж байна. Мьянмарын зэвсэгт хүчнийхний үйлдэж буй харгислалд анхаарал хандуулаагүй, хүний эрхийг хамгаалахад өөрийн улс төрийн нэр хүндээ ашиглаагүйд харамсаж байгаагаа ч Amnesty International байгууллагын тэргүүн илэрхийлжээ. “Та цаашид итгэл найдвар, эр зориг, хүний эрхийн төлөөх эцэж цуцалтгүй тэмцлийн бэлгэ тэмдэг байхаа больсонд бид харамсаж байна” гэж захидалдаа бичжээ.

Олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагын үзэж байгаагаар Аун Сан Су Жи 2016 онд Мьянмар улсын Гадаад хэргийн сайд болон Ерөнхий сайдтай эн дүйцэхүйц Төрийн зөвлөхийн албан тушаалд томилогдсон. Гэвч түүний тэргүүлсэн “иргэний” гэгдэх тодорхойлолт бүхий Засгийн газар хүний эрхийг олонтаа зөрчсөн үйлдэл бүртгэгдсэн байна. Мьянмарын Ракхайн мужид лалын шашинт рохинжа үндэстнүүдийн эсрэг цэргийнхэн харгислал үйлдэж байхад, энэ асуудлыг шүүмжлэн мэдэгдэл хийхгүй байгаад Аун Сан Су Жиг Amnesty International байгууллага удаа дараа буруутгасан юм.

Image result for АУН САН СУ ЖИ

Ардчилал, хүний эрхийн төлөөх энхтайван тэмцлийнх нь төлөө Amnesty International байгууллага Аун Сан Су Жуиг 2009 онд “Сайн санааны элч”-ээр өргөмжилжээ. Тухайн үед тэрээр гэрийн хорионд байсан юм.

 

Өмнө Нобелийн хороо мөн Аун Сан Су Жид олгосон Нобелийн энхтайвны шагналаа хураах эсэх асуудлаар зөвлөлдсөн. Мьянмарт ажилласан НҮБ-ын баг тайландаа лалын шашинт рохинжа үндэстнүүдийг олноор нь хомроглох хороох хэрэгт Мьянмарын цэрэг арми оролцсон бөгөөд Засгийн газар үндэстний цөөнх лалын шашинт рохинжа нарыг зэвүүцэх суртал ухуулга түгээсэн гэж онцолсон юм. Ингэснээр Нобелийн хороо 1991 онд хатагтай Аун Сан Су Жид олгосон шагналаа буцаах асуудлыг хөнджээ.

Аун Сан Су Жиг Канад улс одоогоос 11 жилийн өмнө 2007 онд хүндэт иргэнээрээ өргөмжилсөн. Гэвч мөн л рохинжа үндэстнүүдийн асуудлаас үүдэн өнгөрсөн сарын эхээр Канад улс хүндэт иргэний өргөмжлөлөө хураан авсан. Энэ бол Канад улсын түүхэн дэх анхны ийм тохиолдол болсон юм. Мьянмар дахь лалын шашинт рохинжа үндэстнүүдийн геноцидыг шүүмжлэхээс татгалзсаных нь төлөө Оттава ийнхүү шийдвэрлэжээ. Канад улс өнөөдрийг хүртэл арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг гал цогтой тэмцэгч Нельсон Мандела, Далай лам зэрэг 5 хүнд л энэ шагналыг олгосон байдаг байна.

Энэ оны 3-р сард мөн Вашингтоны Холокостын музей “Эли Визелийн” шагналыг Аун Сан Су Жигээс буцаасан. Музейн удирдлагууд Мьянмарын Төрийн зөвлөх, Гадаад хэргийн сайдын хувиар лалын шашинт рохинжа үндэстнүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоогоогүйд нь гайхширч байгаагаа илэрхийлсэн юм.

НҮБ Мьянмарын эрх баригчдыг геноцид үйлдсэнд буруутгав

 Буддын шашинтнууд болон лалын шашинт рохинжа иргэд хоорондын маргаан одоогоос хоёр жилийн өмнө хурцадсан. Зэвсэглэсэн этгээдүүд цагдаагийн пост руу халдсанаар, Засгийн газрын цэрэг арми Ракхайн мужид тусгай ажиллагаа явуулсан. Улмаар олон зуун лалын шашинтан амиа алдаж, олон арван мянга нь хөрш зэргэлдээх Бангладеш улс руу дүрвэхэд хүрсэн юм. НҮБ Мьянмарын эрх баригчдыг геноцид буюу үндэстнийг үй олноор нь хомроглон устгах ажиллагаа явуулсанд буруутгаж байна. Мөн үүнийх нь төлөө Мьянмар улсын эрх баригчдыг шүүхэд дуудах ёстой гэж үзэж байна.

НҮБ-ын мэргэжилтнүүд энэ зун Мьянмар улсад ажилласан. Тэдний тайланд дурьдсанаар, “үндэстний цэвэрлэгээний” улмаас 10,000 хүн нас барж, хөрш зэргэлдээх Бангладеш улс руу 700,000 рохинжа үндэстэн дүрвэжээ. Энэ хэргийн хариуцлагыг Мьянмар улсын зэвсэгт хүчний удирдлагууд, төрийн тэргүүн, Нобелийн энхтайвны шагналт Аун Сан Су Жи, сошиал сүлжээ, юуны түрүүнд Facebook сүлжээ хүлээх ёстой гэсэн юм.

Facebook компани энэ гомдлын дагуу Мьянмарын цэргийн удирдагчдын 12 сая дагагчтай 52 хуудас, 18 мэдэгдлийг устгажээ. Мөн Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч генерал Мин Аунг Хлайн зэрэг 20 хувь хүн, байгууллагыг Facebook хар жагсаалтандаа нэмсэн байна.

Рохинжа нь Мьянмар болон хөрш зэргэлдээх Бангладеш улсын газар нутагт оршин суудаг үндэстний цөөнх. Мьянмар улсын 55 сая хүн амын 800,000 гаруй нь рохинжа үндэстэн. Мьянмарын хүн амын 90% буддын шашинт бол рохинжа үндэстнүүд лалын шашны суннит урсгалыг дагагч. 

Мьянмарын Ракхайн мужийн газарт нутагт амьдардаг рохинжа үндэстнүүд өөрсдийгөө Мьянмарын нутгийн уугуул иргэд гэж үздэг. Мьянмарын эрх баригчид харин тэдгээрийг салан тусгаарлагчид, эсхүл Бангладешийн хууль бус дүрвэгсэд гэж нэрлэж байгаа юм. Мьянмар улсын 1982 оны Иргэншлийн тухай хуулийн дагуу рохинжа үндэстнүүдийг Мьянмар улсын иргэд хэмээн тооцдоггүй, тиймээс тэд ямар нэгэн эрх эдэлдэггүй байна.

Аун Сан Су Жи гэж хэн бэ?

 Мьянмарын нэрт хүний эрхийн төлөө тэмцэгч Аун Сан Су Жи гэж хэн бэ? Түүний эцэг Аун Сан нь Мьянмар улсын орчин цагийн зэвсэгт хүчнийг үүсгэн байгуулагч, мөн 1947 онд Британийн вант улсаас тусгаар тогтнох хэлэлцээрт оролцож байсан. Гэвч Засгийн газрын бусад гишүүдийн хамтаар 1947 онд алагджээ. Харин түүний ээж Кхин Жи мөн л нэртэй улс төрч байжээ.

 Аун Сан Су Жигийн ээж Мьянмар улсын шинэ Засгийн газрын ивээлд багтаж, 1960 онд Мьянмар улсаас Энэтхэг улсад суух Элчин сайдаар томилогдож байжээ. Аун Сан Су Жи ч ээжийнхээ зам мөрөөр явж, Нью Делид боловсрол эзэмшсэн байна. 1964 онд коллежоо төгсчээ. Дараа нь Оксфордын их сургуулийн Сэйнт Хью коллежид элсэн суралцаж, 1969 онд гүн ухаан, улс төр, эдийн засгийн ухааны бакалаврын зэрэг хамгаалжээ. Их сургуулиа төгсөөд Нью-Йоркт амьдарч, НҮБ-д 3 жил ажилласан байна. Ингэхдээ ихэвчлэн санхүүгийн асуудал эрхэлж байжээ. 1972 онд тэрээр Төвөд судлаач Британийн иргэн Михаэль Эйристэй хуримлажээ. Хоёр хүүтэй. 1985 онд Аун Сан Су Жи Лондоны их сургуулийн Дорнын болон Африк судлалын сургуульд философийн ухааны докторын зэрэг хамгаалсан байна. 1990 онд сургуулийнхаа хүндэт гишүүнээр сонгогджээ.

1988 онд Аун Сан Су Жи Мьянмар улсад эргэн очиж, өвчтэй ээжийгээ асарч байжээ. Удалгүй ардчиллыг дэмжигч хөдөлгөөнийг тэргүүлжээ. Түүний нөхөр Михаэль Эйрис Бутанд амьдарч байсан бөгөөд 1997 онд хорт хавдартай нь оношлогдож, эхнэртэйгээ уулзахыг Мьянмарын Засгийн газраас хүсчээ. Энэ хүсэлтийг нь католик шашны тэргүүн Ромын хамба лам 2-р Иоанн Павел болон НҮБ-ын тэргүүн Кофи Аннан нар дэмжиж, Мьянмар улсын эрх баригчдад хүсэлтийг хүлээн авахыг зөвлөсөн боловч Мьянмар улсын эрх баригчид хүсэлтийг хүлээн аваагүй байна. Харин Аун Сан Су Жиг эх орноосоо гарч, нөхөртэйгээ уулзахыг санал болгожээ. Гэвч төрийн эрхийг барьж байсан цэргийнхэн Аун Сан Су Жиг эргүүлэн Мьянмар улсад нэвтрүүлэхгүй байхвий гэж болгоомжлон, бие нь муу байсан нөхөртэйгээ уулзахаас татгалзах хүндхэн шийдвэр гаргаж байжээ.

Аун Сан Су Жигийн улс төрийн карьер

Image result for АУН САН СУ ЖИ

Аун Сан Су Жи 1988 онд эх орондоо эргэн хөл тавих үед олон жил Бирм улсыг удирдсан цэргийн удирдагч, төрийн эрхийг баригч намын тэргүүн Не Вин огцорчээ. Генерал төрийн эрхнээс буухтай зэрэгцэн улс даяар ардчилал тогтоохыг шаардсан жагсаал, хөдөлгөөн газар авсан байна. Энэ хөдөлгөөн 1988 оны 8-р сарын 8-нд эхэлсэн бөгөөд түүхэнд “Бослого 8888” гэж тэмдэглэгдэн үлджээ. Энэ хөдөлгөөнд Аун Сан Су Жи идэвхтэй оролцож, улс оронд ардчилсан ёс тогтоох талаар хагас сая гаруй хүнд илтгэл тавьж байжээ. Гэвч “Бослого 8888” хөдөлгөөнийг аймшигтайгаар, хүчээр дарж, цэргийнхэн тухайн оны намар төрийн эрхийг атгажээ.

Аун Сан Су Жи нь Махатма Ганди болон Лютер Кингийн хүч хэрэглэхгүйгээр ардчилал, хөгжил цэцэглэлтэд хүрэх сургааль, буддын шашны үнэт зарчмуудыг ашиглан ардчилсан ёс тогтоохын төлөөх тэмцлээ үргэлжлүүлж, “Ардчиллын төлөөх үндэсний лиг” намыг 1988 оны 9-р сарын 27-нд байгуулжээ. Харин дараа онд нь гэрийн хорионд орсон байна. Мьянмарын тухайн үеийн эрх баригчид Аун Сан Су Жид эх орноо орхин явах боломж олгосон ч, тэрээр татгалзжээ.

Аун Сан Су Жигийн нам 1990 оны сонгуульд 59% санал авч, Парламентад 80% мандат авсан байна. Гэвч Аун Сан Су Жиг өөрөө нэр дэвшихийг нь цэргийн дэглэм хориглосон байдаг. Аун Сан Су Жиг Ерөнхий сайд болно гэж харж байсан ч, цэргийнхэн төрийн эрх мэдлийг шилжүүлэн өгөхөөс татгалзсан. Ингэснээр нийслэл Янгон хот дахь гэртээ Аун Сан Су Жи үргэлжлүүлэн хоригдох болжээ.

1990 онд Европын Парламент Сахаровын нэрэмжит хүний эрхийн төлөөх дээд шагналаа Аун Сан Су Жид олгосон бол үүнээс нэг жилийн дараа Нобелийн хороо  ч Энхтайвны шагналаа түүнд олгосон. Шагналыг нь Аун Сан Су Жигийн хөвгүүд ээжийнхээ өмнөөс гардан авчээ.

Аун Сан Су Жи 15 жилийг гэрийн хорионд өнгөрүүлсэн. 2010 оны 11-р сард суллагдсан. Түүнийг “энхтайван байдал, нийгмийн тогтвортой байдлыг ганхуулах эрсдэлтэй хүн” хэмээн Мьянмарын эрх баригчид үзэж байсан учир гэрийн хорионд олон жил байлгажээ. 2010 оны 11-р сард Мьянмар улсад 20 жилийн дараа анхны сонгууль явагдаж, “Шударга ёс, хөгжлийн төлөөх эвсэл” нам ялалт байгуулснаар, Аун Сан Су Жиг суллах шийдвэрийг ялалт байгуулснаасаа нэг хоногийн дараа гаргаж байжээ.

Аун Сан Су Жи шууд л улс төрийн үйл хэрэгтээ орж, 2012 оны сонгуульд ялалт байгуулж, 2016 оны сонгуульд түүний тэргүүлдэг “Ардчиллын төлөөх үндэсний лиг” нам Парламентын дээд болон доод танхимд олонхийн суудал авсан юм. Улмаар Аун Сан Су Жи Мьянмарын улсын Ерөнхийлөгчөөр сонгогдох байсан ч, нөхөр нь гадаадын буюу ИХ Британийн иргэн, хөвгүүд ч нь харь нутгийн иргэншилтэй учир улсын хуулийн дагуу энэ суудалд суух боломжгүй байсан. Харин Гадаад хэргийн сайд болон Төрийн зөвлөх буюу Ерөнхий сайдын суудалд суусан юм.

Мьянмар улс

Зүүн Өмнөд Азид, Энэтхэг-Хятадын хойгийн баруун хэсэгт байрлах Мьянмар улсыг 1989 оныг хүртэл Бирмийн Эвсэл социалист бүгд найрамдах улс буюу товчоор Бирм гэдэг байжээ. Гэхдээ “Бирм” гэдэг нь олон улсад ихэвчлэн хэрэглэгддэг байсан нэршил юм. Тус улсын иргэд дунд энэ нэршил төдий л тархаагүй байдаг байна. Мьянмар гэдэг нь бирм хэлээр “хурдан”, “хүчтэй” гэсэн утга илэрхийлнэ. Мөн “мья” гэдэг нь “маргад эрдэнэ” гэсэн утга ч илэрхийлдэг байна.

2005 оныг хүртэл 7 сая хүн амтай Янгон хотод нийслэл нь төвлөрч байсан бол шинээр барьсан Нейпьидо хотод Мьянмарын төр захиргааны байгууллагууд нүүгээд 13 жил болж байна. Өнөөдөр Мьянмарын шинэ нийслэл нэг сая орчим хүн амтай.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө