Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

КАЛИФОРНИД ДЭГДСЭН ТҮЙМРИЙН УЛМААС 25 ХҮН АМИА АЛДЖЭЭ

  Б.Оюун 2018-11-12 302

АНУ-ын Калифорни мужид энэ мужийн түүхэнд гарч байгаагүй томоохон ой хээрийн түймэр дэгдэж, Калифорнийн Парадайс нэртэй хот түймэрт бүхэлдээ автан сүйдэж, Малибу хотоос иргэд оршин суугчдыг нь нүүлгэн шилжүүлээд байна.

Нийтдээ Калифорнид дэгдсэн түймрийн улмаас орон нутгийн эрх баригчдынх нь мэдээлж байгаагаар 25 хүн амиа алдаж, 35 хүн сураггүй алга болсонд тооцогдож, 250 мянган хүн гамшгийн улмаас орон гэрээ орхин дүрвэн зугтахад хүрчээ. Калифорнийн эрх баригчид гамшгийн бүсээс цаашлаад бараг сая гаруй иргэнийг түр нүүлгэн шилжүүлэх шаардлага тулгарч болзошгүй гэж эмээж байна. Учир нь Калифорнийн томоохон хот болох Лос Анжелес хот, мөн эндхийн алдартай наран шарлагын газар бүхий далайн эргийн Малибу түймэрт автах аюултай байгаа юм.

ДОНАЛЬД ТРАМП КАЛИФОРНИЙН ЭРХ БАРИГЧДЫГ ШҮҮМЖИЛЖЭЭ

 

пожары в Калифорнии

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Калифорнид дэгдсэн түймрийн талаар өөрийн твиттер хуудсан дээрээ жиргэж, энэ мужийн эрх баригчдыг ойн аж ахуй, ой хамгаалалтын ажлаа зөв явуулахгүй байгаагаас хуурай халууны улиралд түймэр дэгдэж, их хэмжээний хохирол сүйрэл авчрах хэмжээний нөхцөл байдал үүсгэж байгаад буруутгасан байна. Цагаан ордны тэргүүн Калифорнид жил бүр их бага хэмжээгээр түймэр дэгдэж, энэ хирээр их хэмжээний хөрөнгө мөнгө аюул гамшгаас урьдчилан сэргийлэх боломжтой нөхцөл байдалд зарцуулагдаж, иргэд амь нас, эрүүл мэнд, хөрөнгөөрөө хохирч байгаад ихээхэн шүүмжлэлтэй хандсан байна. Трамп Калифорнийн эрх баригчдыг ойн аж ахуй, ойн түймрээс урьдчилан сэргийлэх тал дээр илүүтэй анхаарал хандуулж, гамшгаас сэргийлэх боломжтой бүхий л арга хэмжээг авч, цаашид ийм гамшигт үзэгдэл давтагдуулахгүй байхад анхаарч ажиллахыг даалгаж, хэрвээ хүний хүчин чармайлтаар зохицуулж болох гамшгаас сэргийлж ажиллаж чадахгүй бол цаашид мужийн санхүүжилтэд улсаас олгодог хөрөнгө мөнгийг танах болно гэж хатуухан мэдэгдсэн байна.

КАЛИФОРНИ ТҮЙМЭР 42 МЯНГАН ГА ТАЛБАЙ ХАМАРЧЭЭ

пожары в Калифорнии

Тэгвэл өнгөрсөн долоо хоногоос эхлэн Калифорнид дэгдсэн түймэр энэ мужийн түүхэнд гарсан хамгийн томоохон, хамгийн өргөн хүрээнд дэгдсэн түймэр болсон юм. Калифорнийн хойд хэсгийг хамран ассан түймэр бараг 42 мянган га газар хамран асч, нутгийн иргэд үүнийг “чөтгөрийн гал”, “тамын гал” гэж нэрлэсэн байна.

Ойн түймэрт Калифорнийн Парадайс хот бүхэлдээ автан шатаж, энд 7 мянга гаруй барилга байшин үнсэн нурам болтлоо шатаж, сэргээн засварлах аргагүйгээр сүйджээ.

Өмнөд Калифорнид мөн түймрийн хоёр голомт асч, Лос Анжелес хотын захын дүүргүүд болоод Вентура тойргийг хамран шатжээ. Түймрийн голомт ердөө нэг хоногийн дотор хоёр дахин их газар, талбайг хамран асч, Номхон далайн зүг хүрээгээ тэлсэн байна. Ийнхүү далай тийш хүрээгээ тэлснээс эрэг хавийн газрууд, тэр дундаа алдарт Малибу-гийн наран шарлагын газрыг чиглэн ассан байна.

3 ТОЙРОГТ ОНЦГОЙ БАЙДАЛ ТОГТООЖЭЭ

пожары в Калифорнии

Калифорнид дэгдсэн ойн түймэр хойд болон өмнөд гэсэн хоёр хэсгээр асчээ. Танд дээр хэлсэнчлэн энэ удаагийн түймэр хамарсан хүрээгээрээ мужийн түүхэнд тохиолдож байгаагүй хамгийн өргөн цар хүрээтэй, хамгийн их гамшиг сүйрэл дагуулсан түймэрт тооцогдож байна.

Энд бүхэл бүтэн хот, дүүрэг, Холливудын оддын эдлэн газрууд, барилга байшингууд шатжээ.

Өнөөдөр Калифорни мужийн 3 томоохон тойрогт онцгой байдал тогтоогоод байна. Хэдийгээр гал сөнөөгчид болон аврагчид амрах завгүй ажиллаж байгаа ч тэд өнөөдрийн байдлаар түймрийн ердөө 10%-ийг нь бүрэн унтрааж чаджээ. Түймрийн голомтыг бүрэн унтраахын тулд тэдэнд дор хаяж 3 долоо хоногийн хугацаа хэрэгтэй гэж үзэж байна.

Түймэр анх Лос Анжелесаас холгүй, тодруулбал баруун хойд хэсэгт байрлах Таусенд-Оукс хотод гарчээ. Энэ хотын нэр өнгөрсөн долоо хоногт олон улсын мэдээгээр мөн олонд хүрч, энд тэнгисийн цэрэгт алба хааж байсан нөхөр орон нутгийн бааранд галт зэвсгээр гал нээж 12 хүний аминд халдсан тухай мэдээлэл олныг цочирдуулж байсан. Тэгвэл чухам энэ хотоос Калифорнид дэгдсэн түймэр мөн эхтэй байжээ.

Таусенд-Оукс хотод дэгдсэн түймрээс шалтгаалан эндхийн 75 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлжээ. Тэгвэл энэ хотоос баруун зүгт байрлах Малибу хот, мөн эндээс холгүй байрлах Кала-басас хотоос оршин суугчдыг нь нүүлгэн шилжүүлсэн байна. Чухам Кала-басаст Америкийн нэр алдартай хүмүүсийн эдлэн газрууд олноороо байдаг юм. Тэр дундаа Америкийн реалити шоуны од Ким Кардашьян болон түүний нөхөр реппер Канье Уэстын эдлэн энд байдаг гэнэ. Канье болон Ким нар инстаграм хуудсан дээрээ “азтай тохиолдлоор бид түймрээс хол өнгөрч чадлаа. Гэхдээ аюулгүйн үүднээс хамгийн чухал шаардлагатай гэсэн зүйлсээ аваад бид ч мөн орон гэрээ орхин явах шаардлагатай болсон” гэж бичсэн байна.

ПАРАДАЙС ХОТ

пожары в Калифорнии

Калифорнид дэгдсэн түймэрт Парадайс нэртэй хот мөн ихээхэн өртөн сүйдсэн. 26 мянган хүн амтай энэ хотод 5 хүн түймрийн улмаас амиа алдаж, хотоос иргэдийг нь яаралтай нүүлгэн шилжүүлжээ.

Нийтдээ Калифорни мужийн нутаг дэвсгэр дээр түймрийн 16 голомт бүртгэгдсэн юм. Мужийн хойд хэсгээр түймрийн аюул гамшиг хамгийн өндөр байж, энд “улаан” буюу хамгийн дээд түвшний аюулын зэрэг тогтоожээ. Түймрийг унтраах ажил үргэлжлэн явагдаж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө