Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Америкийн Конгресст түүхэндээ хамгийн олон эмэгтэй сонгогдлоо

  М.Даваадулам 2018-11-08 627

Лхагва гарагт Америкт Конгрессын завсрын сонгууль болсон. Сонгуулийн эцсийн дүн мэдээ гарах болоогүй. Урьдчилсан мэдээлэл муж тойрог бүрээр гарч байна. Энэ удаагийн сонгууль Америкийн түүхэнд “хамгийн” гэсэн тодотголоор дүүрэн байх нь ээ. Зардал нь түүхэн дээд хэмжээнд хүрсэн гэж мэдээлж байсан. Тэгвэл хамгийн олон эмэгтэй гишүүнтэй, лалын шашинт гишүүнтэй, дүрвэгсдийн гэр бүлээс гаралтай гишүүнтэй, ижил хүйстэн гишүүнтэй гээд “анхных” гэсэн олон ч тодотголтой байх бололтой. Мөн урьдчилсан мэдээллээр Ардчилагчид Конгресст олонхи болох төлөвтэй байна.

Урьдчилсан мэдээллээр, Ардчилсан нам Төлөөлөгчдийн танхимд олонхийн суудал эзэмших бол Бүгд найрамдахчууд Сенатад хяналтаа тогтоох гэнэ.

Энэ жилийн сонгууль дээд амжилтаар дүүрэн байна. Хамгийн олон буюу 227 эмэгтэй нэр дэвшсэн. Мөн хамгийн олон эмэгтэй ч шат бүрт сонгогдож байгааг The New York Times онцоллоо.

Нью-Йоркийн 14-р тойргоос сонгогдсон Ардчилсан намын нэр дэвшигч Алехандрия Окасио Кортес нь Конгрессын хамгийн залуу эмэгтэй гишүүн боллоо. Тэрээр 29 настай. Окасио Кортесийг Конгрессын доод танхим дахь Ардчилагчдын шинэ лидер болж чадна, Нэнси Пэлосиг орлож чадна гэж шинжээчид харж байна.

Анх удаагаа Конгресст лалын шашинт бүсгүй сонгогдсон бөгөөд нэг биш бүр хоёр лалын шашинт бүсгүй Америкийн Парламентад суух нь ээ. Тэд бол Мичиган мужаас сонгогдсон Палестин гаралтай Рашид Тлаиб болон Миннесотагаас сонгогдсон Сомали гаралтай Ильхан Омар нар юм.  

Тэд хоёул Ардчилсан намаас нэр дэвшигчид. Сомалийн дүрвэгч 37 настай, гурван хүүхдийн ээж Ильхан Омар Миннесотад 78.4% санал авчээ. Палестины дүрвэгсдийн охин Рашид Тлаиб Мичиганд 89.7% санал авчээ.

Мөн Ардчилагчдын бас нэгэн нэр дэвшигч Айанна Пресли нь Массачусетс мужаас сонгогдсон анхны өнгөт арьст Конгрессвүмэн болж байна.

Мөн анх удаа индиан гаралтай бүсгүй Конгресст сонгогдлоо. Нью-Мексик мужаас Дебра Хааланд, Канзасаас Шарис Дэвидс нар сонгогджээ. 

Колорадо мужийн захирагчаар ч түүхэндээ анх удаа ижил хүйстэн сонгогдлоо. Энэ бол Ардчилсан намын гишүүн Жаред Полис.

АНУ-ын Хариуцлагатай улс төрийн төв төрийн бус байгууллагын мэдээллээр энэ удаагийн завсрын сонгууль нь Америкийн түүхэн дэх хамгийн өртөг өндөртэй сонгууль болж байна. Учир нь 5.2 тэрбум ам.доллар зарцуулжээ. Энэ нь 2014 оны сонгуультай харьцуулахад 35% өндөр үзүүлэлт юм.

Мөн энэ удаагийн сонгуулийн ирц түүхэн дээд үзүүлэлт ч тогтоожээ.

Мичиган, Юта болон Висконсин гэсэн гурван муж марихуаны хэрэглээг зөвшөөрөх эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулсан. Ингэхдээ янз бүрийн түвшинд хуулийн хүрээнд тус мансууруулах төрлийн бодисын хэрэглээг хүлээн зөвшөөрөх асуудал яригджээ.

Урьдчилсан мэдээллээр, Мичиганд сонгогчдын 56.7% нь марихуаныг амралтын зориулалтаар хэрэглэхийг зөвшөөрүүлэхийн төлөө санал өгсөн байна. Юта мужид марихуаныг эмчилгээний зориулалтаар ашиглах талаар санал асуулга явуулсан бөгөөд үүнийг сонгогчдын 53.2% нь дэмжжээ.

Юта болон Мичиган муж хуулиндаа өөрчлөлт оруулахаар болж байна. Харин Висконсин мужид бүх нийтийн санал асуулга нь зөвлөх статустай байсан бөгөөд хуулинд ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй юм байна.

АНУ-ын Конгрессын энэ удаагийн завсрын сонгуулиар дээд танхим Сенатын 100 гишүүний 35-ыг шинээр сонгоно. Мөн доод танхим болох Төлөөлөгчдийн танхимын 435 гишүүнийг шинээр сонгож байгаа юм. Түүнчлэн 39 мужийн захирагчийг сонгохоос гадна 46 мужийн хууль тогтоох байгууллагын сонгууль ч явагдсан юм.

Конгрессын сонгууль нь тогтсон уламжлалын дагуу тэгш оны 11-р сарын эхний мягмар гарагт болдог. Өндөр жилд Конгрессын сонгууль Ерөнхийлөгчийн сонгуультай давхцдаг бөгөөд үндэсний сонгууль гэж нэрлэдэг. Харин өндөр бус жилийн сонгуулийг “завсрын” гэж нэрлэдэг. Учир Ерөнхийлөгчийн сонгууль болсноос хоёр жилийн дараа, мөн дараагийн Ерөнхийлөгчийн сонгууль болохоос хоёр жилийн өмнө болдог учир “завсрын” гэж нэрлэдэг байна. Олон жилийн үзүүлэлтийг харахад завсрын сонгуулийн ирц үндэсний, бүх нийтийн сонгуулийнхтай харьцуулахад тааруу байдаг байна. Гэхдээ улс төрийн тогтолцоонд үзүүлэх нөлөөлөл нь өндөр юм.

Конгресст олонхийн суудал авсан нам хууль тогтооход давуу эрхтэй бөгөөд улс төрийн бодлого тодорхойлоход чухал ач холбогдолтой. Хэрэв энэ нь Ерөнхийлөгчийн намын эсрэг буюу сөрөг хүчин бол Ерөнхийлөгчийн аливаа санаачилгад хориг тавих эрх эдэлнэ.

Конгрессийг хяналтандаа авахын тулд аль нэг улс төрийн хүчин хамгийн багадаа Сенатад 51 суудал, Төлөөлөгчдийн танхимд 218 суудал авах ёстой. Бүгд Найрамдахчууд сонгуулийн өмнөх байдлаар дээд болон доод танхимд олонхийн суудал эзэмшдэг юм.

Орон нутгийн сонгууль ч мөн чухал ач холбогдолтой. Аль нэг мужийн эрхийг барьж байгаа улс төрийн нам нь арван жил тутамд сонгуулийн тойргийн хэмжээ, хязгаарыг өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн өөрчлөх эрхтэй байдаг. Ингэснээр дараагийн сонгуульд улс төрийн дүр зураг өөрчлөгдөх боломжтой юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө