Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗАР ЕХ-ТОЙ ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ БҮС БАЙГУУЛАХЫГ ДЭМЖИВ

  М.Даваадулам 2018-11-07 258

   Япон улсын Сайд нарын танхим ЕХ-той чөлөөт худалдааны бүс байгуулах асуудлыг хэлэлцэж дэмжлээ. АНУ дотоодын эдийн засгаа хил гаалийн бодлогоор хамгаалж байгаа энэ цаг үед арлын улс буурал тивийн орнуудтай эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаагаа тэлж байна. Вашингтоны хэт түрэмгий гадаад бодлого Токио болон Брюсселийн чөлөөт худалдааны бүс байгуулах асуудлыг түргэсгэж байна гэж шинжээчид харж байгаа юм. ЕХ-той чөлөөт худалдааны бүс байгуулах асуудлыг одоо Япон улсын Парламент хэлэлцэнэ. Япон болон ЕХ-ны чөлөөт бүс байгуулснаар энэ бүсэд дэлхийн худалдаа эргэлтийн 40%, мөн дэлхийн ДНБ-ийн 30% оногдоно гэж Токио харж байна. Холбогдох баримт бичгийг ЕХ ч мөн хэлэлцэж байгаа. Европын Парламент 12-р сарын 12-нд холбогдох гэрээг батлах эсэх асуудлыг хэлэлцэнэ. Харин эцсийн байдлаар 12-р сарын 20-ны өдөр Брюссель шийдвэрээ гаргах товтой байна.

ЕХ болон Азийн эдийн засгийн хүчирхэг гүрэн хооронд эдийн засгийн түншлэл байгуулах тухай хэлэлцээрийн үндсэн заалтуудыг одоогоос жилийн өмнө зөвшилцсөн. Гэрээний дагуу Японы тал Европоос импортлох бараа бүтээгдэхүүний 94%-ийг импортын татвараас чөлөөлнө. Харин ЕХ Японоос худалдан авах бараа бүтээгдэхүүний 99%-ийг, тэр дундаа автомашиныг импортын татвараас чөлөөлөх юм.

Энэ оны 7-р сард Япон, ЕХ-ны дээд хэмжээний уулзалт Токиод болсон. Японы нийслэл Токио хотноо Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, Европын зөвлөлийн тэргүүн Доналд Туск, Еврокомиссийн тэргүүн Жан Клод Юнкер нар уулзаж, чөлөөт худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.

Шинээр баталсан баримтын дагуу Япон улс Европоос импортлох  хүнсний бүтээгдэхүүнд оногдуулах татварыг юуны түрүүнд тэглэнэ. Харин Европчууд Японоос импортлох автомашин, ахуйн цахилгаан хэрэгсэл зэрэгт оногдуулах татвараа тэглэх гэнэ. Мэдээж, энэ бүхэн гэрээ хэрэгжиж эхэлснээс 6-8 жилийн дараа жигдэрнэ гэж эдийн засагчид харж байна. Харин чөлөөт худалдааны гэрээ ирэх оны 3-р сараас буюу Их Британи улс ЕХ-ны бүрэлдэхүүнээс гарсны дараа хэрэгжиж эхлэх болов уу гэж үзэж байна.

Япон – ЕХ хооронд чөлөөт худалдааны гэрээ байгуулах асуудлыг 2011 онд Японы тухайн үеийн Ерөнхий сайд Наото Кан, Европын холбооны тухайн үеийн тэргүүн Херман Ван Ромпёй нар эхлүүлжээ. Улмаар 2013 оны 4-р сард энэ асуудлаарх анхны хэлэлцээрийг Брюссель, Токио зохион байгуулсан байна. Токиогийн хувьд юуны түрүүнд харьцангуй өндөрт тооцогдох автомашин, цахилгаан хэрэгслийн татвараа хөнгөлүүлэхийг эрмэлзэж байсан юм. Японы автомашинд 10%, цахилгаан хэрэгсэлд ЕХ 14%-ийн импортын татвар оноодог байна.

Чөлөөт худалдааны гэрээнээс Брюссель ч хожно. Гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр Япон руу экспортлох Европын бараа бүтээгдэхүүн 30% нэмэгдэнэ. Тэр дундаа бяслаг, дарс, гахайн мах, гоймон зэрэг хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт өснө.

Япон, ЕХ-ны худалдааны тэнцэл бараг л адил тэнцүү. Экспорт, импорт тус бүр 8 их наяд иен буюу 27 тэрбум ам.доллартай тэнцэнэ.

Япон улс ЕХ-ноос дийлэнхдээ химийн болон эмийн бүтээгдэхүүн, мөн хүнсний бүтээгдэхүүн худалдан авдаг бол, буурал тив рүү автомашин, автомашины эд хэрэгсэл, цахилгаан хэрэгсэл экспортолдог байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хил гаалийн бодлогоор дотоодын зах зээлийг хамгаалах бодлого явуулж, хөнгөн цагаан, гангийн татвараа нэмээд байгаа. Тэгвэл энэ удаад Токио, Брюссель чөлөөт худалдааны гэрээ байгуулж байгаа нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “дохио” боллоо гэж Европын хэвлэлүүд бичиж байна. Учир нь Брюссель хил гаалийн бодлогыг эрс эсэргүүцэгч юм аа гэдгийг онцолж байгаа юм.

Япон улстай байгуулсан чөлөөт худалдааны гэрээ нь Брюссель болон Токио “нээлттэй, шударга, дүрэм журамд суурилсан” худалдаа явуулахыг хүсч, мөн итгэж байгаагийн илрэл гэдгийг ноён Жан Клод Юнкер тэмдэглэсэн юм.

Шинэ эдийн засгийн бүсийн ДНБ дэлхийн нийт эдийн засгийн 30%-ийг эзэлнэ гэдгийг Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ хэллээ. Мөн шинэ гэрээ хэрэгжсэнээр Япон улсад 300,000 ажлын байр шинээр нэмэгдэж, дотоодын ДНБ 45 тэрбум ам.доллараар өснө гэдгийг Япон улсын Эдийн засгийн сайд Хирошигэ Сэко онцоллоо.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө