Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ЯПОНЫ ШИНЭ ХААНЫГ ЗАЛАХ ӨДРИЙГ ҮНДЭСНИЙ БАЯР БОЛГОН ЗАРЛАВ

  М.Даваадулам 2018-10-12 1218

Япон улсын угсаа залгамжлах ханхүүг ирэх оны 5-р сарын 1-ний өдөр хаан ширээнд албан ёсоор зална. Энэ өдрийг Япон улсын Засгийн газар үндэсний баяр болгон зарлалаа. Ингэхдээ зөвхөн 2019 оны 5-р сарын 1-ний өдрийг л Үндэсний баяр болгоно. Дараа дараагийн жилүүдэд энэ өдөр энгийн өдөр байна гэж мэдээллээ.

 Япончууд дөрөвдүгээр сарын сүүлч болон тавдугаар сарын эхээр хэд хэдэн үндэсний баяр тэмдэглэдэг. Ингэснээр ирэх жилийн хувьд арлын улсын иргэд үндэсний баяр дараалан тохиохоос арав хоног дараалан амрах нь ээ.

Өдгөө 84 настай Акихито хаан ирэх оны 4-р сарын 30-нд хаан ширээнээсээ бууна. Харин дараа өдөр нь 58 настай угсаа залгамжлах ханхүү Нарухито хаан ширээнд сууна. Шинэ хаан залах ёслол ирэх оны хавраас зун дамжин олон сар үргэлжлэх гэнэ.

Японы эзэн хаан Акихито энэ жил 85 нас сүүдэр зооглоно. Эрхэмсэг дээдэс уламжлал ёсоор төрсөн өдрөөрөө ард иргэддээ хандан мэдэгдэл хийж, улиран одож байгаа оны үйл явдал, амжилт бүтээлийг дүгнэдэг. 2016 оны төрсөн өдрөөсөө өмнө хаан сэнтийгээ орхиж байгаагаа мэдэгдсэн. Биеийн байдлын улмаас цаашид хаант төрийн үйл хэргийг үргэлжлүүлэх боломжгүй болж байгаагаа хэлсэн. Хаан ширээнээс бууж, төрийн эрхийг аажим аажмаар угсаа залгамжлах хунтайж Нарухитод шилжүүлэх хүсэлтийг нь эсэргүүцэлгүй дэмжсэн ард түмэндээ баярлаж талархсанаа ноён Акихито 83 насны төрсөн өдрийн мэдэгдэлдээ одоогоос хоёр жилийн өмнө онцолж байсан юм.

Японы эзэн хаан Акихито хаан ширээнээсээ буухаа 2016 оны 8-р сарын эхээр илэрхийлсэн. Албан ёсны мэдэгдэл хийж, нас өндөрт гарсан учраас, эрүүл мэндийн шалтгаанаар хаан эзний үүргийг гүйцэтгэхэд хүндрэлтэй болсон гэж учирласан. “Би 80 нас гарсан. Гэхдээ бурханы авралаар эрүүл саруул байна. Миний эрүүл мэнд аажим аажмаар муудаж байгаа тухай бодох үед “улс орны бэлгэдэл” –ийн хувиар өөрт оногдсон үүргээ гүйцэтгэж чадахгүй болохвий гэхээс болгоомжилж байна” гэж Японы эзэн хаан мэдэгдсэн. Мөн Япон улсын үндсэн хуулиар эзэн хаан ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээгээгүй байдгийг тэмдэглэсэн. Японы эзэн хааны эрүүл мэндэд асуудал гарсан мэдээ нийгэмд, ард түмэнд сөрөг нөлөө үзүүлж байсан. Тиймээс нас өндөрт гарахын хирээр өөрийн үүргээ цомхотгохыг хүсч байна гэсэн юм. Японы хэвлэлүүдээр тухайн үед Хаан Акихитог огцорч, хаан титмээ угсаа залгамжлах ханхүү Нарухитод шилжүүлнэ гэсэн мэдээлэл цацагдсанч, тухайн үед Хааны гэр бүлийн тухай хуулинд энэ нь хориотой байсан юм. Япон улсад сүүлд 1817 онд хаан эзэн өөрийн хүсэлтээр суудлаасаа бууж байсан байна.

Акихито нь Япон улсын 125 дахь хаан. Тэрээр 1933 оны 12-р сард мэндэлжээ. Хамгийн эртний хаант засаглалт улсын хаан Акихито нь Хирохито хаан, хатан Нагако нарын хүү юм. Тэрээр эхээс тавуулаа. 1940-1952 онуудад Гакусюин коллежид, 1952-1956 онуудад Токо хотын Гакусюин их сургуулийн Улс төр, эдийн засгийн тэнхимд суралцжээ. 1952 оны 11-р сарын 10-нд түүнийг угсаа залгамжлах ханхүүгээр зарлаж, 1989 оны 1-р сарын 7-нд эцэг Хирохитог таалал төгссөний дараа Япон улсын хаан ширээнд суужээ. Ингэснээр Япон улсад “Хэйсэй” буюу “Энхтайван, зөвшилцөл” гэж тодорхойлсон шинэ эрин эхэлсэн байна. Акихито хаан нь 3 залгамжлагчтай: угсаа залгамжлах ханхүү Нарухито, ханхүү Акисино, гүнж Саяко нар юм. Японы эзэн хааны удам 1 мянга 500 гаруй жилийн туршид тасраагүй гэдгээрээ дэлхийд гайхагддаг. Япон улс 1947 онд Үндсэн хуульт хаант засаглалын тогтолцоонд шилжжээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө