Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ОХУ ХҮЙТЭН ДАЙНААС ХОЙШИХ ХАМГИЙН ТОМ ХАМТАРСАН ЦЭРГИЙН СУРГУУЛИЛТ ХИЙЖ БАЙНА

  М.Даваадулам 2018-09-12 867

  ОХУ хүйтэн дайнаас хойших хамгийн том, өргөн хүрээг хамарсан олон улсын цэргийн хамтарсан сургуулилт хийж байгааг олон улсын хэвлэлүүд, шинжээчид онцолж байна.

“Восток-2018” буюу “Дорнод-2018” нэртэй сургуулилтад ОХУ-ын зэвсэгт хүчний нийт алба хаагчдын гуравны нэг хувь оролцож байгаагаараа онцлогтой. Мөн манай улсын болон Хятадын зэвсэгт хүчний төлөөлөл оролцож байна. Сургуулилтад гурван улсын зэвсэгт хүчний 300 гаруй мянган алба хаагч, 40 орчим мянган техник хэрэгсэл оролцох тухай ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.

ОХУ-ын Батлан хамгаалах яам “Восток-2018” хамтарсан сургуулилтыг сүүлийн 40 жилд зохион байгуулж байгаа хамгийн том, өргөн хүрээний сургуулилт гэдгийг тэмдэглэж байгаа юм. Үндсэн сургуулилт энэ сарын 17-ныг хүртэл хоёр үе шаттай явагдана. Алс Дорнодын бүс нутагт төдийгүй Японы, Агнуурын, Беринговын тэнгисийн эрэгт, Авачинск болон Кроноцкийн буланд тус тус үргэлжилнэ.

ОХУ-ын зэвсэгт хүчний 300 гаруй мянган алба хаагч, нэг мянга гаруй нисдэг тэрэг, нисгэгчгүй төхөөрөмж, 36 мянга орчим танк, хуягт техник болон бусад хэрэгсэл, 80 орчим хөлөг онгоц оролцож байна.

ОХУ зэвсэгт хүчин нэг сая орчим алба хаагчтай. Энэ удаагийн сургуулилтад гурван алба хаагч тутмын нэг оролцож байгаа гэсэн үг.

Сургуулилтыг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу удирдаж байна.  1981 онд зохион байгуулсан “Запад-81” буюу “Өрнөд-81” сургуулилтаас хойш ОХУ-д зохион байгуулагдаж байгаа зэвсэгт хүчин бэлтгэх томоохон арга хэмжээ, мөн олон улсын зэвсэгт хүчин оролцож байгаа, хамрагдаж байгаа зэвсэгт хүчин, хууль хэрэгжүүлэх байгууллагын тоо хэмжээгээр ч хамгийн том сургуулилт болж байгааг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу онцолсон юм.

Энэ удаагийн сургуулилт ОХУ-ын цэрэг армийн сүр хүчийг дэлхий дахинд харуулах зорилготой гэж шинжээчид харж байгаа төдийгүй, Москва – Бээжингийн цэрэг батлан хамгаалахын салбарын нягт хамтын ажиллагааг олон улсад харуулж байна. Тэр дундаа аливаа аюулын эсрэг “нэгдсэн фронт болох зогсох” болно гэдгийг ч илтгэж байгааг шинжээчид онцолж байгаа юм.

Монгол болон Хятадын оролцоо

БНХАУ-ын 21 нисдэг тэрэг, 6 нисэх онгоц сургуулилтад нэгдсэн тухай Оросын тал мэдээлсэн бол, БНХАУ-ын Батлан хамгаалах яамнаас 3,200 алба хаагч, 900 нэгж техник хэрэгсэл оролцож байгаа гэсэн мэдээлэл өгч байна.

Харин Монгол улсын хувьд албан ёсоор тоон мэдээлэл өгөөгүй байгаа гэж BBC мэдээлжээ.

“Восток-2018” зурган илэрцүүд

160,000 цэргийг сургуулилтын талбарт долоо хоногт төвлөрүүлжээ

Хэдий олон тооны алба хаагч, цэргийн зэвсэг хэрэгсэл сургуулилтад оролцож байгаа ч зохион байгуулалт өндөр түвшинд, оролцогчдыг төвлөрүүлэх зэрэг асуудлыг маш нарийн тооцоолсон зэргийг Хятадын тал өндрөөр үнэлж байна.

АНУ 2003 онд Иракийн эсрэг дайн эхлүүлэхэд НАТО-гийн холбоотон орнуудтай хамтран Персийн буланд 180,000 цэрэг байрлуулахад хагас жилийн хугацаа шаардсан. Харин ОХУ нэг долоо хоногийн хугацаанд л улсын алс дорно хязгаарт 160,000 алба хаагч, шаардлагатай техник хэрэгслийг байрлуулж чадлаа. Энэ нь Оросын армийн хурд хүч, зохион байгуулалтыг харуулж байна гэж цэргийн шинжээчид дүгнэлээ. Цэргүүдийн сургуулилтын бүсэд хүргэхийн тулд төмөр замын, агаарын, далайн тээвэр ашиглажээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө