Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

“ФЛОРЕНС” ДАЛАЙН ШУУРГА АМЕРИКИЙН ЗҮҮН ЭРГИЙГ ЧИГЛЭН ХУРДТАЙ УРАГШИЛЖ БАЙНА

  М.Даваадулам 2018-09-11 1026

Америкийн зүүн эргийн бүс нутаг дахин ээлжит байгалийн онц үзэгдэлд бэлтгэж байна. “Флоренс” далайн шуурга хурдтайгаар Америкийн зүүн эргийг чиглэн хурдтай шуурч байна. “Флоренс” далайн шуурга сүүлийн хэдэн арван жилд тус бүс нутагт дэгдсэн шуургуудаас хамгийн хүчтэй нь байж магадгүй гэж цаг уурчид анхаарууллаа.

“Флоренс” шуурга АНУ-ыг чиглэн урагшилж байгаатай холбогдуулан тус улсын зүүн эргийн дагуу амьдардаг оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргажээ. Өмнөд Каролина мужийн эрх баригчид эргийн дагуух 300 гаруй км урт үргэлжлэх бүс нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлсэн бол Умард Каролина, Виржиния муж онц байдал зарлаад байна.

Оршин суугчид, жуулчид нийлсэн нэг сая гаруй хүнийг аюулгүй газарт нүүлгэх ажил хийгдэж байна. “Флоренс” шуурганы хүчийг таван баллын шаталбараар дөрөвдүгээр зэргийн аюултай хэмээн тогтоожээ. Өнгөрсөн онд дэгдсэн “Ирма” далайн шуурганд хамгийн дээд буюу тавдугаар зэргийн аюулын түвшин тогтоож байсан юм.

“Флоренс” хар салхины хурд нэмэгдэж байгаа гэнэ. Даваа гарагт гуравдугаар түвшний аюултай гэгдэж байсан бол, хурд нь цагт 178 км-ээс 195 км болон нэмэгдэж, аюулын түвшинг нэг шат нэмжээ.

Дөрөвдүгээр түвшний аюултай хар салхи гэдэг нь мод бут үндсээрээ булгарч, угсармал барилга байшин нурах, барилгуудын цонх, хаалга, дээвэр хуулрах аюултай гэсэн үг юм. Хар  салхи Алтантын далайн дулаан урсгал дагуу хурдаа нэмснээр, аюулын түвшин 5-р зэрэгт хүрэх магадлалтай гэж мэргэжилтнүүд болгоомжилж байна.

“Флоренс” хар салхи адил хүчтэй шуурга Америкийн зүүн эргийн нутагт 1989 онд шуурчээ. “Хьюго” шуурга Хойд Каролина мужид 7 тэрбум ам.долларын хохирол учруулж, 49 хүн нас барсан юм.

Хар салхи усархаг бороо дагуулж, агаарын болон бусад тээврийн үйлчилгээ саатаж магадгүйг анхааруулж байна. Мөн орон нутгийн эрх баригчид ард иргэдийг тог цахилгаан тасалдах эрсдэлд бэлтгэлтэй байж, хоол хүнс, нэн шаардлагатай зүйлсээ нөөцлөхийг анхааруулжээ. Ингэснээр дэлгүүрт ус, зай, цонхоо бэхлэх хаалт зэргийг авах гэсэн хүмүүсийн урт оочир дараалал үүсчээ. Иргэд цахим орчинд аль хэдийнэ дэлгүүрүүдэд ус, талх зэрэг нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн дууссан тухай хуваалцаж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө