Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Японд үерт 100 гаруй хүн амиа алджээ

  TV5 News 2018-07-09 4426

Японы баруун нутгаар үер бууж, 100 гаруй хүн амиа алджээ. Одоогоор 50 хүн сураггүй болсонд тооцогдож байна. Байгалийн онц үзэгдэлд өртөгсдийн тоо нэмэгдэж болзошгүйг мэргэжлийн байгууллага анхаарууллаа. Пүрэв гарагаас хойш үргэлжлэн орсон их бороонд Хирошима муж хамгийн ихээр өртжээ.

Хирошима мужид үерт олон зуун байшин өртөж, бүс нутгийн 1.5 сая иргэнийг аюулгүй газарт нүүхийг эрх баригчид үүрэг болгожээ. Мөн дахин гурван сая хүнд ч үерийн бүсээс нүүх анхааруулга хүргүүлсэн байна.

Өмнө нь ийм их хэмжээний хур тунадас орж байгаагүйг Японы Цаг уур орчны шинжилгээний агентлаг тэмдэглэж байна. Магадгүй сүүлийн хэдэн арван жилийн хугацаан дахь хамгийн их гарз хохирол дагуулсан байгалийн онц үзэгдэл болж мэдэхийг анхааруулж байна.

Үерт өртсөн хүмүүсийг аврахаар аврагчид, мэргэжлийн байгууллага, сайн дурынхан цаг нартай өрсөн ажиллаж байгааг Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгдлээ. Япон улсын Засгийн газар онцгой нөхцөл байдалтай холбогдуулан Гэнэтийн ослын штаж байгуулжээ. Одоогоор улсын баруун өмнөд болон баруун бүс нутагт үер буусан газарт аврах, гал сөнөөх албаны болон цэрэг, цагдаагийн 54,000 алба хаагч ажиллаж байна.

Одоогоор зарим бүс нутагт бороо зогсож, үерийн усны түвшин татарч эхэлжээ. Баасан газарт хурдны галт тэрэгний хөдөлгөөнийг хэсэгчлэн нээсэн байна. Гэхдээ Японы зарим мужид хөрсний гулгалтын сэрэмжлүүлэг хэвээр үйлчилж байна.

Сикоку арлын гурван мужид өнөөдөртөө дахин 300 мм хур тунадас орох төлөвтэй байна. Харин нийслэл Токио хотоос 600 км зайд байрлах Мотояма хотод баасан гарагаас бямбад шилжих шөнө 583 мм хур тунадас оржээ.

Японы эрх баригчид цаг агаарын урьдчилсан мэдээллийг анхааралтай ажиглаж, ард иргэдэд цаг тухай бүрт сэрэмжлүүлэг хүргүүлж байна.

Мэргэжилтнүүд байгалийн онц үзэгдэл ихээхэн гарз хохирол дагуулж байгаад Засгийн газрын цэрэг дайны дараах бодлогыг буруутгаж байна. Учир нь энэ бодлогын хүрээнд уулархаг бүс нутаг дахь хуучин ой моддыг огтлохыг зөвшөөрчээ. Ингэснээр хөрсний гулгалт ихээр болох болж, байшин барилга, ард иргэд хөрсөнд даруулах эрсдэл нэмэгдсэн байна.

Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ улс эх оронд нь нүүрлээд байгаа байгалийн онц гамшигт үзэгдэлтэй холбогдуулан Европ болон Африкт хийх ажлын айлчлалаа хойшлуулахаа мэдэгдлээ. Энэ сарын 11-18-ны өдрүүдэд Бельги, Франц, Саудын Араб, Египет улсад ажлын айлчлал хийхээр товлоод байжээ.

Бэлтгэсэн: М.Даваадулам

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө