Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ГРЕК УЛС ХЯМРАЛЫН ҮЕЭЭ ДАВАН ТУУЛЛАА

  Б.Оюун 2018-06-23 664

Грекийн ерөнхий сайд Алексис Ципрас энэ талаар Афин дахь Заппейон ордонд албан ёсоор мэдээлж, улс оронд нь урт удаан хугацаанд үргэлжилж, төр засаг ард иргэдийг бүсээ чангалахад хүргэсэн хүнд цаг үе ард хоцорч байгаа талаар мэдэгджээ. Алексис Ципрасын хувьд тэрээр улс орондоо нүүрлээд байгаа эдийн засгийн хямралыг гэтлэн давсан таатай мэдээг ард түмэндээ албан ёсоор дуулгах үеэрээ сая анх удаа зангиа зүүж, олон жилийн дараа сая гүнзгий амьсгалж байгаагаа хэлсэн байна.

Грекийн ерөнхий сайд улс орноо өрийн дарамтнаас чөлөөлөх хүртэл албан ёсны зангиа зүүхгүй гэдгээ мэдэгдэж байсан юм. Тэгвэл улс эх орон, ард түмэндээ хандаж таатай мэдээ дуулгахдаа тэрээр улаан хүрэн өнгийн зангиа зүүсэн байна.

Ципрас Заппейон ордонд хийлгэсэн мэдээлэлдээ ирэх жилээс эхлэн татварын хэмжээг бууруулж, хөдөлмөрийн хөлс цалин тэтгэмжийн доод хэмжээг эргэн харж, Грек орныг сэргээн босгож урьдын эдийн засгийн таатай нөхцөл байдалд аваачна гэдгээ амлажээ.

Ципрас ингэж мэдэгдэхдээ: -Бид хэдийгээр сүүлийн 10-аад жилийн туршид бүсээ чангалж, хүндхэн цаг үеийг ардаа өнгөрүүлсэн ч энэ хуудсыг бид эргүүлж чадлаа...Цаашлаад бид эдийн засаг, нийгмийн шударга байдлыг эдийн засагтаа эргүүлэн авчрах болно гэжээ.

Люксембург хотноо Евро бүсийн улс орнуудын сангийн сайд нар хуран чуулж, энэ уулзалтаар Грек орныг 10 жилийн хугацаагаар зээл тусламжийн хүүг төлөхөөс чөлөөлж, Европын тогтвортой хөгжлийн санд төлөх өрийг эргэн төлөх хугацааг мөн 10 жилээр хойшлуулж, Грект үндэсний эдийн засгаа сэргээн хөл дээр нь босгоход зориулж сүүлийн удаа 15 тэрбум еврогийн дэмжлэг туслалцаа үзүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Олимпийн өлгий нутаг болох Грек улс өөрийн эдийн засгийн чадавхи боломжоо үл тооцоолон 2004 онд Афин хотноо хүн төрөлхтөний спортын их наадам болох Зуны Олимпийн наадмыг зохион байгуулснаас хойш эдийн засгийн хувьд чадамжаа алдаж, эдийн засаг-санхүүгийн хувьд сэргэж чадахгүй байсаар сүүлийн бараг 10-аад жилийн туршид эдийн засгийн хүнд байдалд байгаа юм. ЕХ болон Европын санхүүгийн байгууллагууд, Еврогрупп Грекийг эдийн засгийн хувьд хөл дээрээ зогсч, хямралаа даван туулахад нь бүх талаар дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирж, өнгөрсөн хугацаанд олон удаа зээл тусламж олгосоор ирсэн.

Тэгвэл Еврогрупп Люксембургэд хийсэн сүүлийн уулзалтаараа маш чухал шийдвэр гаргаж, Грек орныг эдийн засгийн чадамжаа сэргээж, нуруун дээрээ үүрсэн ачаанаас нь бага боловч хөнгөлөхийн тулд дээрх шат дараатай зээл тусламжийг олгон, эцэст нь өрийн дарамтнаас чөлөөлснөөр сая эдийн засгаа хөл дээр нь босгох тэр боломжийг олгожээ...

Ингэхдээ Грекийн эрх баригчид өнгөрсөн хугацаанд үнэхээр маш их ажил хийж гүйцэтгэн, эдийн засаг болоод нийгмийн өөрчлөлт шинэчлэлийн олон эрсдэлтэй алхмууд авч, ард иргэдийнхээ зүгээс ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсан ч зоригтой хөдөлж чадсан юм.

Люксембургэд болсон уулзалтаар Еврогрупп Грек улсад үзүүлсээр ирсэн макро-эдийн засгийн тусламжийн хөтөлбөрөө хааж байгаагаа мэдэгдсэн ч үүнтэй зэрэгцэн олон боломж, үүд хаалгыг нээж өгснийг Грекийн албаны хүмүүс тэмдэглэж, энэ нь улс орных нь эдийн засгийн балансыг тэнцвэржүүлж, ойрын хугацааны төдийгүй цаашлаад дунд болоод урт хугацааны боломж бололцоог нээн өгч байгааг онцолж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө