Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Грек улс Македони улсын нэрийг өөрчлүүлж ЧАДАВ

  М.Даваадулам 2018-06-13 1689

     МАКЕДОНИ УЛСЫН НЭРШЛИЙГ ТОЙРСОН, 27 ЖИЛИЙН ТУРШИД ҮРГЭЛЖИЛСЭН МАРГААН ЭЦЭС БОЛЛОО

 “Македони” гэдэг нь Грекийн нэгэн мужийн нэршилтэй давхцаж байгаа учир улсынхаа нэрийг өөрчлөхийг Грекийн Засгийн газар одоогоос 27 жилийн өмнө Македонийн талаас шаарджээ. Хоёр зуун дамнасан маргааныг эцэслэж, Македони улс нэршлээ өөрчиллөө. Бүгд Найрамдах Умард Македони улс гэгдэх болсон байна. Энэ тухай Македонийн Засгийн газар мягмар гарагт албан ёсоор мэдэгдлээ. Нэршлийн маргаан Македони улс НАТО болон ЕХ-нд элсэхэд чөдөр тушаа болж байсан юм.

    “Түүхэн” зөвшилцөлд хүрч чадсан гэдгийг Македони улсын Ерөнхий сайд Зоран Заев мэдэгдлээ. Хоёр улс хоорондын маргаантай асуудлыг шийдвэрлэснээр, улс орон, үндэстэн хооронд найрамдалт харилцааг бэхжүүлж байгааг тэрээр онцлоод, шийдэлд хүрснээр хоёр улс хооронд эдийн засгийн харилцааг бэхжүүлэх шинэ гарц нээгдэж байгааг хэлэв. Македони улсын хувьд нэршлийн маргаанаа шийдвэрлэснээр, НАТО-гийн 30 дахь гишүүн орон болох боломж ч нээгдэнэ. Ингэснээр “улс оронд хөрөнгө оруулалт татах баталгаа” болох аж.

   Македонийн Засгийн газрын шийдвэрийг Парламент хэлэлцэнэ. Зөвхөн Македони төдийгүй Грекийн хууль тогтоогчид ч энэ асуудлыг хэлэлцэж, дэмжсэн тохиолдолд Бүгд Найрамдах Хойд Македони улс гэх шинэ улс олон улсан тавцанд бүртгэгдэнэ.

    ЯАГААД НЭГ УЛС ӨӨР НЭГЭН УЛСЫН ШААРДЛАГААР НЭРЭЭ ӨӨРЧЛӨХ БОЛОВ?

   Хуучны Югослав улс тарж бутарснаар байгуулагдсан 2 сая гаруй хүн амтай улс 1991 онд Македони гэж нэрлэгдэх хүсэлт гаргажээ.

   Бүгд Найрамдах Македони улсыг дэлхийн 142 улс хүлээн зөвшөөрсөн байдаг. Харин Грек улс холбогдох нэршлийг эсэргүүцсэн.

  Грек улс Македонийн нэршилтэй холбоотой маргаан эхлүүлэхээс өмнө Македонийг “Хуучны Югославын Бүгд Найрамдах улс Македони” гэж нэрлэж байсан юм.

  Грекийн эрх баригчид Македонийг соёлын өв хулгайлсанд буруутгаж, 2008 онд Македонийг НАТО болон ЕХ-нд элсэхэд хориг тавьсан. Улмаар улсынхаа нэршлийг өөрчлөх шаардлага хүргүүлсэн.

   Грекийн хойд хэсэгт байрлах түүхийн ач холбогдол бүхий газар нутгийг Македони гэж нэрлэдэг. Тиймээс соёлын өвийг хулгайлж байна гэж Афин Скопьёг буруутгасан ажээ.

Macedonia-Greece name dispute зурган илэрцүүд

   МАКЕДОНИ УЛС ГРЕКИЙН ШААРДЛАГЫГ ШУУД ДАГАЛГҮЙ, 27 ЖИЛ ХҮЛЭЭВ?

 Югослав улс тарж бутарсны дараа тус улсын эрх баригчид шинэ улс байгуулан, шинэ түүх бичих шаардлагатай болсон. Түүх соёлын дурсгал гэх зүйл үгүй байсан улс дэлхий нийтийн анхаарлыг татахын тулд эртний удам угсаагаа хөөж, Славян үндэстнүүд бус эртний Македоничуудын үр удам гэж өөрсдийгөө зарлаж, Македоничуудын түүх соёлын төв, уран баримал зэргийг цогцлоож эхэлэв.

    Македони улс нийслэлээр Скопьёг сонгосон. Югослав улсын хувьд энэ нь жижиг тосгон байжээ. Скопьё хотын түүхийг сөхвөл манай эриний 1-р зуунд Ромын цэргүүдийн цэргийн бааз байгуулсан газар хожим суурин болжээ. Түүх соёлын үнэт өв гэх зүйл байхгүй байсан учир, 2010 онд тухайн үеийн Ерөнхий сайд Николя Груевский “Скопьё 2014” төсөл баталж, улс үндэснийхээ эртний уг үндсийг судалж эхэлжээ.

 Ингэснээр Македоничуудын үр удам гэж тогтоон, улмаар нийслэл хотдоо Македонийн төлөөх тэмцлийн музей, Македонийн дуурийн театр, Ялалтын арк, Үндэсний театр байгуулж, төв талбайгаа Македонийн нэрэмжит болгож Александр Македонскийн хөшөө ч босгожээ. Мөн Скопьё хотын нисэх онгоцны буудлыг ч Агуу Александрын нэрэмжит болгожээ. Эдгээр ажилд Засгийн газар 80 сая евро төсөвлөсөн ч, 2013 оны байдлаар баталсан төсвөөс хоёр гаруй дахин хэтэрч, 200 сая еврод хүрсэн байна. Энэ бодлогыг дэмжигчид харин түүх соёлоо сэргээснээр Скопьёг зорих жуулчдын тоо нэмэгдэж, даган эдийн засгийн урсгал ч нэмэгдсэнийг тэмдэглэж байгаа юм.

Macedonia-Greece name dispute зурган илэрцүүд

   ТЭГВЭЛ МАКЕДОНИЙН ЗАСГИЙН ГАЗАР ЯАГААД ШИЙДВЭРЭЭ ЭНЭ ОЛОН ЖИЛИЙН ДАРАА ӨӨРЧЛӨХ БОЛОВ?

Одоогоос жилийн өмнө Македонийн Засгийн эрхэнд Социал-демократ холбооны төлөөлөл Зоран Заев гарснаар улс орны бодлого өөрчлөгдсөн гэж хэлж болно.

    Зоран Заевын хувьд сонгогдохоосоо өмнө л НАТО, ЕХ-нд элсэх асуудлыг нэн тэргүүнд тавьж, хэлэлцэх болно гэж амласан. Магадгүй Бүгд Найрамдах Македони улсын нэрийг өөрчилж, Грек улстай тохиролцоно гэсэн.

    Зоран Заев Македонийн Засгийн газрын тэргүүнээр сонгогдсоноор, Скопьё хотын нисэх буудлын нэрийг өөрчилж Александр Македонскийн нэрэмжит байхаа больж, зүгээр л “Найрамдлын нисэх буудал” гэгдэх болжээ.

Холбоотой Зураг

   БҮГД НАЙРАМДАХ УМАРД МАКЕДОНИ УЛС ГЭХ НЭРИЙГ ХЭРХЭН ӨГСӨН БЭ?

  Олон сарын туршид Грек, Македонийн талууд, мөн Македонийн Засгийн газар хэлэлцсэний дүнд гурван нэршил дээр тогтжээ. Эцсийн шийдвэрийг хоёр улсын Ерөнхий сайд нар гаргасан байна.

   Тодруулбал, “Шинэ Македони”, “Умард Македони”, “Дээд Македони” гэсэн гурван нэр тунасан байна. Зөвхөн нэршлээс гадна өөр олон асуудлаар Македони, Грек улс зөвшилцжээ. Нийт 20 хуудас бүхий хамтарсан баримт бичиг боловсруулсан байна. Энэ баримт бичигт македони хэл нь славян уг үндэсгүй, эртний Гректэй ямар нэгэн холбоогүй гэж заажээ. Зөвшилцлийн нөхцлийг Македонийн тал гүйцэд биелүүлсэн нөхцөлд Грек улсын хууль тогтоогчид ч Бүгд Найрамдах Умард Македони улс гэх нэршлийг зөвшөөрөх нь ээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө