Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ОХУ УКРАИНЫГ ТОЙРОН ЕВРОПТ БАЙГАЛИЙН ХИЙ НИЙЛҮҮЛЭХЭД НЭГ АЛХАМ ОЙРТОВ

  М.Даваадулам 2018-11-20 636

 Оросын байгалийн хийг Турк болон Европын орнууд руу Украинаар дамжуулахгүй нийлүүлэх төсөл дуусах шатандаа орж байна. 2019 оноос Орос улс Украины нутаг дэвсгэрээр байгалийн хий тээвэрлэхээ зогсоох зорилго тавьсан. Ингэснээр Хар тэнгисийн ёроолоор “Туркийн урсгал” хэмээх байгалийн хийн хоолой тавьж байгаа. Оросын тал байгалийн хийн “тэнгисийн” хэсгийг барьж дууслаа. Даваа гарагт байгалийн хийн тус хэсгийг албан ёсоор барьж дууссаныг зарласан юм. Энэ арга хэмжээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Турк улсын төрийн тэргүүн Таиип Эрдоган нар видео холбоогоор хийн хоолойн нээлтэд оролцсон юм.

  “Туркийн урсгал” байгалийн хийн хоолойн “тэнгисийн” хэсгийн барилгын ажил албан ёсоор дууссан арга хэмжээнд оролцохоор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Туркийн Истанбул хотноо хүрэлцэн очсон.

 “Туркийн урсгал” хоолой жилд 31.5 тэрбум куб метр байгалийн хий тээвэрлэх хүчин чадалтай. Хоёр хэсэг тус бүр нь 930 км урттай, 2200 метрийн гүнд баригдсан.

Туркийн талын хүлээлт

“Туркийн урсгал”  ашиглалтад орсноор Европын эрчим хүчний аюулгүй байдлыг хангана гэж Анкара харж байна. Эхний урсгал Турк улсыг, харин хоёр дахь урсгал Европын орнуудыг байгалийн хийгээр хангана. Европын орнууд, юуны түрүүнд Балканы орнууд байгалийн хий хүлээн авснаар эрчим хүчний аюулгүй байдлаа хангана гэж Турк улсын Ерөнхийлөгчийн алба мэдээлж байна.

Туркийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар, өчигдөр Турк болон ОХУ-ын төрийн тэргүүнүүд нүүр тулан уулзсан. Хаалттай болсон тус уулзалтаар ОХУ Анкарад С-400 зенитийн пуужингийн төхөөрөмж нийлүүлэх, Сирийн Идлиб мужийн асуудал зэргийг хөнджээ.

“Туркийн урсгал” байгалийн хийн хоолой

“Туркийн урсгал” байгалийн хийн хоолойг барих талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2014 оны 12-р сраны 1-нд Анкарад айлчлал хийхдээ тохиролцсон. ЕХ-той санал зөрөлдсөнөөр ОХУ “Өмнөд урсгал” төсөл хэрэгжүүлэхээс татгалзсан юм.

Ерөнхийлөгч Владимир Путин “Туркийн урсгал” төсөлийг эхлүүлэх талаар мэдэгдсэн даруй тухайн өдрөө Оросын “Газпром” компани Туркийн Botas Petroleum Pipeline корпорацитай хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэсэн.

ОХУ болон Турк улсын Засгийн газар байгалийн хийн хоолойн инженер-техникийн асуудлуудыг зөвшилцсөний дараа 2016 оны 10-р сард тус төслийн дагуу хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Турк улсын  Парламент 2016 оны 12-р сард, ОХУ-ын Парламент 2017 оны 1-р сард тус санамж бичгийг дэмжин баталсан.

Чиглэл

“Туркийн урсгал” байгалийн хийн хоолой 1100 км урттай. Хоёр урсгалтай. Хоёр урсгал жилд 31.5 тэрбум куб метр байгалийн хий тээвэрлэх хүчин чадалтай. Эхний шугам Туркийн хэрэглэгчдэд Оросын байгалийн хийг хүргэх бол хоёр дахь шугам Өмнөд болон Зүүн Өмнөд Европын орнуудад Оросын байгалийн хийг нийлүүлнэ. Хоёр хоолойг хоёуланг нь Анап дахь “Русская” станцаас татжээ. Хоёр хоолой Туркийн баруун өмнөд хэсэгт байрлах Кыйыкёй хотын ойролцоо хуурай газарт шилжин гардаг.

Туркийн хэрэглэгчдэд байгалийн хий нийлүүлэх цэг нь Кыркларели мужийн Люлебургаз хот. Тэнгисийн усан доогуур тавигдсан байгалийн хийн хоолойн хэсэг 900 гаруй км урттай. Туркийн нутаг дэвсгэр дээгүүр өнгөрөх, газар дээгүүрх хоолойн хэсэг 180 км урттай. Европын хэрэглэгчдэд зориулан Турк-Грекийн хил дээр байгалийн хийн хаб байгуулах юм байна.

Бусад улс орны оролцоо

Энэ төсөлд нэгдэх хүсэлтээ 2015 оны 4-р сард Грек, Серб, Македони, Унгар улс илэрхийлж, Турк улстай эрчим хүчний хамтын ажиллагааны тунхаглал үзэглэсэн.

“Болгар-Серб-Унгар-Австри” чиглэл байгалийн хийн хоолой барих цаашдын боломжийн талаар хэлэлцэж байгаа гэдгийг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ сарын эхээр мэдэгдсэн. Гэхдээ ЕХ-ны холбогдох бүтэц байгууллагаас эерэг баталгаа хүлээн авсан нөхцөлд ОХУ холбогдох ажилд орно гэдгийг ноён Лавров онцолсон юм.

Санхүүжилт

“Туркийн урсгал” төслийг “Газпром” компани санхүүжүүлж байгаа. Хийн хоолойн барилгын ажилд Оросын компани 7 тэрбум еврогийн хөрөнгө оруулах тооцоо байна. 2017 онд 1 тэрбум гаруй евро, 2018 онд 2.3 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт тус тус хийжээ.

ОХУ, Турк улс худалдаа эргэлтээ 100 тэрбум ам.долларт хүргэнэ

Турк улс Оросын гадаад худалдааны түнш орнууд дунд худалдаа эргэлтийн хэмжээгээр 7-рт жагсдаг. 2017 онд хоёр улс хоорондын худалдаа эргэлт 22.1 тэрбум ам.доллар байжээ. Энэ нь өмнөх оныхоос 40% өссөн үзүүлэлт юм байна. 2018 он гарсаар эхний 9 сарын байдлаар ч Москва, Анкара хоорондын худалдаа эргэлт өмнөх оны мөн үеийнхээс 26% өсчээ. Ойрын хугацаанд хоёр улс харилцан худалдаа эргэлтээ 100 тэрбум ам.долларт хүргэхийг зорьж байна. Энэ тухай “Туркийн урсгал” хийн хоолойн усан доогуур хэсгийн хаалтын ажиллагааны үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэн юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө