Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Украин улсын шинэ Ерөнхийлөгч тангараг өргөлөө

  М.Даваадулам 2019-05-20 887

Украин улсын шинэ Ерөнхийлөгч Владимир Зеленский өнөөдөр тангараг өргөлөө. Тангараг өргөх ёслол Украин улсын Парламент болох Дээд Раадын танхимд болсон. Украин улсын зургаа дахь Ерөнхийлөгчийн гаргасан анхны шийдвэр Дээд Раадыг тараах тухай байлаа. Өнөөдөр тангараг өргөснийхөө дараа хууль тогтоох дээд байгууллагаа тарааж, Парламентын ээлжит бус сонгууль зарлалаа.

Украин улсын зургаа дахь Ерөнхийлөгч Владимир Зеленскийн тангараг өргөх ёслол Украин улсын төрийн дуулал эгшиглэснээр эхэлсэн бөгөөд дараагаар нь Украин улсын СЕХ-ны дарга Татьяна Слипачук Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг танилцуулж, Владимир Зеленский ялалт байгуулсан болохыг зарлалаа. Дараагаар нь Үндсэн хуулийн шүүхийн дарга Наталья Шаптала ноён Зеленскийн тангарагыг хүлээн авсан юм.

Владимир Зеленский Дээд Раадын ордонд зэргэлдээх Марийнскийн цэцэрлэгт хүрээлэнгээс алхаж иржээ. Тус цэцэрлэгт хүрээлэнд иргэд сонгогчидтой тангараг өргөхөөсөө өмнө уулзсан байна.

Дээд Раадын танхимд болсон Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд Украины хууль тогтоогчид, Засгийн газрын гишүүд, өмнөх дөрвөн Ерөнхийлөгч оролцжээ.

Ёслолын ажиллагаанд гадны 60 орны төрийн өндөрлөг, хүндтэй зочид төлөөлөгчид уригдан оролцсон байна. Украины Дээд Раадын спикер Андрей Парубий Латви, Литв, Эстони, Гүрж, Унгар улсын Ерөнхийлөгч, Турк улсын дэд Ерөнхийлөгч, Молдав улсын Ерөнхий сайд, Азербайжаны Парламентын спикер, Беларусь, Румын, Словак, Болгар улсын Шадар сайд, АНУ-ын Эрчим хүчний сайд Рик Пэрри тэргүүтэй албаны төлөөлөгчид, АНУ-ын Төрийн департаментын Украины асуудал эрхэлсэн Күрт Волкер болон өөр бусад гадны улс орны хүндтэй төлөөлөгчдийг танилцуулжээ.

Украин улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский Парламентаа тараав

Украин улсын зургаа дахь Ерөнхийлөгч Владимир Зеленскийн төрийн тэргүүний хувиар гаргасан анхны шийдвэр нь тус улсын хууль тогтоох дээд байгууллага болох Дээд Раадыг тараах тухай байлаа. Мөн ирэх хоёр сарын хугацаанд Украин улсад Парламентын ээлжит бус сонгууль зохион байгуулахыг үүрэг болголоо.

Гэхдээ одоо хүчин төгөлдөр үйл ажиллагаа явуулж буй Украин улсын найм дахь удаагийн сонгуулийн дүнд бүрдсэн Парламентыг ирэх хоёр сарын хугацаанд улс орны хувьд чухал ач холбогдол бүхий хэд хэдэн хууль тогтоомж батлахыг уриалсан юм. Тэр дундаа Парламентын гишүүдийн халдашгүй эрхийг цуцлах талаарх хуулийн төслийг тэрээр энд онцоллоо. Мөн хууль бусаар хөрөнгөжсөн этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулах тухай ч хууль тогтоомжийг дэмжихийг шинэ Ерөнхийлөгч Дээд Раадын гишүүдээс хүслээ.

Эдгээрээс гадна Украин улсын Үндэсний аюулгүй байдлын газрын дарга Василий Грицак, Ерөнхий прокурор Юрий Луценко, Батлан хамгаалахын сайд Степан Полторак нарыг албан үүргээс огцруулахыг Ерөнхийлөгч Дээд Раадын гишүүдээс шаардлаа.

Мөн одоогийн Засгийн газрын гишүүдэд хандан: “үзэг цаас аваад, дараагийн үеийнхэндээ зориулж өөрсдийн суудлаа чөлөөлж өгөх цаг ирсэн” гэдгийг анхаарууллаа.

Украин улсын Үндсэн хуулийн дагуу Дээд раадын ээлжит бус сонгуулийг тус улсын Ерөнхийлөгч зарлах эрхтэй бөгөөд Ерөнхийлөгч холбогдох зарлиг танилцуулснаас хойш 60 хоногийн дотор ээлжит бус сонгууль зохион байгуулах ёстой юм байна.

Владимир Зеленский Украин улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөж, үүрэгт албанд орсны дараах анхны том зорилгоороо улс орны зүүн хязгаар Донбассын бүс нутаг дахь зэвсэгт дайныг таслан зогсоох гэж тодорхойллоо. Донбасст энхтайван байдал тогтоох гол алхам бол олзны цэргүүд, өөрийн иргэдийг эргүүлэн авчрах юм гэж мэдэгдлээ. Донбассын бүс нутагт энхтайван байдал тогтоохын тулд өөрийн албан тушаалаа алдахад бэлэн байна гэдгийг ч Украин улсын Ерөнхийлөгч өөрийн хэлсэн үгнийхээ төгсгөлд онцолсон юм.

Владимир Зеленский хуульч, эрх зүйч мэргэжилтэй

Нэртэй инээдмийн жүжигчин Владимир Зеленский Украины Зөвлөлт социалист улсад төрж өссөн бөгөөд багадаа эцэг эхийн хамтаар Монгол улсад, Эрдэнэт хотод амьдарч байжээ. 1-р ангиа Эрдэнэт хотод төгссөн байна. Владимир Зеленский хэдийгээр хуульч, эрхзүйч мэргэжилтэй ч мэргэжлээрээ огт ажиллаж байгаагүй байна.

Владимир Александрович Зеленский 1978 оны 1-р сарын 25-нд мэндэлжээ. 41 настай. Монгол улсад нэгдүгээр ангиа төгсөөд, эцэг эхийн хамтаар Украины баруун өмнөд хэсэгт байрлах Кривой Рог хот руу нүүж, тэндээ англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай №95 гимнази сургуульд элсэж, 1995 онд төгсчээ. Дунд сургуульд байхдаа сургуулийнхаа ансамбльд гитар тоглож, урлаг уран сайхны арга хэмжээнд идэвхтэй оролцдог байсан байна. Мөн хүнд атлетик, цэнгээнт бүжгээр хичээллэдэг байжээ. Криворогийн Эдийн засгийн сургуулийг хуульч, эрх зүйч мэргэжлээр төгсчээ.

1996 оноос, их сургуулийн 1-р дамжааны оюутан байхаасаа Оросын КВН буюу Авхаалж сэргэлэнчүүдийн клубт тоглож эхэлжээ. КВН-ийн хөтлөгч, удирдагч Александр Масляктовтой маргаан үүссэний дараа “95-р квартал” багийн хамтаар тус клубээс гарч, студи байгуулсан байна. Тус студи Украины телевизүүдээр хэд хэдэн инээдмийн, хөгжөөн цэнгээнт нэвтрүүлэг гаргадаг. Хувийн студийн уран бүтээлээс гадна Владимир Зеленский өөр бусад телевизийн хөгжөөнт нэвтрүүлэг, мюзиклийн зохиол бичиж, телевизийн төсөлд оролцож, дэлгэцийн бүтээлд тоглох болжээ. 16 кинонод дүр бүтээж, 15 киноны зохиол бичиж, 20 гаруй киноны продюсерээр ажиллаж, 2018 онд дэлгэцнээ гарсан “Би, чи, тэр” киноны найруулагчаар ажилласан байна.    

Улс төрийн үйл хэргийнх нь хувьд гэвэл 2014 онд Украинд “Евромайдан” хөдөлгөөн ялалт байгуулж, Ерөнхийлөгч Виктор Януковичийг түлхэн унагаж, сөрөг хүчин төрийн эрхэнд гарсан. Энэ үеэр “Евромайдан” хөдөлгөөнийг идэвхтэй дэмжиж байсан. Түүнчлэн Донбасс дахь зэвсэгт мөргөлдөөний үеэр Украины цэрэг армийг дэмжиж, үндэстний сайн дурын хөдөлгөөнд эд материалын тусламж дэмжлэг үзүүлж байжээ.

“95-р квартал” студийг үүсгэн байгуулагч, удирдагчдын нэг хуульч Иван Баканов 2017 онд “Ард түмний зарц” нэртэй улс төрийн намыг Украин улсын Хууль зүйн яаманд шинээр бүртгүүлсэн байдаг. Харин Владимир Зеленский  2019 он гарахаас хэдхэн хоромын өмнө, 2018 оны 12-р сарын 31-ний өдөр “1+1” телевизийн шууд нэвтрүүлэгт оролцохдоо  Украины Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө зарласан.

Зеленский сонгуулийн өмнөх мөрийн хөтөлбөртөө юуны түрүүнд төрийн эрх мэдлийг ард түмний гарт атгуулахаа амласан. Мөн Ерөнхийлөгч, Парламентын гишүүн, шүүгч нарын халдашгүй дархан байдлыг цуцлах талаарх хуулийн төсөл санаачлан Парламентаар хэлэлцүүлэхээ амласан. Киевийн харъяалалд байсан газар нутгийг эргүүлэн Украин улсын эрх мэдэлд авах, ЕХ болон НАТО-д элсэх асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн төдийгүй Умард Атлантын цэргийн эвсэлд элсэх асуудлыг бүх ард түмний санал асуулгаар хэлэлцүүлэхээ амласан.

Харин нийгэм эдийн засгийн салбарт хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнийх нь хувьд энгийн бөгөөд ойлгомжтой татвар нэвтрүүлэх, газрын худалдааг нээлттэй ил тод болгох, дотоодын эрчим хүчээ 100% хангах зэрэг ажил хийхээ амласан.

Зеленскийн хувьд Ерөнхийлөгчийн албан тушаалд нэг л бүрэн эрхийн хугацаанд ажиллахаа бол мэдэгдээд байгаа. Улс орны ирээдүйн төлөө тогтолцоог өөрчлөх болно гэж амласан.

2019 оны 3-р сарын 31-нд Украин улсад Ерөнхийлөгчийн эхний шатны сонгууль болсон. Нийт 39 нэр дэвшигч өрсөлдсөнөөс Владимир Зеленский 30.24%, Петр Порошенко 15.95% саналаар тус тус тэргүүлж, хоёр дахь шатны сонгуульд тунасан. 2019 оны 4-р сарын 21-ний өдөр Украин улсад Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгууль явагдсан. Хоёр дахь шатны сонгуульд Владимир Зеленский 73.22% саналаар тэргүүлж, Украин улсын тав дахь Ерөнхийлөгч Петр Порошенко ялагдал хүлээсэн.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө