Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

НАМРЫН УЛИРАЛД ТАНД ХЭРЭГТЭЙ ЗӨВЛӨМЖҮҮД

  Б.Оюун 2018-09-19 1911

Намар... Энэ бол эрүүл мэнддээ хамгийн ихээр анхаарч, удахгүй ирэх өвлийн улиралд бэлтгэх чухал цаг үе юм.

Танд намрын улиралд эрүүл мэнддээ анхаарахад тустай байх зөвлөмжүүдийг хүргэе...

Байгалийн баялагийг ашигла

Намрын улирал хамгийн баялаг, хамгийн үр өгөөжтэй улирал. Энэ нь цаг үед бид ургацаа хурааж, шинэхэн ногоо, амтат жимс гээд байгаль эхийн бидэнд харамгүй хайрладаг үр жимсийг хүртдэг. Тийм ч учраас чухам намар цагт эрүүл мэнддээ онцгой анхаарч, баялаг амин дэм бүхий шинэхэн жимс ногоог хүнсэндээ ахиу хэрэглэж, дархлаагаа сайжруулах хэрэгтэй. 

 Цэвэр агаарт зугаалж, байгалийн сайхныг мэдэр

Намрын шаргал наран бөхийж, байгаль дэлхий өнгөө хувиргах энэ л цаг үе хамгийн сайхан улирал юм. Тиймээс хүйтний эрч орохоос урьтаж та боломжтой цаг заваа байгальд өнгөрүүлж, цэвэр агаарт зугаалах нь таны эрүүл мэндэд тустай. Хэдий ажилтай байсан ч орой үдэш унтаж амрахаасаа өмнө дулаахан хувцаслаад агаар салхинд зугаалж байхыг танд зөвлөж байна. Ийнхүү цэвэр агаар амьсгалан хэсэгхэн хугацааг ч болов агаар салхинд өнгөрүүлэх нь таны сэтгэл санааны байдлыг ч тогтворжуулж, аливаа стресс ядаргаанаас ангид байлгах болно.

Ногоон цай уу

Хэдийгээр гадаа налгар намрын өдрүүд үргэлжилж байгаа ч өдрөөс өдөрт хүйтрэн сэрүүсч байгаа гэдгийг санах нь зүйтэй. Тиймээс намрын цагт өдөр тутамдаа ногоон цай хандлан ууж хэрэглэх нь таны дархлааг дэмжиж, эрүүл, сэргэлэн цовоо байхад тань тусална.

Өдөрт 5 км газар алхаж, идэвхтэй хөдөлгөөн хий

Хөдөлгөөн бол амьдралын чухал чухал хэмнэл... Тиймээс та энэ л цаг үед идэвхтэй байж, биеийн тамираар хичээллэн, хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Мэдээж супер тамирчин байх шаардлагагүй ч биеийн жин болоод эрүүл мэнддээ анхаарах нь зүйтэй. Тиймээс та гэр бүл, найз нөхөдтэйгээ амьдралын идэвхтэй байдлыг нэвтрүүлж, өдөрт дор хаяж 5 км замыг алхаж өнгөрүүлбэл бие тань хөнгөн шингэн байх болно.

Ногоо, жимсээ даршил

Мэдээж хэрэг намрын улиралд бид шинэхэн жимс, ногоо хүнсэндээ ахиу хэрэглэдэг. Тэгвэл ирэх өвөлдөө бэлтгэхдээ жимс ногоогоо даршлан авч, эрүүл зөв хүнсээ бэлтгэхийг зөвлөж байна. Намрын улиралд бидний өдөр тутамдаа хэрэглэдэг жимс, хүнсний ногооны үнэ ч харьцангуй бага байдаг учраас энэ л үед урт удаан өвөл, хаврын хүйтэн сэрүүн улиралд хүнсэндээ хэрэглэх амин дэмтэй жимс ногоогоо даршлан бэлтгэх нь хэрэгтэй юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө