Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

“Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн нээлт боллоо

  admin 2018-03-17 1013

НЗДТГ, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Оном сан” ТББ, Швейцарь улсын “Новартис сан”, “Эм холбоо”-оос хамтран хэрэгжүүлж буй "Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар" хөтөлбөрийн албан ёсны нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НИТХ-ийн төлөөлөгч Д.Мөнхжаргал, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, “Оном сан”-гийн гүйцэтгэх захирал, АУ-ны доктор Д.Наранжаргал, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Л.Зэндмаа болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Нээлтийн үеэр Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Нүүдэлчин ард түмний хувьд суурин соёл иргэншилд шилжсэнээр иргэдийн дунд хөдөлгөөний дутагдал, таргалалт нэмэгдэж байна. Энэ нь зүрх судасны өвчлөл, түүнээс үүдэлтэй нас баралтын гол шалтгаан болж байгаа юм. Тиймээс нийслэлийн иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, тэр дундаа зүрх судасны өвчлөлийг бууруулах шаардлага зүй ёсоор тулгарч байна. “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгээс хамаарч НЗДТГ-аас дараагийн шатанд авч хэрэгжүүлэх арга хэмжээнд анхаарал хандуулах болно” хэмээн ярьсан юм. Түүнчлэн НЭМГ-ын харьяа Өрхийн эрүүл мэндийн 25 төвд цусны даралт хэмжих багажийг гардуулж өглөө.

Хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвийн 250 гаруй эмч, сувилагчийг гурван удаагийн цуврал сургалтад хамруулсан байна. Мөн нийслэлийн хүн амын дунд “Артерийн даралт ихдэлтийн тархалт болон түүний талаархи мэдлэг, хандлага, дадлыг тодорхойлох суурь” судалгаанд нийт 52 хорооны 4600 гаруй иргэнийг хамруулжээ. Цаашид ӨЭМТ-ийн 142 төвийн 1000 гаруй эмч, мэргэжилтнийг сургалтад хамруулах, цусны даралт хэмжих багажаар хангах, даралт ихдэлтийг бууруулах чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хийхээр төлөвлөсөн байна.

Дэлхий дахинд өнөөдөр зүрх судасны өвчлөл, түүнээс үүдэлтэй нас баралт ихээхэн анхаарал татаж буй. Тухайлбал гурван хүн тутмын 1 буюу 31 хувь нь зүрх судасны өвчнөөс болж нас бардаг бөгөөд уг өвчний шалтгаанас нас барж буй хоёр хүн тутмын 1 буюу 45 хувь нь цусны даралт ихсэлттэй холбоотой юм. Мөн цус харвалтаас болж нас барж буй хоёр хүн тутмын 1 нь цусны даралт ихсэлтээс үүдэлтэй байна.

Монгол Улсад зүрх судасны эмгэг, цусны даралт ихсэлттэй холбоотой тархины цус харвалт нас баралтын гол шалтгаан болж байгаа юм. НҮБ-ын төрөлжсөн агентлагийн хамтарсан багаас 2015-2016 онд хийсэн үнэлгээгээр 100.000 хүн амд ногдох тархины цус харвалтын тохиолдлоор манай улс дэлхийд нэгдүгээрт бичигдсэн нь дэлхийн дунджаас даруй 4 дахин их байна. Нийт нас баралтын 30 орчим хувийг зүрхний шигдээс, цус харвалт зэрэг зүрх судасны өвчин эзэлдэг бөгөөд түүний гол эрсдэлт хүчин зүйл нь цусны даралт ихсэлт байна. Эдгээр тоо барим нь нийт хүн амын дунд цусны даралт ихсэлтээс сэргийлэх, эрүүл амьдралын хэв маягыг дэмжин дэлгэрүүлэх, цусны даралт ихсэлттэй хүмүүсийн эмчилгээ хяналтыг сайжруулах нэн тулгамдсан асуудал юм.

Тиймээс зүрх судасны өвчлөл, түүнээс үүдэлтэй нас баралтыг бууруулах, ялангуяа хөгжиж буй орнуудад эл асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Швейцарь улсын “Новартис сан” сайн санааны байгууллагаас санаачлан "Эрүүл зүрх-Эрүүл хот" хөтөлбөрийг дэлхийн гурван тивийн гурван улсад нэгэн зэрэг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Азиас Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот сонгогджээ.  

"Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар" хөтөлбөр бүрэн хэрэгжсэнээр нийслэлийн иргэдэд үзүүлэх нийгмийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээ, тэр дундаа цусны даралт ихсэлттэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажил чанартай, хүртээмжтэй болохын зэрэгцээ Улаанбаатар хот  “Цусны даралт ихсэлтийг амжилттай бууруулж, хянаж чадсан” жишиг хот болж, дэлхийн бусад хотуудад үлгэрлэх боломж бүрдэх юм байна гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.


 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө