Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ХСҮТ-ийн эмч нар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хавдрын өвчлөлийн нөхцөл байдлыг танилцуулав

  admin 2018-03-01 1018

Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан Хавдар судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа. Тус төвийн 50 гаруй эмч долоон цагийн турш үргэлжилсэн элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийсэн бөгөөд энэ нь эрүүл мэндийн салбар бүтэн шат ахисан томоохон үйл явдал болсон гэж тэмдэглэгдэж байгаа юм.

Хагалгааг амжилттай хийсэн эмч нарыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзаад “Амьд донороос элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийсэн та бүхэнд баяр хүргэе” гээд өвчтөнүүдийн биеийн байдлыг асууж, хавдрын өвчлөлийн сүүлийн үеийн тоо баримт, салбарт тулгамдаж байгаа зарим асуудлыг сонирхов.

ХСҮТ-ийн ерөнхий захирал, профессор Ж.Чинбүрэн “Ноён Ерөнхийлөгч бидний хүсэлтийг хүлээн авч уулзаж байгаад баярлалаа. Энэ бол Хавдар судлалын үндэсний төвийн эмч, ажиллагсад бидэнд нэр төрийн хэрэг юм. Элэг шилжүүлэн суулгасан өвчтөн өнөөдөр эмнэлгээс гарч гэртээ харьсан гэдгийг танд дуулгаж байгаадаа баяртай байна. Бид энэ хагалгааг Монголдоо хийх юмсан гэж мөрөөдөж явсан. Долоон жилийн хөдөлмөр, хичээл зүтгэлийн хүчинд бид элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийсэн. Мөн “Элэг нэгт монголчууд” сан байгаагүй бол бид энэ хагалгааг хийж чадахгүй байсан гэдгийг хэлмээр байна. Таны хэлсэнчлэн энэ хагалгааг байнга хийдэг болохын тулд бидэнд санхүүгийн хөшүүрэг, тогтолцоо хэрэгтэй байгаа. Бид энэ сарын 17, 18-ны өдөр элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийхээр товлосон. Энэ жилд долоон хагалгаа хийхээр төлөвлөсөн” гэлээ.

Одоогийн байдлаар манай улсад хорт хавдартай 18 мянга гаруй хүн байгаагаас 6073 нь 2017 онд оношлогдож, тухайн ондоо хавдраар 4003 хүн нас барсан байна. Тиймээс ХСҮТ зөвхөн мэс засал хийх бус улсын хэмжээнд эрт оношлох, хавдрын өвчлөлийг бууруулах шаардлагатай гэж үзэж байгаа юм байна.

Мөн УИХ, Засгийн газар эрт оношлох, урьдчилан сэргийлэх ажил хийж байгаа ч ХСҮТ ачааллаа дийлэхгүйд хүрч, хэвтэн эмчлүүлэгчийн дундаж ор хоног тав хоног болжээ. Энэ нь хавдраар өвдсөн хүний хагалгаа, эмчилгээнд хангалтгүй тоо юм байна. Мөн ХСҮТ-ийг анх барихдаа 1982 оны төлөвлөлтөөр хийж байсан тул одоогийн хүн амд хүрэлцэхгүй байгаа гэж ХСҮТ-ийн эмч нар тайлагналаа. Тиймээс ХСҮТ-ийн байрыг өргөтгөх шаардлагатай байгаа юм байна.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмч нарын саналыг хүлээн авч, ХСҮТ-ийн барилгыг өргөжүүлэх асуудлаар холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, шаргуу ажиллахаа илэрхийлэв.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө