Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Куба улсад хорт хавдрын эсрэг 13 төрлийн вакциныг хөгжүүлж, 2050 он гэхэд хорт хавдаргүй улс болно

  admin 2018-01-18 799

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Р.Делгадо Консепсионыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Элчин сайд Р.Делгадо Консепсион эрүүл мэндийн салбар нь хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хамгийн тохиромжтой салбарын нэг болохыг онцлон тэмдэглээд, эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, санал санаачилга, хийгдсэн ажлуудыг танилцуулав.

Тэрээр Кубын Генетикийн инженер, биотехнологийн төвд үйлдвэрлэсэн чихрийн шижин, вируст гепатит, хорт хавдрыг эмчлэх эмч бэлдмэлүүдийг нийлүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой болохыг хэлээд энэ ажлын хүрээнд тус төвийн Ерөнхий захирал Эулогио Пиментел тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 3 дугаар сард Монгол Улсад ирж ажиллаж, Монголын эмч мэргэжилтнүүдэд чихрийн шижин өвчний үеийн хөл шархлалтын эмчилгээний чиглэлээр хамтарсан сургалт, семинар зохион байгуулж, хамтын ажиллагааны баримт бичгүүд байгуулагдсан болохыг дурьдлаа.

Куба улсын хувьд 1992 оноос элэгний В вирусын эсрэг вакциныг нэвтрүүлснээр уг вирусын халдварыг устгаж чадсан улсын нэг болсон бөгөөд элэгний В вирусын халдварын вакцин нь мөн элэгний Д вирусыг устгах чадвартай болох нь тогтоогдсоныг мэдэгдэв. Мөн Куба улсад одоогоор хорт хавдрын эсрэг 13 төрлийн вакциныг хөгжүүлж байгаа ба хүн амыг вакцинжууулах замаар 2050 он гэхэд хорт хавдаргүй улс болох зорилт тавин ажиллаж байгааг хэллээ.

Мөн Монгол Улсад чихрийн шижингийн болон вируст гепатитын урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээ, хяналтыг цогц хэлбэрээр хэрэгжүүлбэл зүйтэй гэж үзэж байгаагаа онцлов.

Сайд Д.Сарангэрэл Монгол Улсын эрүүл мэндийн салбарт Куба улсын эрүүл мэндийн салбарын хөгжил манай улсын ард иргэдэд ихээхэн танигдсан бөгөөд ялангуяа тус улсад шүдний чиглэлээр суралцаж төгссөн эмч, мэргэжилтнүүд  салбартаа манлайлан ажиллаж байгаа болохыг тэмдэглэн хэлэв. 

  Уулзалтын явцад талууд дээрх болон бусад асуудлуудаар дэлгэрэнгүй харилцан ярилцаж, Сайд Д.Сарангэрэл хамтын ажиллагааны дээрхи саналуудыг талархалтай хүлээн авч байгаагийн зэрэгцээ хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, шинэ шатанд гаргаж, анхааран ажиллахаа илэрхийлээд, эдгээрийг бодит ажил хэрэг болгоход ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөө гарган ажиллах нь зүйтэй болохыг мэдэгдсэнээр уулзалт өндөрлөв.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө