Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Секс бүх зүйлийг зөвтгөж зарим тохиолдолд засаж залруулж чадахгүй.

  Б.Уянга 2017-01-16 10694

Залуу гэр бүлүүд, удаан амьдарсан хосуудын дунд ч нийгмийн харилцаа, ажлын таагүй орчин элдэв асуудлаас үүдэн асуудал үүсэх нь элбэг. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалд сөргөөр нөлөөлдөг зүйлсийн талаар Сэтгэц судлалын их эмч Батнасангийн Мөнхнасантай багахан яриа өрнүүллээ.

-Сүүлийн үед өсвөр насныхан залуу үеийнхний дунд бэлгийн замбараагүй харилцаа их байна. Үүнээс гарах үр дагаварыг төдий л мэдэхгүй байх шиг ?

-Сайн байцгаана уу? Юуны өмнө энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Бие эрхтэний хувьд өсвөр насыг 5 бүлэгт хуваадаг түүний 4 дүгээр үе болох Өсвөрийн ахлах үе /16-17 нас / 5 дугаар үе болох өсвөрийн дараах үеүүдэд /18-19 нас / энэ асуудал ихээхэн хамаарна. Бэлгийн замбараагүй харилцаа гэдгийг бэлгийн замын өсвөрийн өвчлөл их байгаагаас харахад аль эсвэл энэхүү насны жирэмслэлт их байгааг хараад иргэд болоод зарим эмч нар дүгнэж байгаа байх. Сэтгэц судлалын өнцгөөс энэхүү зүйлийг харахад яах аргагүй гэр бүлийн хүмүүжилтэй холбогддог юм. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэдэгтэй адил. Бидний буруу,зөв дадал бүхэн өнгөрсөнтэй холбоотой байдаг. Ирээдүйд гаргах амжилт тань хүртэл яг одоо юу хийж байгаатай холбогддог юм л даа. Энэ асуудлыг эмч,эмнэлгийн мэргэжилтэн гэлтгүй эцэг эхчүүд гэсэн бүлэгт ихэнх зүйлийг хамааруулах ёстой юм. Хүүхэд тань юу хүсдэг вэ? Хүүхэд тань хүнийг хайрлаж чадах уу ? хайр гэж тодорхойлолтонд хүүхэд тань юу юуг авч үзэж байгаа вэ? гэдгийг сонирхох хэрэгтэй. Өсвөр нас гэдэг бол хүүхэд насны буруу болоод зөв туршлага амьдралд ил гарах нас юм. Эцэг эхчүүд заавал асуудал гарсаны дараа биш. Асуудлаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдлэг сайтай байх ёстой. Мэдээгүйдээ алдчихлаа за одоо тэгээд яах юм бэ гээд уурлаж уцааралдаг эцэг эхчүүдээс үнэхээр хүүхдээ гэсэн сэтгэл гаргахгүй байгаа нь харагддаг. Хурдхан шиг л энэ асуудлаас салахыг урьтал болгож байгаа юм. Би яагаад эцэг эхчүүд гэж онцлоод байгаа нь энэ асуудлаас болж эцэг эхчүүд хамгийн их холбогддог мөн надад ханддаг юм.

-Зөв хүмүүжил гэж тэгвэл яг юуг хэлээд байна вэ? Эцэг эхчүүд дулаан хувцаслаарай, хоолоо сайн идээрэй гэснийгээ хүмүүжлийн нэг хэлбэр гэж ойлгоод байдаг. Таны хэлсэнчлэн илэн далангүй бэлгийн амьдарлын талаар ярилцдаг эцэг эхчүүд тун цөөн байх. Магадгүй хүүхдүүд өөрсдөө ингэж ярилцахыг хүсэхгүй байх шиг.

-Зөв хүмүүжил гэдэг бол тухайн хүүхдийг дэмжихэд л оршдог. Хүмүүжүүлнэ гэхлээр бүх зүйлийг зааж өөр шигээ хэн нэгнийг нийгэмд хүлээлгэн өгөх хэрэг биш юм. Заах арга барил хүртэл орчин үед зөвхөн чиглүүлдэг л болсон. Өмнөх нийгэм шиг сурагчдынхаа ардаас хөөцөлдөөд л нэг юм сургачих гээд л уурлаад гүйж байдаг  ЕБС багш нар одоо бараг байхгүй болсон. Учир нь хүн бүхэн банкны захирал,саятан,мисс болж чадахгүй гэдэгтэй эвлэрсэн хэрэг. Тэгэхлээр тухайн хүүхдийн хамгийн сайн чаддаг зүйлсийг нь зөв тийш чиглүүлж дэмжих нь чухал. Хоолоо идээрэй,дулаан хувцаслаарай гэдэг бол материт төвлөрсөн халамжийн нэг хэлбэр. Субъектив зүйл буюу сэтгэл зүйд төвлөрсөн халамжийг тэр бүр анхаарч авч үздэггүй. Дулаан хувцаслаарай гээд аядуухан дуугаар хэлээд ээж нь хүүдээ хайртай шүү гээд зөөлөн тэвэрсэн мэдрэмж. Хөөе хувцас хунараа өмсөөд гараачээ чи хөлдөж үхээд ханиад нусгай хүрээд... гэж хэлэх хоёрын ялгаа тухайн хүүхдэд үнэхээр эсрэг 2 мэдрэмжийг өгнө. Сайн санаж хатуу үгээр хүүхэддээ хэлж буй үгнүүд чин зөв боловчиг мэдрэмжийн хувьд дарамт,шахалт,стресс болж мэдрэгддэг. Эцэг эхчүүд өөрсдөө энэ талаар ярилцаж хүүхдээ дотоод сэтгэлээ бүрэн дүүрэн илэрхийлэх боломж анхнаасаа олгож байгаагүй нөхцөлд хүүхэд тэр бүр нээгдээд байдаггүй.

-Монголчуудын дунд сэтгэлзүйн өөрчлөлт их байна гэж ярих боллоо. Үүнтэй хэр санал нийлэх вэ. Үнэхээр гурван хүн тутмын нэг нь сэтгэцийн өөрчлөлтөд ороод байна уу?

-Сэтгэцийн тулгамдсан асуудалтай гэсэн үг л дээ. Сэтгэц гэхлээр ард иргэд маш буруу ойлгодог. Шууд өвчин гэж ойлгодог. Сэтгэц гэдэг бол оюун ухаан гэсэн үгийн шинжлэх ухаанч нэршил юм. Оюун ухааны тулгамдсан асуудалтай гэхлээр арай ойлгомжтой болж ирэх байх. Монгол хүмүүс тэр дундаа суурьшмал амьдралд нүүдэлчин ард бид дасах гэж л явж байна.Хэн нэгэнтэй муудалцсан бол хоёр тийшээ хараад суух нь энэ нийгэмд зохимжгүй бөгөөд энэ нь эргээд таньд стресс болно харин эелдэгээр илүү гүнзгий биш өөр түвшний харилцааруу шилжих нь зүйтэй. Таны аз жаргалтай байх хэмжүүр тань таны эргэн тойронд байгаа бүхэн хэр сайн сайхан байна гэдгээс хамаарна. Нийгмийн сэтгэлзүйн үүднээс харахад нийгмийн бухимдал их байна. Жинхэнэ бухимдуулж буй шалтгааныхаа үндсийг бид анзаарахгүй байна.

-Магадгүй яг энэ стресс бухимдал гэр бүлийн харилцаанд нөлөөлдөг байх. Ойр дотны хүндээ уураа гаргах ч юмуу элдвээр хэлж байгаа харагддаг. Тэгээд орой орондоо орохоор эвлэрдэг ч юмуу. Ер нь ингэж асуудлыг шийдэх хэр зохимжтой арга вэ?

-Тийм энэхүү бухимдал хэвлийд хүн болох гэж бүрэлдэн тогтож буй ургийн сэтгэлзүйд ч нөлөөлж байгаа. Надад нэг хүн үзүүлж байсан юм. Би эхнэрээ хархаар л яагаад юм уур хүрээд хэрүүл хиймээр санагдаад,гар хүрмээр ч юм шиг бодогдоод байх юмаа гэж.Энэ залуу ер нь энэ санагдаад,бодогдоод байгаа зүйлсээ ч хийдэг л залуу байсан юм. Энэ жишээ нь дээр тайлбарлавал тэрхүү залуу болоод эхнэр хоёрын дунд шууд биш ч гэсэн хэн хэнийгээ үгүйсгэх,үл хүндлэх ямарваа нэгэн зөрчил байна гэж ойлгож болно. Тэрхүү зөрчлөө тэр залуу өөрөө ч мэдэлгүй бухимдаад байгаа хэрэг. Ухамсарлагдаагүй зөрчил гэж нэрлэж болох юм. Энэ ухамсарлагдаагүй зүйлүүд хүний далд ухамсарт системчлэгдэн хадгалагддаг. Тэгээд л үе үе тэсэрдэг хэрэг. Орондоо ороод эвлэрдэг гэж. Секс бүх зүйлийг зөвтгөж зарим тохиолдолд засаж залруулж чадахгүй. Намжааж болох юм. Секс гэдэг бол зөвхөн бие махбодийн жаргал гэж ад үздэг байсан буруу үзэл бодлоосоо бид өдөр өдрөөр л салж байна. Энэ зүйл хосуудад сэтгэлзүйн ч маш олон зүйлийг өгдөг. Жишээ нь эрэгтэй хүнд : Өөртөө итгэлтэй байх,өөрийгөө бусдад илэрхийлэх,хүлээцтэй байж сурах гэх мэт олон зөв дадалд эрүүл зөв сексийн харилцаа нь ихээхэн дэм болж өгдөг.

-Хүнд идэх, хувцаслах, унтаж амрах гээд үндсэн хэрэгцээнүүдээс гадна хайрлагдах хэрэгцээ гэж байна. Эмэгтэй хүн тэврүүлж, үнсүүлж байгаагаа хайрлагдаж байна гэж ойлгож байгаа бол хатуу хөтүү гэгддэг эрчүүдэд энэ яаж илэрч хүлээж байдаг бол?

-Хүн гэдэг ухагдахуунуураа эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн мэдрэхүйн хэрэгцээ ерөнхийдөө ижил. Эрэгтэй хүмүүс ч мөн адил таны дурьдсан зүйлүүдэд дуртай. Чухамхүү энэхүү мэдрэмжүүдээ илэрхийлэх нь дутмаг байх нь олонтаа. Харин сэтгэлүйн хэрэгцээ зарим талаараа ялгаатай байдаг. Жишээ нь эрэгтэй болоод эмэгтэй хүмүүсийн хүүхэддээ хандаж буй харилцааны онцлогоос харж болно

-Залуу гэр бүлүүдэд хандаж зөвлөгөө өгөөч. Хэдэн жилийн өмнө гал халуун байсан харилцаа удаад ирэхээр үгүй болчихлоо гэж ярьдаг. Нэг ёсондоо санаа амрах гэх юмуу. Аварч хадгалж үлдэнэ гэхээс илүүтэй хосууд хэрүүл тэмцэл хийгээд өндөрлөж байгаа нь ажиглагдах юм?

-Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй агуу хайр дурлал гэж юуг хэлэх вэ гэж. Хүний хүсэл сонирхол байнга нэг зүйлдээ дуртай байдаггүй . Шуудхан хэлэхэд амархан залхдаг гэсэн үг. Харин тэрхүү анх эхэлсэн оргилуун мэдрэмжээ хэрхэн тэр хэвээр нь авч явах вэ гэдэг нь хосуудын аль аль талаас их ухаан,тэсвэр тэвчээр шаардана. Хэн нэгнээ тийм байх ёстой гэж бодох нь харилцаа хэцүүхэн болсны шинж. Шаардлага тавина гэдэг бол таалагдахгүй зүйл олширсон тухайн хүнээ ойлгохоо больж эхлэж буйг мөн батлах шинж тэмдэг. Хүн бүр л өөр өөр орчинд өссөн гэдгээ санахад илүүдэхгүй.Хосууд надаас сэтгэл зүйн зөвлөгөө авахдаа ихэнх нь ялангуяа эмэгтэйчүүд:  Эмчээ жинхэнэ хайр мөн л бол тэр хүн өөр хүн болдог биздээ? тэр хүн надад зориулж өөрчлөгдөхгүй байна шүү дээ гэх мэт асуултуудыг их асуудаг. Эрэгтэй бай эмэгтэй ч бай анхны бие хүний төлөвшил ухамсарын гүний түвшин болох далд ухамсарын түвшинд өөрчлөгддөггүй. Ухамсарын түвшинд хүсч байгаа боловч эцэстээ өөрөө өөрөөсөө урваад байгаа мэт санагдаад ирэхээр сэтгэл дотроо зөрчилдөж эхэлдэг. Энэ нь эргээд өөртөө гутрах үйл явц болж өөрөө ч мэдэлгүй ууртай уцаартай болж эхлэдэг. Бие биенээ хэн байгаагаар нь хайрлах нь чухал юм. 100% таардаг тохирдог хосууд гэж хаана ч байхгүй. Заяаны хань гэдэг ойлголт ч мухар сүсэгийн л холбогдолтой зүйл. Гэр бүл болно гэдэг бол байнгын анхаарал халамж шаарддаг нярай хүүхэдтэй л адилхан. Хосууд үр хүүхдээсээ гадна бие биедээ байнга чин сэтгэлээсээ анхаарал халамж тавьж,хайрлаж,тордож,хамтдаа хөгжиж байх хэрэгтэй.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө