Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

АНУ, БНХАУ худалдааны асуудлаар энэ удаад тохиролцоонд хүрсэнгүй

  М.Даваадулам 2019-02-16 954

Он гарсаар АНУ болон БНХАУ худалдаа, эдийн засгийн асуудлаар сайд нарын түвшинд гурав дахь удаагийн уулзалт хийлээ. Бээжин хотноо болсон уулзалт ямар нэгэн үр дүнд хүрсэнгүй, талууд тохиролцож чадсангүй. Тиймээс дараа долоо хоногт уулзалт хэлэлцээр Вашингтон хотноо үргэлжилнэж гэж мэдэгдлээ. Эцсийн зөвшилцөлд хүрээгүй ч гэлээ, ахиц гарсан, тохиролцоонд хүрэхэд маш ойр байгааг Бээжин болон Вашингтон онцолж байна.

The Wall Street Journal сонины мэдээлснээр, Бээжин болон Вашингтон худалдаа эдийн засгийн гэрээ хэлцэл байгуулахгүй, харин хүсэл эрмэлзлийг тусгасан протокол хэлбэрийн баримт бичиг үзэглэхээр бэлтгэж байгаа гэнэ. Энэ баримт бичиг нь цаашид худалдааны хэлэлцээрийн үндэс суурь болно. Худалдааны гэрээг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар нүүр тулсан уулзалтаараа хэлэлцэнэ гэлээ. Хоёр гүрний лидер ирэх онд уулзаж магадгүй гэх мэдээллийг БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас өгөөд байгаа юм.

Дараа долоо хоногт хоёр улсын сайд нарын түвшний хэлэлцээр яг энэ удаагийн бүтцээрээ Вашингтонд үргэлжилнэ гэж урд хөршийн хэвлэлүүд дамжуулж байна.

Баасан гарагт уулзалт хэлэлцээрийн дараа БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер болон Сангийн сайд Стивен Мнучин нарыг хүлээн авч уулзжээ.

АНУ-ын Сангийн сайд Мнучин энэ долоо хоногийн уулзалт хэлэлцээрийг үр өгөөжтэй байсан талаар Twitter хуудаснаа жиргэжээ.

БНХАУ-ын талаас ирэх долоо хоногт Вашингтонд болох хэлэлцээрт Хятадын албаны төлөөлөгчдийг Төрийн зөвлөлийн Дэд сайд Лю Хэ тэргүүлэн оролцоно.

--

АНУ 2018 оны зун БНХАУ-аас импортлох 50 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнд оногдуулах татвараа 25% болгон нэмсэн. Бээжин ч толин тусгал адил хариу барьсан.

9-р сарын 24-ний өдрөөс АНУ дахин БНХАУ-аас импортлох 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд 10% татвар оногдуулж эхэлсэн. Үүнийгээ 2019 оны эхний өдрөөс 25% болгон нэмэгдүүлэхээ Вашингтон анхааруулсан.

2018 оны 12-р сарын 1-ний өдөр Аргентины нийслэл Буэнос-Айрес хотноо G20 бүлгийн уулзалтын хүрээнд БНХАУ болон АНУ-ын лидерүүд тохиролцоонд хүрч, АНУ БНХАУ-аас импортлох 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд оногдуулж буй 10% татварыг 25% болгон нэмэгдүүлэх шийдвэрээ 90 хоногоор хойшлуулсан. Хэрэв Бээжинтэй тохиролцоонд хүрэхгүй бол эдгээр татварын нэмэгдэл 3-р сарын 1-нээс 2-нд шилжих шөнөөс хэрэгжиж эхэлнэ гэдгийг Вашингтон анхааруулаад байна.

Хятадын тал энэ хугацааг дахин 90 хоногоор сунгах хүсэлт тавьсан талаар энэ долоо хоногт мэдээлэл түгсэн ч, Трамп Ерөнхийлөгч 60 хоногоор сунгах боломжийг судалж байгаа гэж барууны хэвлэлүүд мэдээлж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө