Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ХЕПАТИТИЙН ЭСРЭГ ДЭЛХИЙН ӨДРИЙГ МОНГОЛД АНХ УДАА ТЭМДЭГЛЭНЭ

  TV5 News 2018-07-26 1014

БЭЛТГЭСЭН: Т.БАДАМХАНД

Монгол улсад анх удаа вирус хепатитын эсрэг дэлхийн өдрийг тэмдэглэх гэж байна. Энэ ажлын хүрээнд манай улсад дэлхийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд хүрэлцэн ирлээ. Манай улсыг сонгосон нь жирийн нэг тохиолдол биш. Засгийн газраас хэрэгжүүлсэн элэг бүтэн монгол хөтөлбөр өндөр үр дүн өгсөн учраас манай улс сонгогджээ. Дэлхийн өдрөөр дамжуулан бусад улс оронд вирус хепатитын эсрэг тэмцэж байгаа монгол загварыг дэлхий дахинд сурталчилах зорилго агуулсан байна. Дэлхийн хепатитийн өдрийг жил бүрийн 7-р сарын 28-ны өдөр зохион байгуулдаг. Ингэхдээ элэгний халдвар, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох эмчилье гэсэн уриалга зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг. Манай улсад анх удаагаа энэ өдрийг маргааш буюу 7-р сарын 27-ны өдөр тэмдэглэхээр болж байна. Элэг бүтэн монгол хөтөлбөрийн үр дүн өндөр байж, нийт үзлэг оношлогоонд хамрагдсан иргэдийнхээ 70 гаруй хувийг эмчилгээнд хамруулж чадсан нь ДЭМБ-ын анхаарлыг татсан үр дүнтэй ажил болсон юм. Тийм ч учраас ДЭМБ Монгол улсын элэгний өвчлөлтэй тэмцэж байгаа хөтөлбөрийг дэлхийн нийтэд сурталчилах, таниулахаар болжээ.

Дэлхий дахинд 325 сая хүн вируст хепатитын архаг халдвартай амьдарч байгаа судалгаа байна. Жил бүр 1,3 сая хүн уг өвчнөөр нас бардаг гэсэн судалгааг ДЭМБ-аас гаргажээ. Харин манай улсад нийт хүн амын 10 гаруй хувь нь вирүст хепатитын архаг халдвартайд тооцогддог. Элэг бүтэн Монгол хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр вируст хепатитын халдварын тархалтыг хязгаарлан, 2020 он гэхэд элэгний вирусээс үүдэлтэй өвчлөл нас баралтыг эрс бууруулах зорилт тавин ажиллаж байгааг Д.Сарангэрэл сайд хэллээ.

БГД-ийн иргэн Д.Отгон 2005 онд с вирустэй, элэгний өөрчлөлттэй гэж оношлогдож байсан. Эмчийн зааврын дагуу эмчилгээ хийлгэж, амьдралын хэв маягаа өөрчилж байнгын эм уух болсон. Харвони эм орж ирэхэд эмчийн зааврын дагуу уугаад вирусгүй болсноо мэджээ. Түүнээс өгч байгаа зөвлөмж бол эмээ сайн уух, эмчийн заавар зөвлөмжийг ягштал дагаж байж өвчлөлгүй болох бүрэн боломжтойг хэвлэлийн хурлын үеэр хэлж байлаа.

Маргааш төв талбай дээр хепатитийн эсрэг дэлхийн өдрийг тэмдэглэнэ. Энэ үеэр эрүүл мэндийн даатгал төлдөггүй, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд тэр бүр хамрагдаж чаддаггүй зорилтот бүлгийн 2000 хүнийг элэгний вирусын үнэгүй үзлэгт хамруулах юм байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө