Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

18 настай зоригт тэмцэгч аймшигт тамлалтаас болж цал буурал болжээ

  admin 2018-01-16 12795

Дэлхийн хоёрдугаар дайны хүнд жилүүдэд Зөвлөлтийн олон мянган хүүхэд, эмэгтэйчүүд эх орныхоо төлөө баатарлаг гавъяа байгуулсан түүхүүдийг бид мэднэ. Тэдний нэг бол сурагч охин Зина Портнова юм.

Сургуулийнхаа зуны амралтаар белорусс эмээ рүүгээ явахдаа төрөлх Ленинград хотдоо ахин хэзээ ч ирэхгүй гэдгээ тэрээр мэдсэнгүй. Мөн түүнийг баатарлаг атлаа аймшигт ирээдүй хүлээж буйг ч төсөөлсөнгүй. Тэрээр ЗХУ-ын баатар цолоор нэхэн шагнагдсан билээ.

1941 оны зун 15 настай Зинаг дүү охин Галягийн хамт эцэг эх нь Витебск мужийн Зуи тосгон дахь эмээ рүү нь цэвэр агаарт амраахаар явуулсан байна. Тэд хэрэв тийшээ явалгүй Ленинград хотдоо үлдсэн бол цаашдын хувь заяа нь яах ч байсан юм… Ямартай ч, дайн эхэлснээр тэд Белорусст гацсан аж.

Германчууд Белоруссийн газар нутгийг эрчимтэй эзлэн авч байлаа. Эмээ нь ач охидоо ар тал руу явуулахыг хүссэн боловч ямар ч амжилт олсонгүй. Ингээд тэд эзлэгдсэн газар нутагт үлдсэн байна.

Эзлэгдсэн эхний өдрүүдээс л Зина шинэ дэглэмийг эсэргүүцэгчидтэй холбоо барин нийлэхийг зорьжээ. Гэвч германчуудад “хошуугаа худалдагчид”-тай таарах өндөр эрсдэлтэй байсан аж. Партизануудтай холбоотой өчүүхэн төдий сэжиг төрүүлсэн хүнийг немцүүд хайр найргүй хядаж байв.

1942 онд Зина “Өсвөрийн өшөө авагчид” хэмээх комсомолын гишүүдийн нууц байгууллагад орж чаджээ. Түүний удирдагч нь Фруза хэмээн алдаршсан Ефросинья Зенькова байсан бөгөөд тэрээр Зинагаас хоёрхон насаар ахмад буюу дайн эхлэх үед 17 настай байсан хэдий ч насанд хүрэгчдийн нууц байгууллагууд болон партизануудтай идэвхтэй холбогдож чадсан байна.

Тус байгууллагын гишүүд болох өсвөр насныхан фашистуудыг хангалттай хорлон сүйтгэж байлаа. Тэд ухуулах хуудас наан, дайснуудын эд хөрөнгийг сүйтгэж, тэдний галт тэргүүд, үйлдвэрүүдийг шатаан, тэр ч бүү хэл, цахилгаан станц дэлбэлж байсан аж.

Зина хамгийн идэвхтэй “өшөө авагчдын” нэг байлаа. Тэрээр 1943 онд комсомолын гишүүн болсноор илүү хариуцлагатай бөгөөд эрсдэлтэй үүрэг даалгавруудыг биелүүлэх болжээ.

Зина герман офицеруудыг хооллодог гуанзанд сав угаагчаар орж чадав. Ингээд удалгүй анхны том хорлон сүйтгэх ажиллагааг хийжээ. Тэрээр шөлтэй том сав руу хор хийж амжив. Ингэснээр уг хоолыг идсэн 100 гаруй офицер амь алдсан байна.

Немцүүд сандралд орж, хэрэгтнийг хайж эхлэв. Тэд Зинаг сэжиглэн, хортой шөлнөөс идэхийг шаардахад тэрээр юу ч болоогүй мэт тайвнаар шөлийг ууж орхилоо. Үүнийг харсан германчууд сав угаагч охиныг гэмгүй гэдэгт итгэн явуулжээ. Харин Зина азаар аврагдаж чадсан байна. Тэр арайхийн эмээгийндээ хүрч чадсан бөгөөд ардын уламжлалт хор тайлах ургамлаар түүнийг эмчилсэн аж.

Ингээд тосгонд үлдэх аюултай болсон учраас Зинаг партизанууд руу илгээсэн байна. Ворошиловын нэрэмжит партизаны бүлгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байсан бөгөөд “Өсвөрийн өшөө авагчдын” ихэнх нь баривчлагдах үеэр түүнийг үлдсэн хэдтэй нь холбоо бариулахаар илгээжээ. Гэвч энэхүү даалгаврыг гүйцэтгэх явцдаа урвагчийн золиос болж, гитлерчүүдэд баривчлагдсан байна.

Тэд эхлээд Зинад санал тавьжээ: хэрэв партизанууд руу очих замыг зааж өгөн, бүлгийн гишүүдийн нэрийг хэлж өгвөл түүнийг суллах болно гэж. Гэвч тэдний саналыг хүлээж авахын оронд тохиромжтой мөчийг хүлээж байгаад байцааж байсан офицер эргэх хооронд түүний ширээн дээр байсан гар бууг шүүрч аван түүнийг буудаад, зугтан гарах үедээ ахин хоёр немцийг хөнөөсөн хэдий ч түүний хөлийг автоматаар шүршин шархдуулсан учраас холдож чадсангүй.

Хэрэв амьдаараа олзлогдоход хүрвэл аймшигтай тамлуулахаа мэдэж байсан учраас өөрийгөө буудахыг хүссэн хэдий ч сумгүй болсон байж. Ингээд аймшигт тамлалтад өртсөн байна. Түүнд “фашистын маникюр” гэж нэрлэгддэг хумсан доогуур нь зүү сүлбэж, биен дээр нь төмөр таван хошуу улайсгаж шатаан, чихийг нь огтолж, нүдийг нь сохолсон аж.

1944 оны нэгдүгээр сард түүнийг буудан цаазлахаар гаргаж ирэх үед туулж өнгөрүүлсэн тамлалтаас болж охины үс цал буурал болсон байж. Тэр үед Зина 18 нас хүрэхэд ердөө ганцхан сар дутуу байлаа…

1958 оны долдугаар сарын 1-нд Зинаида Мартыновна Портноваг Зөвлөлт Холбоот Улсын баатар цолоор нэхэн шагнажээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө