Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Мэрайя Кэригийн азгүйтэлд хэн буруутай вэ?

  М.Даваадулам 2017-01-03 10921

Нью Йорк хотын алдарт Times Square талбайд шинэ жилийн үдэш болсон уламжлалт тоглолтын үеэр дуучин Мэрайя Кэригийн үзүүлбэр тасалдсан явдал шар хэвлэлүүдийн анхаарлын төвд байна. Сэтгэл гонсгор үлдсэн шүтэн бишрэгчид нь хэргийн буруутныг хайж байгаа бол, дуучин бүсгүйн төлөөлөгчид, продюсерууд болон тоглолтыг зохион байгуулагчид болсон явдалд харилцан биенээ буруутгаж байна.

Times Square талбайд болсон шинэ жилийн тоглолтыг улс даяар шууд дамжуулан үзүүлсэн. Гэвч тоглолтын үеэр техникийн саатал гарч, дуучин Мэрайя Кэри дууны аяа хангалттай сонсохгүй байна гэж зохион байгуулагчдад удаа дараа гомдоллож, дуугаа дуулахаа зогсоожээ.

Мэрайягийн төлөөлөгч Billboard хэвлэлд өгсөн ярилцлагадаа продюсерууд нь дуучин бүсгүйг санаатайгаар хорлосон гэжээ.

Харин продюсерын Dick Clark Productions компани аливаа уран бүтээлчийг санаатайгаар хорлож, уран бүтээлийг нь тасалдуулсан гэх мэдээлэл гүтгэлэг болохыг мэдэгдлээ.

“Түүнийг санаатай хорлосон”

ABC телевизээр шууд дамжуулан үзүүлсэн шинэ жилийн баярын тоглолт дээр дуучин бүсгүй эхлээд Auld Lang Syne дуугаа дуулжээ. Эхний дуунд ямар нэгэн асуудал гараагүй байна. Харин дуучин бүсгүйн хит уран бүтээлийн нэг Emotions дууг дуулах үеэр техникийн саатал гарчээ.

Дууны аяа хангалттай сонсохгүй байна гэж Мэрайя гомдоллож, дууны дийлэнх хэсгийг дуулахгүй өнгөрөөсөн байна.

Гэсэн хэдий ч тайзны бүжигчид өөрсдийн үүргээ амжилттай биелүүлж, дуугүй зогсох дуучин бүсгүйг ч бүжгэндээ татан оролцуулж байсан нь байдлыг улам хүндрүүлжээ.

“Би ч гэсэн амрахыг хүсч байна. Болохгүй гэж үү? Би энд ямар нэгэн дүр эсгэхээр зогсож байна”

Мэрайя Кэри

Үүгээр асуудал өндөрлөсөнгүй. Дараагийн We Belong Together дууг дуулах үеэр Мэрайя Кэри микрофоноо доош буулгажээ. Гэсэн ч түүний хоолой сонсогдож, фонограмм тоглуулж, амь барьсныг нь илчилсэн байна.

 “Сайн болсонгүй” гэж дуучин бүсгүй төгсгөлд нь хэлжээ.

“Зохион байгуулагчид түүнийг санаатайгаар хорлосон явдалд үнэхээр харамсаж байна”

            Мэрайя Кэригийн хэвлэлийн төлөөлөгч Николь Перна

Хэвлэлийн төлөөлөгчийнх нь хэлснээр тоглолт эхлэхээс өмнө л хяналтын чихэвч нь ажиллахгүй байгаа тухай дуучин зохион байгуулагчдад хэлжээ.

“Түүнийг тайзан дээр гарангуут л техникийн бүх асуудал шийдэгдэнэ гэж тэд ятгасан. Гэвч шийдэгдээгүй. Чихэвч ажиллахгүй байгаа тухай тэдэнд дахин хэлсэн ч, техникийн саатлаа арилгахын оронд шууд дамжуулалтаа эхлүүлсэн”

Мэрайя Кэригийн хэвлэлийн төлөөлөгч Николь Перна

Кэри тайзан дээр гарч, аягүй дуулах шаардлагатай болсон. Харин хажуугийн өсгөгчнөөс сонсогдсон бэк-вокал бол энгийн үзэгдэл. Дуучид заримдаа тоглолтон дээр бэлэн трек ашиглаж дуулдаг гэж төлөөлөгч нь тайлбарлажээ.

“Тэрээр урьдаас ам барьж дуулахаар төлөвлөсөн байсан гэх шүүмжлэл энэ таагүй явдлыг улам хүндрүүлж байна”

Мэрайя Кэригийн хэвлэлийн төлөөлөгч Николь Перна

“Ховор алдаа”                          

Продюсерын Dick Clark Productions компани өөрийнх нь зүг ирж байгаа бүх л сөрөг мэдээллийг няцаалаа.

“Бид хагас зуун жилийн туршид урлагийн тоглолтын шууд дамжуулалт хариуцан ажиллаж байна. Олон жилийн туршлага, уран бүтээлчдийн дундах нэр хүндээрээ үргэлжид бахархдаг.

American Music Awards, Billboard Music Awards, New Year’s Rockin’ Eve болон Academy of Country Music Awards зэрэг нэр хүндтэй наадмын шууд дамжуулалт хариуцан ажилладаг манай компанийн хувьд аливаа уран бүтээлчийг хорлох, санаатайгаар уран бүтээлийг нь тасалдуулахыг завдсан зэрэг мэдээлэл нь гүтгэлэг болно”

            Dick Clark Productions компани

Шууд дамжуулалтын үеэр техникийн саатал, алдаа гарах нь маш ховор үзэгдэл гэдгийг компанийн удирдлагууд тэмдэглэлээ. Урьдчилсан мөрдлөгийн дүнд компани Мэрайя Кэригийн “азгүйтэл”-д холбоогүй нь тогтоогдсон гэдгийг онцолжээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө