Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Үртэй болох хүслэнг хяссан үргүйдэл гэх үнэнд гүйцэгдсэн гэр бүлүүддээ анхаарал хандуулаач

  Д.Отгонсүрэн 2019-05-25 1213

Монголчууд бид үртэй хүн жаргадаг, үндэстэй мод цэцэглэдэг гэж бэлэгшээдэг. Аз жаргал амьдралын үндэс болон цэцэглэж ирдэг үр хүүхдээр л хүний амьдралын утга учир, гэр бүлийн аз жаргалын хэмжээ тодорхойлогддог.  Харамсалтай нь  энэ жаргалыг эдэлж чадахгүй байгаа олон хүн бий.  Мэдээж сайхан зовлон амархан бэрхшээл гэж хаана байх билээ. Гэхдээ амьдралд хүн болж төрсөн үйл хэргээ гүйцээж үр удмаа үлдээж чадахгүй байхын зовлонд шаналж явна гэдэг хэн бүхний хүсэх зүйл бишээ.

Гашуун боловч үнэн зовлон  “үргүйдэл” хэмээх том хар үүл олон гэр бүлийн тоонон дээр нөмөрч хүүхэдтэй болж чадахгүй шаналж яваа хосуудын тоо жил ирэх бүр нэмэгдэж байна.

Үргүйдэл нь зөвхөн Монгол улсад төдийгүй дэлхий нийтийн Нөхөн үржихүйн эрүүл мэндийн өмнө тулгарч байгаа том асуудал мөн.   2010 оны байдлаар  дэлхий даяар 48.5 сая хос, хөгжиж буй орнуудад “ДӨРВӨН хос тутмын НЭГ нь үргүйдэлтэй болох нь тогтоогдсон байна.

Харин манай улсын хувьд үргүйдлийн талаар хийгдсэн судалгааны ажил  тун хомс. Хүн амд суурилсан үргүйдлийн тархалт, шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлсон судалгаа байхгүй энэ талын мэдээлэл дутмаг хэвээр байна. Албан бус мэдээгээр буюу зөвхөн эмнэлэгт хандаж бүртгүүлсэн 2000 гаруй үргүйдэлтэй гэр бүл байна гэж үздэг. Гэхдээ энэ тоо бодит тоо биш. Эмнэлэгт хандаагүй эсвэл өөр улс оронд эмчилгээ хийлгэж байгаа гэр бүлүүд олон бий.

ДЭМБ-ын тархвар судлалын тодорхойлолтоор “Нөхөн үржихүйн насны хосууд жирэмслэлтээс хамгаалах арга хэрэглэхгүй,тогтмол бэлгийн харьцаанд нэг жил байгаа боловч жирэмслэхгүй бол үргүйдэл гэнэ” хэмээн тодорхойлсон. Үргүйдэлд хүргэдэг шалтгаан, эрсдэлт хүчин зүйлс нь эмэгтэй, эрэгтэй хүнд ялгаатай, олон төрөл байдаг. Эмэгтэйчүүдийн үргүйдэлд хүргэдэг гол шалтгаанд бэлэг эрхтний үрэвсэлт өвчин, түүнээс үүдэлтэй умайн гуурсан хоолойн битүүрэл, бага аарцгийн наалдац сорвижилтын өөрчлөлт (35-40%), дотоод шүүрлийн хямрал (4-40%), эмэгтэйчүүдийн бусад өвчин (15-25%) ордог бөгөөд эрэгтэйчүүдийн хувьд ихэвчлэн төрөлхийн болон олдмол шээс бэлгийн замын эмгэг, халдвар, хавдар, дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагаа алдагдах, генийн эмгэг, дархлалын хүчин зүйлс, төмсөгний бэртэл, гэмтэл зэрэг шалтгааны улмаас үүсдэг.

Үргүйдэл хэмээх энэ үзэгдэл нь Монголчуудын өмнө бодитоор тулгаран ирээд байгаа асуудал юм. Учир нь үр хүүхэдтэй болохгүй байх нь зөвхөн нэг гэр бүл хоёр хосын дундах асуудал биш цаашлаад улс орны хүн амын өсөлт, улс үндэстний хэмжээний асуудал мөн.  Аливаа улсын үндэс нь мэдээж ХҮН байх ёстой.

2016 оны байдлаар үргүйдлийн асуудлаар 2000 орчим иргэн бүртгүүлэн үзүүлж, эмчилгээ үйлчилгээ авсан бол үр шилжүүлэн суулгах аргаар үр хүүхэдтэй болох хүсэлтэй иргэд БНСУ, Хятад болон бусад улс орныг зорьж эмчилгээ хийлгэхээр виз хүсдэг. Эдгээр иргэдийн тоо сүүлийн 3 жилийн байдлаар 8000 орчим байгаа юм.

Үр хүүхэдтэй болж чадахгүй шаналж байгаа гэр бүл хосуудын хувьд олон дарамт ирдэг. Үр хүүхэдтэй болохгүй байгаа учир шалтгааныг ойлгодог нэг хэсэг нь байхад бусдын зовлонг амны зугаа болгож ярих, тохуурхах нөгөө нь ч бий.   Үргүйдэл нь стресс, сэтгэл гутрал зэрэг сэтгэлзүйн асуудлаас гадна гэр бүлийн хүчирхийлэл, салалт зэрэг нийгмийн сөрөг асуудал үүсгэх аюултай байдаг. Нөгөө талаас нийгэмд үргүйдлийн талаарх мэдлэг ойлголт дутмаг, олон нийтийн хандлага буруу хэвээр байсаар байна.

Монголд 2011 оны 11 дүгээр сард анхны үр шилжүүлэн суулгах төв байгуулагдаж байсан бол 2017 оны байдлаар  Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, “Си эйл даблью эйч”, “Өөжин  мед”, “Баянгол” зэрэг эмнэлэгт үр шилжүүлэн суулгах эмчилгээ, үйлчилгээг явуулж  байгаа бөгөөд нэг эмнэлэгт жилд 300-500 хос хандаж, оношилгоо, эмчилгээ үйлчилгээ авч байна. Гэвч эдгээр эмнэлгүүдийн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар нэгдсэн судалгаа, түүнийг тооцох аргачлал байхгүй, эмнэлэг тус бүр өөрсдийн дүн бүртгэлийг хийж, эмчилгээний төлбөрөө тогтоон иргэдэд үйлчилж байгаа юм. Харин иргэд эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй шинжилгээ өгч, хөнгөлөлт эдэлдэг ганцхан эмнэлэг байгаа нь Эх нялхасийн эрүүл мэндийн төвийн дэргэдэх үргүйдэл нөхөн үржихүйн төв.

Үргүйдлийн шинжилгээ, оношилгоо эмчилгээний зардал өндөр. Тэр дундаа үр шилжүүлэн суулгах эмчилгээний төлбөр олон улсын жишигт өндөр байдаг. Дэлхийн жишгээ дагаад манай улсад ч өндөр өртөгтэй эмчилгээ юм.  Дунджаар нь авч үзэхэд үр шилжүүлэн суулгах эмчилгээ 6-12 хүртэл сая төгрөг болдог. Гэхдээ энэ үнэ үргүйдэлтэй хосуудын нас, онош, эмчилгээний төрөл хэлбэрээс шалтгаалж нэмэгддэг.

Үр хүүхэдтэй болох эцсийн найдвар болсон “үр шилжүүлэн суулгах” ажилбар өндөр үнэ өртөгтэй байгаа нь хосуудад бас л нэг дарамт болдог нь үнэн.

Монголд үйл ажиллагаа явуулж буй эмнэлгүүдийн тоног төхөөрөмж, оношилгоо шинжилгээний технологи олон улсын стандартад нийцсэн, эмч нарын ур чадвар, дадлага туршлага сайн. Эмчилгээний үр дүн чамлахааргүй. Олон гэр бүлд аз жаргал болсон үр хүүхдийг бэлэглэж байгаа нь орчин үеийн анагаах ухааны гайхамшиг гэхээс өөрөөр юу гэхэв. Тэр дундаа энэ эмчилгээ үйлчилгээг эх орондоо авч чадаж байгаа нь нэг талдаа гадны улс орныг зорьж цаг мөнгө үрэхгүй, илүү зардал гарахгүй, амар тайван бие сэтгэлээ бэлдэж эмчилгээ хийлгэх олон давуу талууд байгаа хэдий ч нөгөө талаас учир дутагдалтай зүйл ажиглагдсаар байгаа юм.

Үргүйдэл хэмээх чимээгүй тахал Монголын гэр бүлүүдэд бодитоор нүүрлэж дотроос нь идэж шаналал зовлон дунд амьдарч, цөхрөлтгүй тэмцэж байгаа хүмүүстээ төрийн бодлого дэмжлэг хэрэгтэй болжээ гэдгийг сануулж байгаа хэрэг юм.

Тиймээс Нэгдүгээрт: Монголд үр шилжүүлэн суулгах чиглэлээр ажиллаж байгаа эмнэлгүүдийг өөрсдийн судалгаа итгэл үнэмшил дээр тулгуурлан сонгон үйлчлүүлж байгаа гэр бүлүүдэд Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтийг эмнэлэг харгалзахгүйгээр үзүүлдэг болох хэрэгтэй.

Мөн үр шилжүүлэн суулгах эмчилгээний зардалд бодитой хөнгөлөлт, дэмжлэгийг үзүүлэх нь үр хүүхэдтэй болохын тулд бүхнээ зориулж яваа хосуудын үүрч байгаа ачаанаас хөнгөлөх хамгийн үр дүнтэй алхам юм.

Хоёрдугаарт: Үргүйдлийн талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх талаар арга хэмжээ авах шаардлагатай. Энэ талаарх сургалт, сурталчилгаа мэдээллийг олон нийтэд түгээж үргүйдлээс урьдчилан сэргийлэх, цаг алдалгүй эмчилгээ оношилгоонд хамрагдах, үргүйдэлтэй гэр бүл хосуудын асуудалд хүндэтгэлтэй, ёс зүйтэй хандах талаар мэдээлэл сурталчилгааг хийдэг байх нь зүйтэй.

Улсын үндэс суурь, амин сүнс болсон эрдэнэт хүмүүсээ олон болгоход мэргэн төрийн бодлого, тусламж дэмжлэг зайлшгүй хэрэгтэй гэдгийг ойлгох цаг болжээ.

Хүүхэд гэдэг үгийг сонсоод сэтгэл нь эмтэрч, нүдэнд нь нулимс хурдаг олон бүсгүйчүүд, олон эрчүүд дотроо гунигтай бидний дунд алхаж яваа. Тэд энгэртээ тэврэх үр хүүхэдтэй болохын тулд шантралгүй тэмцэж дахин дахин эмчилгээний орон дээр хэвтэж, эм тарианд мөнгөө үрж  итгэл найдвараа алдалгүй тэмцэж яваа нь ч бий. Бас хувь заяандаа гомдож үр удмаа үлдээх азгүй тавиландаа бууж өгөн гэр бүлээ бусниулж бор дарсанд толгой мэдүүлэн цөхөрч туйлдсан нь ч бий.

Хэн хүссэнд нь олддоггүй үрийн заяа Монголын минь гэр бүл бүхэнд бүтэн заяаж Монголын үрс маш олон болох болтугай.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө