Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

"Нар зөвийн эх орон" -оо магтан дуулсан найрагч А.Эрдэнэ-Очир бурханы оронд одлоо

  Д.Отгонсүрэн 2018-05-15 1441

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом” яруу найргийн наадмын эзэн, Монголын Зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн тэргүүн, нэрт яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир өчигдөр /2018.05.14/ цаг бусаар тэнгэрийн орноо одож, Монголын утга зохиолд нөхөж барашгүй уй тохиолоо.

А.Эрдэнэ-Очир найрагч  Монголын их утга зохиол, яруу  найрагт түүхийн шинэ хуудсыг нээж “Ерээд оныхон” хэмээн нэрлэгдсэн  нэгэн үеийн яруу найрагчдын төлөөлөгч бөгөөд уран бүтээлээрээ уншигч олондоо танигдсан, хүлээн  зөвшөөрөгдсөн энэ цагийн  шилдэг уран бүтээлч байсан билээ. Тэрбээр: 

…Дэндүү хар нүднээс ямар нулимс гардаг юм бэ
Дэргэдээ чамайг суулгаад уйлуулж үзмээр бодогдоно… хэмээн “задгай” шүлэглэж,

.Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь
Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь
Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас
Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь… хэмээн “уянгалуулсаар” говийн бор хүү их найрагч болж ард түмэндээ үнэлэгджээ.

Тэрээр Монгол үндэсний үнэт өв болох утга зохиол, яруу найраг хэмээх соёлыг хүүхэд багачуудад таниулан сурталчлах, тэднийг яруу найрагт хөтлөн оруулах, ач тусыг нь мэдрүүлэх, даяаршлын эрин зуунд хэл соёлоо авч үлдэх, хойч үеэ сурган хүмүүжүүлэх үйл хэрэгт сэтгэл, зүтгэл, хөдөлмөрөө зориулан ажиллаж байсан утга зохиол, соёлын нэртэй зүтгэлтэн байлаа.

Нэрт яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очирын гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, ах, дүү хамаатан садан, анд найз, журмын нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө