Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“УЛААНБААТАРЫН ӨВЛИЙН НААДАМ 2018” өргөн дэлгэр боллоо

  admin 2018-02-06 901

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн ОНӨҮГ хамтран өнгөрсөн амралтын өдрүүдэд “Улаанбаатарын өвлийн наадам” Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа. Нийслэлийн иргэд, жуулчид Монгол бахархал болсон дээл хувцсаараа гоён өргөнөөр оролцлоо.

Наадамд оролцсон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын хөгжлийн товчооны Гадаад харилцааны газрын дарга Жан Ян Ру сүүлийн жилүүдэд Нийслэлийн Аялал жуулчлалын газартай олон талаар хамтран ажиллаж байгааг онцлоод “Хоёр орны хооронд тусгай галт тэрэг, чартер нислэг үйлдэх болсон нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал түлхэц болж байна. Монгол ард түмэндээ сар шинийн мэнд дэвшүүлье” гэв.

Хоёр хөрш орноос сур харвааны тамирчид хүрэлцэн ирсэн нь тэмцээнийг улам сонирхолтой болгож, Монгол Улсын мастер, дэд мастер цолтнууд олноор төрсөн өрсөлдөөнтэй тэмцээнүүд болж өнгөрөв. ОХУ-ын болон ӨМӨЗО-ны Зүүн Үзэмчин хошуунаас 4, Баруун үзэмчин хошуунаас 4, Зүүн Сонод хошуунаас 2 тамирчин Монгол Улсын мөсөн сур харвааны УАШТ-нд амжилттай оролцож харваач Х.Итгэл Монгол улсын мастер, ОХУ-ын Буриад Улсын харваач О.Б.Цыбикжапов МУ-ын мастер, Б.Ц.Цыремпилов МУ-ын дэд мастер цолыг хүртлээ.

ӨМӨЗО-ны Одон телевизийн сурвалжлах баг тус наадмын талаарх мэдээллийг бэлтгэн БНХАУ төдийгүй Буриад улс даяар цацсан нь Монголын үндэстний ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчилсан өндөр ач холбогдолтой явдал боллоо.

Мөсний Шагайн УАШТ-нд Улаанбаатар хотын 7 дүүрэг, Архангай, Өвөрхангай, Төв, Булган, Орхон, Дархан-Уул, Хэнтий, Хөвсгөл, Дорнод зэрэг 9 аймгийн нийт 200 гаруй харваачид оролцож, Талын харвааны төрөлд тэргүүлсэн Ч.Мандахбаяр МУ-ын Дархан мэргэн цол, Т.Нарангэрэл МУ-ын Мэргэн цолны болзол хангав. Цуваа харвааны төрөлд МУ-ын Дархан мэргэн Л.Жамсранжав тэргүүлж алтан медаль, мөнгөн шагнал тус тус хүртлээ.

Точ рагбигийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд Ангууч Арслангууд клуб тэргүүлж, Хөх Толбот Дайчид клуб дэд байр, Хан-Уул клуб гуравдугаар байрт шалгарав.

Наадмын параданд нийслэлийн төвийн 6 дүүрэг оролцож Монгол Үндэстэн ястны хувцас, гоёл чимэглэлээр олны нүдийг хужирлав. Тэргүүн байрын шагналыг баярын жагсаалын оролцоо, зохион байгуулалт, идэвх, санаачлагаараа онцгойрч Хан-Уул дүүргийн долдугаар хороо, дэд байрыг Сүхбаатар дүүргийн арван нэгдүгээр хороо, гуравдугаар байрыг Чингэлтэй дүүргийн арван гуравдугаар хороо тус тус эзлэв.

Хамгийн сайхан үндэсний хувцастай хосын нэгдүгээр байранд Ш.Тайванбат, Д.Уртнасан, дэд байранд Б.Оюунбилэг, н.Мэргэн нар шалгарсан бол шилдэг хүүхдээр Э.Нямбаяр, хоёрдугаар байранд О.Билгүүн, гуравдугаар байранд Ц.Хажидсүрэн, н.Шүрсайхан нар шалгарлаа. Хоёр дахь өдөр болсон арга хэмжээгээр хамгийн сайхан дээлтэй хосын тэргүүн байрын шагналыг Д.Жамбад, Д.Хандсүрэн нар эзэлсэн бол дэд байрыг Г.Дэлгэрсайхан М.Баянжаргал, шилдэг хүүхдээр М.Хаш-Эрдэнэ, М.Тунамалцэгц, шилдэг оролцогчоор Ц.Ойдов, Д.Алтансувд нар шалгарч ивээн тэтгэгчдийн болон мөнгөн шагналыг гардан авлаа.

Хүрэлцэн ирсэн иргэд шатар, снөүбоард, тэшүүр, цана, параглайдинг, мөсөн хананд авиралт, Лэнд Крузер клуб үзэсгэлэн, парад, үзүүлбэрийг сонирхохоос гадна тэмцээнүүдэд оролцож өвлийн дугуй, нохой чаргаар гулгаж, цаа буга, тэмээ, морь зэрэг амьтадтай зураг даруулан амралтын өдрөө хөгжилдөн өнгөрүүлснээс гадна мастер тогооч нарын 3,5 метрийн диаметртэй том тогоонд бэлтгэсэн цуйвангаар дайлууллаа.

Мөн иргэд гэр бүлийн буухиа тэмцээн болон олс таталтын тэмцээнүүдэд гэр бүл, хамт олноороо идэвхитэй оролцож ивээн тэтгэгчдийн болон мөнгөн шагналын эзэд болсон юм. Арга хэмжээний үеэр ардын урлагийн тоглолт, ёохор хатирах бүжгийг оролцогчдын дунд зохион байгуулав.

Арга хэмжээний ивээн тэтгэгчээр Сансар сүлжээ дэлгүүр, ПиСи молл, Дашваанжил газ ажилласан юм гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө