Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Мао Асада их спортоо орхиж буйдаа харамсахгүй байна гэв

  М.Даваадулам 2017-04-12 2270

Ванкуверын олимпийн мөнгөн медальт, Японы уран гулгагч Мао Асада их спортоо орхиж байгаагаа зарласан. Тэгвэл энэ шийдвэртээ огтхон ч харамсахгүй байгаагаа хэллээ. Гэхдээ энэ зун Осака болон Нагоя хотуудад болох “мөсөн шоу” арга хэмжээнд оролцоно гэдгээ хэлжээ.

Японы нэртэй тамирчин бүсгүй өнөөдөр хэвлэлийн хурал хийлгэснийг Японы бүх л телевиз шууд дамжуулжээ.

Мао Асада, “Ванкувер-2010” олимпийн мөнгөн медальт, Японы уран гулгагч:

“Зодог тайлж, их спортоо орхиж байгаа шийдвэрээ танилцуулсны дараа би маш олон урмын үг, сэтгэгдэл хүлээн авсан. Тиймээс би сэтгэл тайван зодог тайлах гэж байна. Би шинэ зорилгодоо тэмүүлэхдээ нүүр дүүрэн инээмсэглэхийг хүсч байна. Ингэхдээ туулж өнгөрүүлсэн уран гулгагчийн, тамирчны амьдралаа үргэлж баяртайгаар дурсах болно”

Мао Асада ирэх 7-р сард Осака болон Нагоя хотуудад эхлэх “мөсөн шоу” арга хэмжээнд бэлтгэж байгаа гэнэ. Үндэсний баатар хэмээн үнэлэгддэг тамирчин бүсгүй өнөөдөр өглөө 1 цаг гаруйн турш сэтгүүлчидтэй уулзаж, тэдний сонирхсон асуултад хариулжээ.

Хэвлэлийн хуралд 430 гаруй сэтгүүлч оролцжээ. Тэд бүгд хэвлэлийн хурлын төгсгөлд нэгэн зэрэг алга ташиж, үндэсний баатар бүсгүйд хүндэтгэл үзүүлсэн байна.

Японы уран гулгагч Мао Асада 2010 оны өвлийн олимпоос мөнгөн медаль хүртсэн. Харин 2014 онд Сочигийн өвлийн олимпийн наадам богино үзүүлбэр дээр алдаа гаргаж, нийлбэр дүнгээр 6-рт жагссан юм. Тухайн үед карьераа өндөрлөж байгаагаа зарласан ч, жилийн дараа эргээд мөсөн талбайдаа гарсан. Гэвч оролцсон тэмцээн уралдаан бүртээ төдий л амжилт гаргаж чадаагүйгээс ийнхүү зодог тайлахаар шийдсэн болов уу гэж спорт сонирхогчид харж байна.

Мао Асада нь түүнчлэн дэлхийн гурван удаагийн аварга, ДАШТ-ийн дөрвөн ч Гран При тэмцээнд ялалт байгуулсан уран гулгалтын түүхэн дэх хоёр дахь тамирчин. Мөн үндэсний 6 удаагийн аварга юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө