Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

МҮОХ-ны удирдах бүрэлдэхүүнийг сонголоо

  М.Даваадулам 2017-03-25 1558

Монголын Үндэсний Олимпийн Хорооны 7-р чуулган баасан гарагт боллоо. Чуулганаар өнгөрсөн тайлант жилийн хугацаанд ажилласан удирдлагын багийн тайланг сонсож, ирэх 4 жилд тус байгууллагыг удирдах удирдлагын багийг сонгосон. МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр Д.Загдсүрэн улиран сонгогдсон. Харин Дэд ерөнхийлөгчөөр Ц.Дамдин мөн улиран сонгогдсоноос гадна, Монголын Бадминтон сонирхогчдын холбооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Дэд ерөнхийлөгчөөр ажиллахаар болжээ.

7-р чуулганд спорт холбоод, олимпийн зөвлөлүүдээс сонгогдсон нийт 167 төлөөлөгч оролцсон.  

МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд нийт 7 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлснээс танилцуулгын өмнө гурав нь буюу Л.Халтар, Ч.Зоригтбаатар, Я.Батсуурь, танилцуулгын үеэр нэг нь буюу Ч.Бат-Эрдэнэ нар нэрээ татаж, Д.Загдсүрэн, Ц.Бат-Энх, Л.Мөнх-Очир нарын хооронд санал хураалт явагдсан юм.. Улмаар санал хураалтын дүнгээр нийт төлөөлөгчдийн 55,4 хувь буюу 81 хүний саналаар Д.Загдсүрэн МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Санал хураалтанд өрсөлдсөн Л.Мөнх-Очир 51 төлөөлөгчийн, Ц.Бат-Энх 14 төлөөлөгчийн санал тус тус авчээ.


Дэд ерөнхийлөгчийн сонгуульд нийт 5 нэр дэвшигч өрсөлдснөөс хамгийн их санал авсан хоёр төлөөлөгч  МҮОХ-ны дэд Ерөнхийлөгөөр сонгогдох дүрэмтэй байсан. Санал хураалтанд нийт 137 төлөөлөгч оролцсноос Б.Баттүшиг болон Ц.Дамдин нар хамгийн өндөр санал авч дэд Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Монголын Бадминтон сонирхогчдын холбооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг 62 хувийн санал буюу 85 төлөөлөгчийн санал, МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч Ц.Дамдин 50,3 хувийн санал буюу 69 төлөөлөгчийн саналыг тус тус авчээ. Дэд ерөнхийлөгчийн төлөө Монголын Хөнгөн Атлетикийн Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар, Монголын Орчин үеийн таван төрөлтийн холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, Монголын Спортын эмнэлгийн холбооны ерөнхийлөгч Ж.Хатанбаатар нар өрсөлдсөн. 


Харин Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгох сонгуульд нийт 21 нэр дэвшигч 6 суудлын төлөө өрсөлдсөн. МҮОХ-ны дүрмээр гүйцэтгэх зөвлөл нь нийт 11 гишүүнтэй байхаар заасан ч, мөн дүрмийн дагуу МҮОХ-ны Ерөнхийлөгч, МҮОХ-ны Дэд ерөнхийлөгчид болон ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван, Тамирчдын комиссын төлөөлөгч Д.Отгондалай нар шууд гишүүнээр сонгогддог юм.

Санал хураалтанд нийт 139 төлөөлөгч оролцож, хамгийн өндөр санал авсан 6 төлөөлөгчийг гүйцэтгэх зөвлөлийн гишүүдээр сонголоо. Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдээр Монголын спортын менежментийн холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ 71 төлөөлөгчийн саналаар, Монголын Триатлоны холбооны Ерөнхийлөгч, НИТХ-ын дарга Ц.Сандуй 70 төлөөлөгчийн саналаар, Монголын софт теннисний холбооны Ерөнхийлөгч, Хасу Мегаватт ХХК-ийн захирал Ж.Түмэн-Аюуш 67 төлөөлөгчийн саналаар, Монголын ширээний теннисний холбооны гадаад харилцааны албаны дарга, Talk Talk English сургалтын төвийн захирал Ч.Амарсанаа 66 төлөөлөгчийн саналаар, Монголын Байт харвааны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Амаржаргал 53 төлөөлөгчийн саналаар, Монголын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч, Монгол улсын ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар 52 төлөөлөгчийн саналаар тус тус сонгогдлоо.


МҮОХ-ны 7-р чуулганаар Хянан шалгах зөвлөлийн гишүүдийг мөн сонгожээ. МҮОХ-ны дүрмийн дагуу хамгийн анхны гүйцэтгэх зөвлөлийн хурлаар МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнгийн санал болгосны дагуу МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар Монгол улсын хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Э.Бадар-Ууганыг томилжээ. 

Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпийн хороо

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө