Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“Формула-1” авто уралдааны шинэ улирлын өмнө хэн юу гэв?

  М.Даваадулам 2017-03-24 556

“Формула-1”-ийн шинэ улирлын эхний уралдаан өнөөдөр Австралид эхэлж байна. Өнөөдөр болон бямба гарагт урьдчилсан гараа явагдаж, ням гарагт ялагч тодорно. “Формула-1” авто уралдааны шилдгүүд өчигдөр хэвлэлийн хурал хийлгэсэн байна. Хэмилтон, Алонсо, Феттель болон Риккардо нар шинэ улирлыг хэрхэн харж байгаа талаар сэтгэгдлээ хуваалцжээ.

“Мерседес” багийн тамирчин Люис Хэмилтон сэтгүүлчидтэй илэн далангуй байлаа. Тэрээр нэг ч удаа селфи хийж үзээгүй гэдгээ ч илчилжээ. Мөн “Феррари” багийнхныг өнгөлөх болов уу гэсэн таамаг дэвшүүлсэн байна.

“Энэ улиралд бидний хүлгийн хурд хүч нэмэгдэнэ. Мэдээж тамирчин болгон л хурдан машин хүлэглэхийг хүснэ шүү дээ. Харин энэ хурдыг хэрхэн зөв ашиглаж сурах нь гол асуудал болж байна. Миний хувьд “Феррари” амжилттай уралдах болов уу. Шинэ улирал бидний хувьд тийм ч амаргүй даваа байх нь ойлгомжтой. Учир нь “Формула-1”-ийн түүхэнд гурван улирал дараалан түрүүлж, дараа нь энэ манлайллаа хадгалсан баг үгүй болов уу. Гэхдээ бид хичээх болно. Шинэ улирал болгон шинэ сорилт байдаг”

Люис Хэмилтон, “Мерседес” баг

Харин “Феррари” багийн нисгэгч Себастьян Феттель өнгөрсөн улирлын үеэр хийж байсантай адил олны анхаарал татах зүйл хэлсэнгүй. “Мерседес” багийг ялалт байгуулах болов уу гээд, даруухан мэдэгдэл хийлээ.

 

“Манай баг өнгөрсөн өвөл сайн байсан. Одоо харин бусадтай харьцуулахад бид хаана байгаагаа тодорхойлмоор байна. Бид шинэ машинтай болсон тул одоогоор ямар нэгэн таамаг дэвшүүлэхэд хүндрэлтэй. Бүх л тамирчид хурд нэмэгдсэнийг онцолж байна. Би догдолж байна гэж хэлэхгүй, гэхдээ шинэ улирлын анхны уралдаан эхлэхийг тэсэн ядан хүлээж байна. Машинуудын хувьд шинэ эрин үе эхэлсэн учир, уралдаан хэрхэн өрнөхийг тааварлахын аргагүй байна”

Себастьян Феттель, “Феррари” баг

“Оддын дөрвөл” дунд “Макларен” багийн Фернандо Алонсо тийм ч сэтгэл хангалуун бус байлаа. Учир нь Барселонд болсон туршилтын уралдааны үеэр “Хонда”-гийн хүчний хөдөлгүүр нь саатаж, ажиллагаанаас гарсан доголдол илэрсэн. Мэдээж Фернандо шиг туршлагатай нисгэгчийн хувьд энэ нь болгоомжлол тээж байгаа юм.

“Шинэ машинууд эхний гараанд магадгүй гэнэтийн асуудал дагуулж болзошгүй. Харин улирлын өмнөх олон удаагийн туршилтын дараа би бүр ч их түгшиж байна. Бидний хувьд бусад шилдэг багуудад өрсөлдөгч байж чадахгүй гэж би эмээж байна. Сүүлийн хоёр долоо хоногт Австралийн гараанд бэлтгэж, уралдаанаас өмнө асуудлыг шийдвэрлэх гэж шаргуу ажилласан. Гэхдээ хоёр долоо хоногийн хугацаанд ид шид үйлдэх боломжгүй байлаа. Тиймээс хүндхэн өдрүүд болох болов уу гэж харж байна”

Фернандо Алонсо, “Макларен” баг

“Рэд Булл” багийн Даниэль Риккардо ч хурдны гайхамшгийг мэдрэхийг тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийллээ. Мөн өөрийн баг нь шинэ төмөр хүлгийнхээ хурд хүчийг харуулна гэж итгэж байгаагаа хэллээ. Австралийн уугуул тэрээр “Формула-1” уралдаанд Австралийн дахин нэг гараа нэмүүлэхийг хүсч байна уу?” гэсэн асуултад ч илэн далангуй хариулсан юм.

“Манайд үнэхээр олон сайн зам бий. Гэхдээ тийм хүсэлт гаргавал намайг амин хувиа хичээсэн гэж бодох байх аа.  Батерестыг нэрлэж болно. Тэндэхийн зам үнэхээр сайн. 1993 онд хөвгүүн байхдаа би тэнд бэлтгэл хийдэг байсан. Улирлын уралдаанд дахин нэг Австралийн гараа нэмбэл би л лав цааргалахгүй, дуртайяа хүлээж авах болно”

Даниэль Риккардо, “Рэд Булл” баг

Хэвлэлийн хурлын төгсгөлд тамирчдаас “Формула-1”-ийн эздэд тавих хүсэлт байгаа эсэхийг тодруулжээ. Герман, Лас-Вегас, Майамигийн гараа нэмэхийг, мөн эмэгтэй тамирчдыг дэмжихийг хүссэн байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө